Хунтайж Уильямын хуримын зардал тоогоо алджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Хунтайж Уильямын хуримын зардал тоогоо алджээ

Уэйлсийн хунтайж Уильям, түүний сүйт бүсгүй Кейт Миддлтон нарын хуримын зардал 50 сая фунт стирлингд хүрэх тооцоо гарчээ. Ирээдүйн хаан, хатан хоёрын хуримын зардлыг Английн одоогийн  хатан хаан Элизавет, хунтайж Чарльз нар хувааж гаргахаа амласан гэнэ.

1981 онд болсон Чарльз хунтайж, Диана гүнж нарын хуримын зардал 30 сая  фунт стирлингд хүрч байжээ. Уг цуутай хуримыг үзэхээр Лондонд 600 мянган хүн цугласан бөгөөд эмх замбараагүй байдал гаргуулахгүйн тулд хэдэн мянган цагдаа нар болон бие хамгаалагчид хамгаалалтанд гарч байсан юм.

Одоогоос 30-аад жилийн тэртээ болсон уг тансаг хуримын рекордуудаас дурьдахад Диана гүнж  10 мянган ширхэг сувд гараар оёж шигтгэсэн хуримын даашинз  өмсч, 27 ширхэг хуримын бялуу захиалж байжээ.

Ажиглагчдын үзэж буйгаар хунтайж Уильямын хуримын зардал тоогоо алдсан бөгөөд зөвхөн аюулгүй байдал болон хамгаалалтанд л гэхэд 80 сая фунт зарцуулах тоо байгаа аж. 

Харин  хунтайж Уильям, гүнж Миддлтон хуримын толгой эргэм зардлыг сонсоод  аль хэдийн балмагдаад эхэлсэн гэнэ.

Лондон хотын мэр Борис Жонсон эдийн засгийн хямралтай ороо бусгаа энэ үед хатан хааныхаа  ач хүүд  City Hall-ыг хямдралтай үнээр “санал болгож” болох юм гэж хошигножээ.

Уэйлсийн хатан хаан, хунтайж хоёр залуу хосын хуримын зардлыг хувиасаа гаргах нь тодорхой ч эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа юм.  Хуримын ёслол Букингемын ордонд болвол хатан хаан зардлыг нь хариуцах нь тодорхой аж.

Сүйт бүсгүйн хуримын даашинзыг  оёхоор нэртэй загвар зохион бүтээгчид өрсөлдөж эхэлсэн бөгөөд Британид алдартай хуримын даашинзын загвар зохион бүтээгч Сара Хейвуудийн үзэж буйгаар Кейтийн даашинз, урилга, хүлээн авалт л гэхэд дунджаар 10 сая фунт болно гэж тооцоолж байна.

Хэрэв хурим Вестминстерийн хийдэд болвол  хотыг бүхэлд нь хуримын ёслолд зориулж  цэвэрлэх хэрэг гарах аж.

Албаны хүмүүсийн тооцож буйгаар хунтайжын хуримыг тохиолдуулж Лондон хотын төв гудамжнуудыг цэвэрлэхэд ойролцоогоор 40 мянган фунт хэрэгтэй аж. Диана гүнжийн оршуулгийн дараах хотын цэвэрлэгээнд 300 мянган фунт зарцуулсан гэдэг.

Хуримын өдөр дэлхийн өнцөг булан бүрээс ирэх улс орнуудын удирдагч, нэр алдартнууд Лондонд цуглах учраас тэдний аюулгүй байдлыг хамгаалж, болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд хэдэн сарын өмнөөс бэлтгэж эхлэх аж.
Лондон хотын цагдаагийн дарга  Женни Жонес  уг үйл явдал алан хядагчдын хувьд “ Алтан боломж” гэдгийг анхааруулж байна. Ажиглагчдын үзэж буйгаар хуримын зардал 100 сая фунтаас давахгүй бөгөөд уг үйл явдал Британийн эдийн засагт ашиг авчрах гэнэ. 

Английн ирээдүйн хаан, хатан хоёрын хурим  мэдээллийн хэрэгслээр дэлхийн сая сая хүнд хүрэх учраас Британийн хувьд маш том сурталчилгаа болох нь гарцаагүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж