Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Цабагийн хэлмэгдэл

Аливаа наадмын эхэнд жүдо, буудлага, сүүлд нь бокс, чөлөөт бөх байдаг нь уламжлал мэт тогтжээ. Эхнээсээ наадмын салхийг аатайхан хагалж, алт, мөнгө, хүрлийг булаанхан авдаг жүдочид энэ удаа “шинэчлэгдсэн” Азийн жүдо бөхийн холбооны “ширүүхэн” шүүлтийн цавчилтад өртөж, олон тамирчин маань хэлмэгдлийн гашууныг мэдрэв.

Хамгийн харамсалтай нь аль эртнээс Азийн наадмын хошой аварга болно хэмээн урьдчилан тодорхойлогдсон Х.Цагаанбаатар эхлээд Тажикистаны бөхийг хялбархан ялж, дараа нь Кыргызийн бөхийг яаж хаях вэ хэмээн ноцолдож байтал гэнэт агуу их Мун хэмээх Гуулин улсын түшмэл шүүгчдийг дуудсанаа манай жүдочийг дүрмийн бус үйлдэл хийсэн тул дэвжээнээс буулгах лүндэн буулгах нь тэр! Тэнд байсан бүх монголчуудын хувьд энэ нь “гэгээн цагаан өдөр цахилгаан буух” мэт эвгүй цохилт болж, Цаба татами дээр эсэргүүцэн суусан ч “ноёдтой заргалдвал толгойгүй” гэдэг шиг туйлын харамсалтай үйлдэл боллоо.

Үүний дараа жүдогийн олон мэргэжилтэнтэй санал солилсон боловч Цабагийн ямар буруу үйлдэл хийснийг хэн ч нотолсонгүй. Хэрвээ өрсөлдөгч нь далаараа хэвтэж байсан тохиолдолд татаж нидэрвэл хууль бус нь тодорхой, харин амь тэмцэж явсан кыргыз бөхийн үйлдлийг өвдөглөсөн үед нь зогсоогоод, зогсоц аваад, бүр үнэлгээ авахаар нуга дарсан мэхийг нь мушгин гуйвуулж байгаа нь хачирхалтай. Үүнийг “шүүлтийн булхай” гэхээс аргагүй. Бид эсэргүүцэл илэрхийлэх олон арга замыг эрэлхийлсэн боловч Азийн жүдо бөхийн холбоо (JUA)-ны хатуу дурмээр ямар ч протест хулээн авдаггүй дүрэмтэй ажээ. Олон улсад сонгуультай ганц дайчин Б.Пагва хэчнээн зүтгээд ч чадсангүй, дэмий л нервээ барав.

МУН ГЭГЧ ХЭН БЭ?

Барилдааныг зогсоон, манай шилдэг бөхийн замыг балладаг энэ Мун Вон-Баэ гэгч хэн бэ? Энэ хүн бол уг тэмцээний “А” дэвжээний ахлахаар тохоон томилогдсон, Азийн жүдо бөхийн холбоо (JUA)-ны шүүгчдийн зөвлөлийн гишүүн , Жэжү арлын Жүдогийн холбооны ерөнхийлөгч, Монголд нэг бус удаа ирсэн, өдгөө нас жар талийсан нэгэн. “Бусан-2002- ”-ын үеэр Ц.Дамдин гавьяатад үйлчлэн гүйж байснаа, Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Пакийн татаасаар хоёр жилийн дараа харин өөрөө “Афин-2004” олимпод ажилласан.

Тус олимпийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Х.Цагаанбаатар нь Испанийн бөх Үэмацүтай ач тач үзэлцэх үед харийн бөхийн дотроос эхэлсэн мэхийг гадаа хэмээн хүчингүй болгосноо байнга ярьдаг, хариу нэхэгч нэгэн. Сая нөгөө ачилсан хүнээ нэг мөсөн “хөмөрч”, зүгээр барилдаж байсан Х.Цагаанбаатарыг хэлмэгдүүлсэн этгээд. Уг нь манай бөх олон газар ийм шүүгчийн дарамтыг амсаж байсан ч шүүгчтэй нь цуг бүгдийг нь савахыг нь савж, дарахыг нь дарж байсан бөх. Эр хүний замын хүзүү урт гэдэг дээ.

Ото. Гуанжоу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж