Ерөнхийлөгч Японы үйлдвэрүүдтэй танилцав

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Японы үйлдвэрүүдтэй танилцав

Ерөнхийлөгч Японы үйлдвэрүүдтэй танилцав
Япон Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Токио дахь “Ниппон Стил” (Nippon Steel) корпораци, мөн Киото дахь “Шимазү” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Ниппон Стил” бол ган хийц төмөр үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж буй компануудын нэг бөгөөд өнөөдөр байгаль орчинд ээлтэй техник, технологийг ашигладгаараа нэр хүндтэй үйлдвэрлэгчдийн нэг болоод байна. Ази, Америк, Австрали, Европт нийт 13 салбартай. Ган төмөрлөгийн үйлдвэрлэлээс гадна хот байгуулалт, барилгын шинэ материалын үйлдвэрлэл, инженерийн барилга, хими, мэдээллийн системийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тус компанийн бүтээгдэхүүнийг барилга, усан онгоц, автомашины зориулалтаар ашигладаг. Хятад, Солонгос, Тайланд улсад экспортолж буй энэ төрлийн бүтээгдэхүүний 84 хувь нь тус корпорацийнх юм байна.

Үйлдвэрлэлийн гол түүхий эд болох төмрийн хүдэр, нүүрсийг Австрали, Бразил, Канадаас импортолдог тухай корпорацийн ерөнхийлөгч Ш.Мунэока ярилаа. Тэрээр “Таван толгой өнөөдөр нөөц хэмжээгээрээ дэлхий дахины анхаарлыг татаж байна. Бид ч мөн энэ төслийг сонирхож байгаа. Таван толгойн нүүрсийг ашиглах асуудлыг дэд бүтэц, зам тээвэртэй нь цогцоор нь шийдвэрлэх тал дээр хамтран ажиллахад бид бэлэн байна” гэлээ. Технологи нь өндөр түвшинд хүрсэн, байгальд ээлтэй үйл ажиллагаагаа явуулдаг хариуцлагатай үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах сонирхол бидэнд ч мөн байдаг хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн юм. Өөр нэгэн томоохон үйлдвэрлэгч болох Киото хотод төвтэй “Шимазү” бол шинэ технологийг нээж нэвтрүүлэх талаараа дэлхийд алдартай компани юм. Агаарын тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, анализ хэмжилтийн, эмчилгээний тоног төхөөрөмж болон газрын элементийг судлах хэмжилт хийх, хүнс хөдөө аж ахуйн аюулгүй технологийг нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг байна.

“Хэдийгээр байгуулагдаад 100 гаруй жил болсон ч үйл ажиллагаа маань өдөр бүр шинэ байдаг. Бид “Бүхнийг хүний болон дэлхийн эрүүл мэндийн төлөө” гэсэн уриатайгаар ажилладаг” гэж тус компанийн удирдлага танилцууллаа. “Шимазү” компанийн үйлдвэрлэдэг оношлогооны тоног төхөөрөмж манай улсын эрүүл мэндийн салбарт хэрэглэгддэг юм байна. 2003 онд “Шимазү” компанийн эрдэмтэн Нобелийн шагнал авч байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж