
Тэдний ирэх таван жилд дээрх үйл ажиллагаанаас олох орлого нь гурван тэрбум ам.доллар хүртэл өсөх магадлалтай гэсэн урьдчилсан тооцоо байдаг талаар тус салбарынхан хэлж байна. Хэлэх нэг хэрэг, биднийг хоорондоо ховын чанартай хэрэлдэх хэлцэхийн хооронд байхад "Лэйтон Ази" манай орны нүүрсний олборлолтын салбарт эзэн сууж байгаа юм биш үү. Хүнд өгсөн юмаа буцааж авах ч хэцүү дээ. Энэ бүхэн өнгөрчээ гэж бодож болно.
Гэтэл хамгийн сүүлд тарж байгаа мэдээллээр "Таван толгой"-н оператор шалгаруулах тендерт тэд өөрийн охин компани гэж хэлж болох "Макмахон" компанийг өөрийнхөө өрсөлдөгч болгон дагуулаад гүйж яваа аж. Тэднийг гадна талаас нь харвал хоёр өөр компани мэт боловч тэдний нарийн холбоосыг доорхи байдлаар харах ёстой цаг үе иржээ. "Макмахон" компани Австрали улсад бүртгэлтэй юм байна. Гэхдээ уг компанийн хувьцааны 20 орчим хувийг "Лэйтон Ази" компанийн толгой компани болох "Австрали Лэйтон" компани эзэмшдэг ажээ. Түүнээс гадна энэ хоёр компани хамтран "Макмахон Лэйтон Жоинт Вэнтур" компанийг 2009 онд байгуулжээ. Ийм нарийн холбоо сүлбээтэй хоёр компани Монгол Улсын стратегийн орд газар болох "Таван толгой"-н орд газарт оролцож байгаа нь нэг нь ялагдсан ч нөгөө нь үлдэнэ. Маргааш нь хамтран эзэмшинэ гэдэг талаар харилцан ойлголттой явж байна шүү хэмээн учир мэдэх энэ салбарын зарим хүн болгоомжлуулан сануулж байна.
Тэдний энэ хуйвалдааныг хаах нэгэн баримт бичгийг уг нь бол УИХ 2010 онд 48 дугаар тогтоолоор баталжээ. Тэр бол "Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал". Энхүү үзэл баримтлалд "Стратегийн ач холбогдолтой салбарт хөрш орон өндөр хөгжилтэй бусад орноос оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй баримтлах бодлого баримтална" гэсэн заалтад харшиж байгаа юм. Энд нэг компанийн хөрөнгө оруулалтыг хэдэн янзын нэр, хэлбэрээр оруулна гээгүй. Зөвхөн тэнцвэртэй оруулна гэсэн байна. Гэтэл стратегийн ордын оператор дээр хувь хэмжээгээрээ нэгдчихсэн хоёр компани гэмгүй царайлан хоёр өөр нэрээрээ түрий барин өрсөлдөхөөр орж ирж болох уу. Энэ асуултад хэн боловч болохгүй гэсэн хариулт өгнө гэж ойлгож байна. Тэдний хувьд өрсөлдөгчид биш хамтрагчид шүү дээ.
Үндэсний үзэл баримтлал гэлтгүй, олон улсын бизнесийн тогтсон жишигт ч ашиг сонирхол нэгтэй компаниуд нэг тендерт өөр хоорондоо өрсөлддөггүй гэнэ. Өөр хоорондоо холбоотой манайхаар бол хэтэвч нэгтэй энэ хоёр компани "Макмахон ба Лэйтон" гэж хамтарсан компани байгуулсан бөгөөд тэр даруйдаа BHP Billton компаниас 500 сая ам.долларын ажил авч чадсан байна. Вэб хаяг нь /http:// www.mljv.au. Тэд хамгийн сүүлд БНХАУ-д 463 сая ам.долларын дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэх тендер авсан байна. Энэ байдлаас харахад "Таван толгой"-н стратегийн ордын операторын төлөө таван өөр хэлбэрээр нэгдсэн нэг компани хоёр нэрээр өрсөлдөх гэж байгаа бололтой. Тэгэхээр монголчууд бидний "Таван толгой"-гоос хувь хүртэж диваажин байгуулна гэж бодсон маань үлгэр болох бололтой. Дээрх байдлаас харвал тэндээс монголчууд их зүйл хүлээгээд хэрэггүй болжээ. Ёстой л их санасан газар есөн шөнө хоосон хонов гэдгийн араас орох нь. Монголчууд минь та бүхэнд аминчлан хэлэхэд "Таван толгой"-г та ч идэхгүй би ч идэхгүй таван хэлбэрээр нэгдсэн Лэйтон хүртэх нь. Гэхдээ энд нэг зүйлийг бид ойлгох хэрэгтэй. Өөрсдөө хүрч ирээд манай нүүрсэнд эзэн суучихаагүй. Түүнд хань бологсод саарал ордоноор дүүрэн байх шиг ээ. Боохойтой нийлсэн гэрийн нохой ширүүн гэж ярьдаг. Тэгвэл гадныхантай нийлсэн төрийн түшээд түүнээс ямар бол оо.
Г.ЭРДЭНЭБАТ