Д.Ганхуяг: Ийм сайхан наадмыг би олон жил хүлээсэн | News.MN

Д.Ганхуяг: Ийм сайхан наадмыг би олон жил хүлээсэн

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Д.Ганхуяг: Ийм сайхан наадмыг би олон жил хүлээсэн

Монгол Улсын 47 дахь арслан Доржпаламын Ганхуягтай ярилцлаа.

-Юуны өмнө баяр наадамдаа түрүүлж, улсын арслан цол хүртсэн танд баяр хүргэе. Сүүлийн жилүүдэд ард түмэн наадамдаа сэтгэл дундуур үлдэх болсон нь нууц биш. Харин өнөө жил ам сайтай байна?

-Ярих юмгүй сайхан наадам боллоо. Би түрүүлсэн бөхийн хөөрсөн сэтгэлээр энэ үгийг хэлж байгаа юм биш л дээ. Наадамчин хүний нүдээр харахад энэ жилийн наадам сайхан боллоо. Бусадтай л адил тийм сэтгэгдэлтэй байгаа.

-Түрүүлэх бөхийн сэтгэлзүй наадмын өглөө ямар байсан бол. Мэдээж олон жил зүтгэж байгаа харцага цол таны бодолд бол байсан л байх?

-Бөх хүнд наадмын өглөө ямар байдаг билээ, тэр жишгээр л наадамдаа очсон доо. Үнэнийг хэлэхэд, анх начин цол авсныхаа дараа би дараагийн цолны тухай давж бодохыг яардаггүй байлаа. Бөх хүнд цолондоо эзэн болж явна гэдэг маш том хариуцлага байдаг. Сумын заан цолтой бөх ч гэсэн сумандаа олон түрүүлж, цолондоо эзэн байх гэж хөдөлмөрлөдөг. Яахав, миний хувьд начин цол авснаасаа хойш гурван удаа энэ цолоо баталчихлаа. Гурав дахиас нь эхлээд өөр цол бодогддог л юм билээ. Өөрөө яарахаасаа илүү ард түмний үг, наадамчин олны бөхийн ухаан гэж агуу зүйл байна шүү дээ. Олон хүн Хуягаа, чи одоо нэг цолоо ахиулах цаг болсон байх аа гэж хэлдэг боллоо, сүүлийн хоёр, гурван жилийн наадамд. Тэр утгаараа олон хүн энэ залуу зургаа давчихаасай гэж итгэл хүлээлгэж, хардаг болчихсон байна. Энэ бүхэн намайг зоригжуулдаг байсан. Тийм болохоор энэ жилийн наадмыг ямар ч байсан цолоо ахиулчих юмсан гэсэн бодолтой л эхлүүлсэн дээ. Түрүүлэх тухай бол үнэндээ бодоогүй ээ.

-Гурвын даваанаас зургаа хүртэл ч бас л чанга бөхчүүдтэй барилдлаа шүү дээ. Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ хоёр хоёулаа начин, харцага цолонд зүтгэж яваа, ид гарч байгаа залуучууд. Дээд даваа гэхээсээ гурав, дөрөв, тавын даваа л эвгүй болчихсон шиг санагдсан?

-Чанга чанга. Дөрвийн даваанд аймгийн арслан Ш.Жаргалсайхантай оноолтоор таарсан. Сүүлийн хэдэн жил сайн барилдаж байгаа арслан. Энэ жил ялангуяа үнэхээр өнгөтэй байсан. Би өөрөө начин болчихоосой гэж харж л явсан залуусын нэг шүү дээ. Гэхдээ одоо яахав, нэг нь ялж, нөгөө нь ялагддаг нь спортын хууль юм хойно, чадлаараа л үзье гэж бодсон. Тавын давааны хувьд ам авахад дөрвөн бөх үлдсэн байсан. Улсын начин Б.Өсөхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, аймгийн арслан Ө.Даваабаатар, Б.Соронзонболд гэсэн. Тэднээс барилдаан таарах болов уу гэж бодож Ж.Бат-Эрдэнийг амласан. Ж.Бат-Эрдэнэ сайн барилдаж байгаа залуу. Өнгөрсөн жил ямар сайхан барилдаж начин болсныг наадамчид санаж байгаа байх. Залуу хүнд олон наадам бий дээ.

-Олон жил гомдоосон зургаагийн даваа энэ жил ч бас хүнд л санагдаж байсан байх. Өнгөрсөн жилийн үзүүрт үлдсэн бөх таныг амласан. Тэр үеийн сэтгэлзүй ямар байв?

-Ээ, хүнд хүнд. Үнэнийг хэлэхэд, зургаагийн давааны өмнө ч, барилдаан эхэлсэн хойно ч сэтгэл санаагаар нэлээд унасан. Тэр даваанд хүрэх гэж олон жил зүтгээд азгүйтсэн болохоор хүн чинь халшраад байдаг юм байна лээ. Зургаа даваад л дотор онгойсон доо. Долоогийн даваа эхлэхэд бол сэтгэл санаа тайван, сайхан барилдаан гаргавал гаргачихаар юм шиг санагдаад зориг ордог юм билээ. Өөрт мэдрэгдсэн гэх үү дээ. Ер нь зургаагаас дээш даваанд маш тайван барилдсан.

-Д.Сумъяабазар аварга өнгөрсөн жил долоогийн даваанд буруу ам авснаас болж шуудхан хэлэхэд нэг түрүүгээ алдчихсан. Энэ жил ч бас буруу ам авчих шиг боллоо?

-Нутгийн аваргаа гэж бодож суулгүй л яахав. Гэхдээ аваргын амыг би юу хэлж мэдэхэв дээ. Гамбаа /улсын гарьд Н.Ганбаатарыг хэлэв/ яах аргагүй л наадмын өмтэй, сайхан барилдлаа.

-Б.Ганбат заан энэ наадмын хамгийн азгүй бөх болж таарч байх шиг байна. Заан ч жаахан яарчих болсон, та барилдааныг нь харсан уу?

-Яг сайн харж чадаагүй л дээ. Гэхдээ аварга, заан хоёр Гамбаад адилхан шахуу л унасан шиг байна лээ.

-Тэгэхээр та Н.Ганбаатарын аварга, заан хоёртой барилдсан барилдааныг хараагүй гэсэн үг үү?

-Чадаагүй ээ. Зургаа дээр ч гэсэн Т.Мөнгөнцоожийг сүрхий бярдаж давсан байсан шүү.

-Үзүүр, түрүүний барилдааны өмнө Д.Сумъяабазар аварга, Б.Ганбаатар арслан нарын Өвөрхангайн бөхчүүд танд нэлээд зөвлөгөө өгч байгаа харагдсан?

-Тэгэлгүй яахав. Тэднийхээ, найз нөхдийнхөө зөвлөсний дагуу л барилдсан. Ер нь Н.Ганбаатарын барилдааныг мэднэ л дээ. Бид хоёр өмнө нь хэд хэдэн удаа барилдаж байсан. Чөлөөт бөхөөр ч гэсэн олон л таарч барилдаж байлаа. Ямар мэх хийх бол гэдгийг дотроо тооцоолж байсан. Товчхондоо бол давчих болов уу гэсэн итгэлтэй байсан.

-Тэр жил, 2005 онд байх аа. Б.Бат-Эрдэнэ аваргад зургаагийн даваанд унасан барилдаан танд байтугай үзэгчдийг тэр аяар нь харамсуулж орхисон. Нэг их ширүүн бороотой үеэр, хальтираад уначихдаг. Тухайн үед таныг ямар хурдан тахимаа өгчихнь энэ вэ гэж өмнөөс чинь халаглах хүн цөөнгүй байсан?

-Тахимаа өгөлгүй яахав дээ. Албаар бороо оруулчихсан биш. Олон бөхчүүд тэр усан борооноор адилхан л барилдаж байсан. Нөхцөл байдал нь тэгээд таарчихсан юм хойно, яахав. Тухайн үедээ харамсч л байсан. Өөртөө ч гомдох шиг /инээв/. Гэхдээ наадмын маргааш хүртэл харамсана, нөгөөдөр нь хүртэл бодогдоно. Хоёр, гурав хоноод, бэлтгэл, сургуулилтаа хийгээд ирэхээр аяндаа мартагдчихдаг юм билээ. Нэг их удаан харамсаагүй ээ.

-Сая телевизүүдээр таныг бөхийн олон төрлөөр хичээллэдэг тухай их ярилаа. Хамгийн сүүлд кураш бөхийн дэлхийн аварга болсон. Өнгөрсөн жил байх аа, бас регбигээр хичээллэдгийг чинь нэг их олон хүн мэдэхгүй байж магадгүй л юм?

-Бүгдээрээ л адилхан бөхийн төрөл шүү дээ. Тэгээд ч их спортоор хичээллэсэн хүн хэзээ ч алддаггүй юм шиг санагддаг. Чөлөөт бөхөөр хичээллэснийх улсын аварга шалгаруулах тэмцээн, "Монгол говь" тэмцээний аварга болж, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэн, олон улсын хэмжээний мастер боллоо. Оюутны дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байлаа. Сонгомол бөхөөр Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Сумо бөхийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж, хамгийн сүүлд, өнгөрсөн онд Кураш бөхийн дэлхийн аварга болсон. Бөхийн энэ олон төрлүүдээр олон жил хичээллэсний хувьд их спортын мэх, давуу талууд энэ жилийн баяр наадамд түрүүлэхэд минь түлхэц болсныг хэлэх ёстой байх. Регби, сагсанбөмбөгийн тухайд надад бөмбөгтэй спорт маш их таалагддаг. Би одоо ч гэсэн зав л гарвал сагс тоглох дуртай хэвээрээ.

-Ингэхэд та хэдэн онд аймгийн арслан болж байв?

-За байз, эрт шүү дээ. 1995 онд аймгийн арслан болж, 2000 онд Д.Цэрэнтогтох аваргаар тав даван начин цолонд хүрсэн.

-Начин цолоо 2002 онд анх баталсан санагдаж байна?

-2002, 2005, 2006 онд начин цолоо баталсан. Өнгөрсөн жил тавын даваанд улсын начин Т.Өсөх-Ирээдүйд өвдөг шороодсон.

-Олимпийн мөнгөн медальт, улсын начин Ж.Даваажав агсан таны анхны багшийн нэг. Ер нь багш нарын тухай яриа энэ ярилцлагад байх ёстой болов уу?

-За би ч мундаг сайхан багш нартай хүн дээ. Анх "Хөдөлмөр" нийгэмлэгт ирээд Д.Намшир багшийн шавь болж байлаа. Дараа нь БТДС сурч, талийгаач багшийнхаа /улсын начин Ж.Даваажав агсан/ шавь болсон доо. Түүнээс хойш улсын начин Д.Сэрээтэр, З.Ойдов багш нарынхаа удирдлагад хичээллэж байсан. Үндэсний бөх талаасаа дархан аварга Д.Цэрэнтогтох, арслан Б.Ганбаатар багш нарыгаа нэрлэнэ.

-Шинэхэн арсланг "АПУ" компани Ланд-200 машинаар шагнасан гэж сонссон. Одоо унаж яваа машин мөн байх шиг байна даа?

-Мөн. "АПУ" компанийн хамт олны нэг болоод олон жил болж байна. Энэ сайхан хамт олны хүчинд миний амьдрал, амжилт тогтож байдаг гэж хэлэхэд буруудахгүй байх. Өчигдөр /уржигдар/ болсон уяачдын наадмын үеэр манай компанийнхан энэ сайхан унааг бэлэглэлээ.

-Өнөөдөр /өчигдөр/ та Зэвсэгт хүчний хошууч цолтой боллоо. "Алдар" спорт хороо ч танд ээлтэй байна шүү?

-Би чинь "Алдар"-ын тамирчин болоод удаагүй байгаа шүү дээ. Жил гаруй хугацаа л өнгөрч байна. Ёстой таны хэлдгээр арми намайг ивээж байна. Өнөөдөр /өчигдөр/ хамт олон маань хүлээн авч уулзан, БХЯ-ны хүндэт өргөмжлөл гардуулж, Зэвсэгт хүчний хошууч цол олголоо. Монгол Улсын төлөө зүтгэнэ ээ, цэргийн хүн байх сайхан шүү дээ. Одоо ангиараа очно. Ах нь Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн биеийн тамир, спортын албыг хариуцдаг. Ангийнхан маань хүлээгээд, утасдаад л байна.

-Нутаг руу гаа хэзээ явах вэ?

-Ойрмогхон очих байх аа. Өнөө, маргаашдаа бол амжихгүй бололтой.

-Олон жил барилдлаа. Гарын шавьтай болж амжсан уу. Шавьтай байна гэдэг сайхан юм шиг байна. А.Сүхбат аваргыг та анзаарсан байлгүй. Ө.Даваабаатарыг тойрч гүйгээд л…?

-Одоохондоо би өөрийгөө ид барилдах насан дээрээ явна уу гэж бодож байна. Цол ч нэмлээ. Ард олны итгэлийг алдахгүй барилдах үүрэгтэй олон наадам хүлээж байна. Тийм болохоор юу юугүй шавь, бөх бэлтгэх тухай бодол алга байна. Гэхдээ яаж дуугүй байхав. Нутгийнхаа залуучуудад бол юм хэлнэ ээ. Нутаг ус гэлтгүй чаддаг, мэддэг зүйл байвал залуучуудад хэлж ярьж л явах ёстой гэж боддог. Та нарын насан дээр тэгдэг юм энээ тэрээ гээд л дуугүй байхгүй ээ. Чадлынхаа хэмжээнд хэлж, зөвлөдөг.

-Залуу бөхчүүдээс иртэй, дайчин барилдаан гарахаасаа илүү ууртай, омогтой хилэн цухалзах болсон нь олон барилдаанаас харагддаг боллоо. Энийг танаас аймаг, цэргийн цолтой бөхчүүдтэй үеийнхнээсээ илүү ойр байдгийн учир асууж байгаа юм л даа?

-Яахав дээ, хүн хүний зан чанар өөр. Нөгөө талаар орчин нөхцөл ч бас өөрчлөгдөж. Гол нь бөх хүн ямар замаар, ямар журмаар явах ёстой тэр бичигдээгүй хуулинд л захирагдах ёстой гэж би бодож явдаг юм. Бөхчүүд ч гэлээ хүн л болсон юм хойно алдаа гаргаж л байдаг. Гэлээ гээд ард түмний нүдэнд ойр, хүндэтгэлд дээгүүр байр суурь эзэлдэг болохоор энгийн хүмүүс тэр бүрийг уучилдаггүй л дээ. Тийм болохоор ухаантай, тэвчээртэй, хүлээцтэй зан чанар л бөх хүний хувь хүн талаасаа өөртөө бий болгох хэрэгтэй чанар байх. Тэрнээс хүн бүхэн дээр очоод чи яасан муухай хардаг юм, чи яасан эвгүй барилддаг юм гэж хэлж сургаад явна гэдэг хэцүү байх.

-Бөхчүүд өөр өөрийн амжилт эсвэл төрөлх зан чанар, бөхийн жудаг гээд янз бүрээр л ард олны сэтгэлд дулаан мэдрэмж төрүүлдэг. Гарьд П.Сүхбатын гудиггүй, цагаан инээмсэглэл, гарьд И.Доржсамбуугийн жудагтай, ухаалаг төрх, А.Сүхбат аваргын хурц, дайчин барилдаан гээд. Би бодохдоо олон хүн таны зан чанар, төлөв байдлыг тэдний нэг болгон хүлээж авах болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл таныг даруу төлөв, олныхоо дунд байж чаддаг хүн гэдгээр чинь бөхчүүд, бөх сонирхогчид мэднэ. Тиймээс танд ерөөл болох бүхий л сайн сайхныг хүсэн ерөөж, ярилцлагаа өндөрлөе гэж бодож байна.

-Баярлалаа. Монгол бөхийн дэвжээ гэдэг үгээр илэрхийлэхэд хэцүү агуу зүйл шүү дээ. Нас залуу байна. Амжилт гаргахын төлөө зүтгэнэ. Ард түмэндээ хайрлагдаж, шударга өрсөлдөхийн төлөө хөдөлмөрлөнө л гэж хэлэх байна даа. Нас хамаагүй ээ. Сайхан аваргууд маань гуч гарсан хойно оо, дөч гарсан үедээ төрийнхөө наадамд түрүүлж явсан түүх Монгол бөхөд олон бий. Дунд үеийн бөхчүүдийг "харьсан" гэж хэлэх болоогүй байгаа гэж би бодож байгаа шүү. Арслан цол надад томдоогүй гэдгийг олон наадамд харуулахын төлөө зүтгэнэ л гэж бодож байна. Ийм сайхан наадмыг би олон жил хүлээсэн. Шударга, үнэнээрээ явахад зүлэг ногоон дэвжээ ивээдэг л юм байна. Энэ завшааныг тохиолдуулан Монголын нийт ард түмэндээ болон үе үеийн хүчит бөхчүүддээ, наадамчин олондоо Ардын хувьсгалын 87 жилийн ойн баяр наадмын мэнд хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөж байна.

Б.БАДАМГАРАВ /2008.07.15/

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bee 2010-02-26 202.170.67.19

sain barildaarai

Avatar

Зочин 2010-02-26 202.170.67.19

saihan arslan shuu olon jil sain barildaarai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж