
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсөвтэй хамт өргөн мэдүүлэгдсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай шинэчилсэн найруулга, Эрдэнэсийн сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг авч хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд Эрдэнэсийн сангийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Сангийн сайд С.Баярцогт, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарт хандан түлхүү асуулт тавилаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд алтыг зөвхөн Монголбанкинд тушаахаар тусгаад байгаа юм. Мөн хууль бусаар алтыг хил, гаалиар гаргах гэж байхад нь илрүүлсэн тохиолдолд хүчний байгууллага болоод гаалийнханд урамшуулал олгодог байх эрх зүйн зохицуулалт тусгасан. Эдгээр зохицуулалтын дүнд алт тушаалт нэг л газар төвлөрч, хил гаалиар гаргах асуудал цэгцэрнэ гэж Сангийн сайд тайлбарлалаа. Харин төв банкны ерөнхийлөгч “Алтны компаниуд ажлаа эхлүүлэхийн тулд жил бүрийн хавар арилжааны банкуудад алтаа барьцаалаад зээл авдаг. Гэтэл одоо хэлэлцэж буй хуулиар энэ зохицуулалтыг хассан учраас алт олборлогчид болоод арилжааны банкуудын үйл ажиллагааг боомилсон төдийгүй, алтыг хууль бусаар хил давуулах үүдийг нээнэ” гэсэн юм.
Эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан, одоо УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг сонсч байна.
Г.Дарь