“МИАТ”-ийн мэдэн будилах нь хэтэрлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

“МИАТ”-ийн мэдэн будилах нь хэтэрлээ

“МИАТ”-ийн мэдэн будилах, мэлзэх ажиллагаа хэрээс хэтэрлээ

“МИАТ”-ийн талаар мэдээлэл гарах бүрт мэдэгдэл хүлээж авсаар залхаж байна. Хариуцлагагүй үйлдлийг нь илрүүлсэн тохиолдол бүрт ийм хариу барьдагаа болих хэрэгтэй. Хамгийн сүүлд л гэхэд тус компаниас нэг тэрбум төгрөг дутсан тухай мэдээлэл гарсан. Үүний дараа ТӨХ-ны даргаас тодруулахад “Үүнийг эргэж нягталъя” гэсэн юм. Нягталсных нь хариуг өчигдрийн хэвлэлүүдэд гарсан мэдэгдлээс олж харлаа. Ер нь төрийн өмчийн томоохон объектод алба хашиж байгаа тэд яахаараа андуурдаг юм бэ. Монголд санхүүгийн бүртгэлийн ажилтан мундсан биш. Тэр тусмаа орлогын бүртгэлд нягтлан бодох бүртгэлийн бичилтийн алдаан дээр валютын нэгж андуурах эрх тэдэнд байхгүй. Байгаагаар нь мэдээлсэн сонины буруу юу, алдаатай ажилласан тус компанийн ажилтнууд ажлын хариуцлага алдсаных уу.

Тэгээд бас “Нэг тэрбум төгрөг дутсан бодит хохирол гараагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ. Заавал дутах ёстой юм уу. Мэдэгдэл гаргахдаа л хариуцлагатайгаараа гайхуулахаасаа урьтаад татвар төлөгчдийн мөнгөөр цалинждагаа бодоод уучлал гуйх ёстой юм биш үү.

Тус компани энэ сарын 12-ны өдөр өөрийн сайтад “МИАТ” ХК-ийн Санхүүгийн хэлтэст орлогын нягтлан бодогч сонгон шалгаруулж ажилд авна гэсэн зар байршуулсныг бодоход арга хэмжээ авсан байж болох юм. Гэхдээ ийм алдаа огт гараагүй мэт буруугаа хэвлэл рүү чихэж байгаа нь эргэлзээтэй. Ингээд нэг тэрбум төгрөгийн асуудал “цайрлаа” гэж бодъё.

Энэ мэтчилэн мэдээлэл гаргахаар мэдэгдлээр эсэргүүцдэг, удирдлагуудад нь хариуцлага тооцохоор ажил хаялтаар бойкот хийдэг аргыг  одоо болтол халж чадаагүй байгаа нь харамсалтай.

Өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр “МИАТ” компаний хэсэг ажилтан “онгоц барьцаалсан” дуулианаар  тус компанийн удирдлагуудын   ажлын хариуц­лага­тай холбоотой, дотроос нь гарсан шүүмж­лэлүүд анхаарал татсан. Шүүмжлэлийн тэсрэлт болсон тэр үеэр л Бээжингийн чиглэлд нисч явсан онгоцны агаарын битүүмжлэл алдагдсанаас болж Токиод хатуу буулт хийгээд онгоцны гол нь гулзайсан, “Аэробус-310” онгоцонд өөрсдөө засвар хийж байгаад данкрат нь мултарч эвдэрсэн тухай олон нийт мэдсэн билээ. Үүнээс болж зөвхөн уг онгоцны засварыг яаж хийх талаар бодлогын чанартай бичиг баримт боловсруулахад 500 гаруй мянган ам.долларын зардал гарсан. Засвар хийхэд үүнээс ч илүү зардал гарна гэцгээж байв.  Улсад ийм хэмжээний хохирол учруулсныхаа төлөө “МИАТ”-ийн удирдлага хариуцлага хүлээж, хохирлыг барагдуулах ёстой. Харин одоогоор бүхнийг мартсан мэт нам гүм байна. Тухайн үед ТӨХ-ны дарга “Монголын хамгийн өндөр цалинтай хүмүүс хамгийн хариуцлагагүй ажиллаж байгаа”-г олон нийтэд шууд хэлсэн.

Хариуцлага тооцох эхний алхам нь “МИАТ” компанийн ТУЗ хуралдаад Техникийн газрын техник хариуцсан  ерөн­хий инженер Ё.Энхтөр тэр­гүүтнийг халсан явдал. Гэтэл таван сая төгрөгийн цалингаасаа салсандаа уурссан Ё.Энхтөр 120 хүнийг зохион байгуулж бослого гарган Сөүлийн чиглэлийн нислэгийг саатуулж байв. Улмаар “МИАТ”-ийн гүйцэтгэх захирал  Р.Бат-Эрдэнэтэй хариуцлага тооцож Ц.Орхоныг оронд нь томилсон. “МИАТ”-ийг шинэчлээд өгье хэмээн ханцуй шамлан орж ирсэн тэрбээр өнөөг хүртэл дорвитой өөрчлөлт хийсэнгүй. Зөвхөн “МИАТ-аа хамтдаа шинэчлэе” уралдаан зарласнаар шинэчлэгдэхгүй шүү дээ.

Тухайлбал, нийт зардлынхаа 32 хувийг зөвхөн түлшинд зарцуулдаг “МИАТ” компани шатахууны үнийг, улмаар агаарын тээврийн билетийн үнийг бууруулахад анхаарахгүй байгаагийн цаад шалтгаан нь юу юм бол? Өнгөрсөн долдугаар сард ТӨХ-ны дарга Д.Сугар, ЗТБХБ-ын дэд сайд Т.Пүрэвдорж, “А-Жет” группийн төлөөллийг уулзалтад урихад “А-Жет”-ийнхэн ирээгүй, “МИАТ” компаниас ч төлөөлөл оролцоогүй. Тэрхүү уулзалтын үеэр “МИАТ” ХК-ийн мэдлийн 2000 метр.куб багтаамжтай түлшний савыг засахад зориулж 500 сая төгрөгийг ТӨХ-ноос шийдвэрлэж өгөхөөр болсон. Эцсийн дүнд агаарын тээврийн билетийн үнийг хямдруулах гэсэндээ л тэр. Харин өнөөдөр зорчигчид энэ талаар сэтгэл дундуур хэвээрээ байна.

Үнэндээ “МИАТ” компани 1198 ам.доллараар онгоцны түлш авдгийг гадны авиа компанийхан гайхдаг. УИХ-ын гишүүн З.Алтай хүртэл “Хэн ийм өндөр үнээр нийлүүлж байна аа, олж сурвалжлаач” хэмээн дуу алдаж, үзэг нэгтнүүдээ уриалж байсан билээ. Гэтэл тэр нь “А-Жет” компани байсан. Өнгөрсөн долдугаар сард албан ёсоор нээлтээ хийгээд ОХУ-ын Тээврийн сайдаар тууз хайчлуулах үйл явдал болоход хамгийн гол хүн нь “Сод Монгол” компанийн захирал Ц.Анандбазар байв. Саяхан Ардын намын Бага хурлын гишүүн болсон тэрбээр улс төр, бизнесийн салбарт ахиж дэвшиж яваа нэгэн. Ийнхүү үеийн үед одоогийн Ардын намаар удирдлагаа заалгаж, сонгуульд зардлыг нь дааж улс төрийн том хүчинтэй хүйн холбоотой ажилласаар ирсэн “МИАТ” ХК шинэ цаг үед, өөр менежментээр ажиллах байх гэтэл нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй. Төрийн өмчит жирийн нэгэн компани биш, дэлхий дахинд Монголын нэрийн хуудас болсон, эмзэг салбар нуруун дээр нь байгаа гэдгээ санаж алдаа багатай ажиллахыг л захихаас өөр яалтай. Намаа гэсэн толгойтой удирдлага нь иргэнээ гэсэн сэтгэл гарган ажиллахыг агаарын тээврээр зорчигч мянга мянган үйлчлүүлэгч нь хүсэн хүлээж байгаа биз ээ.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж