
“Жишиг гудамж”-ны нээлтийн үеэр дээрхи ажилд идэвхи санаачлагатай оролцсон хүмүүсийг мөнгөн шагналаар урамшуулж, харъяалал бүхий авъяаслаг хүүхдүүд бяцхан тоглолт зохион байгууллаа.
Мөнгөн хуримтлалын “Тод гялбаа” бүлэг нь 12 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гудамжныхаа айл өрхүүдээс сар тутамд 3000 төгрөгийн хандив авч, сан байгуулсан байна. Хуримлагдсан мөнгөө айл өрхүүдэд бага хувийн хүүтэйгээр зээлүүлж, үйл ажиллагааг нь дэмждэг ба шаардлагатай нөхцөлд буцалтгүй тусламж олгох хэлбэрээр зарцуулдаг аж.
Арвайхээр сумын Ягаантолгойн VI багийн II гудамжны айл өрхүүд мөн өөрсдийн хүчээр гудамжаа тохижуулаад байгаа бид очиж сурвалжиллаа.
Тус гудманд арван айл өрх суурьшдаг бөгөөд нэг айлаас 300 мянган төгрөг гаргаж өөрсдийн хашаа болон гудамжаа тохижуулсан байна. Айл бүр хашаандаа жимсний мод тарьж, хүүхдийн тоглоомын талбай байгуулан, гэрэлтүүлэг суурилуулж, гудмандаа явган хүний зам тавьжээ. Хашааны хаалгаа бүгд арслан бүхий хээгээр гоёсон байна. Энэ гудамжны айл өрхүүдийн дийлэнх нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, захиалгаар мужаан, хар бор ажил хийдэг хүмүүс байсан ч орчноо цэвэр, тохилог байлгахыг өөрсдөө санаачлан хэрэгжүүлсэнд талархахгүй байхын аргагүй. Тус хорооны оршин суугч Т.Оюунчимэгээс хороо, гудамжны тохижилтын талаар сэтгэдлийг нь асууж сонирхлоо.
Иргэн Т.Оюунчимэг:
-Явган хүний зам тавихад нэг өрхөөс гурван уут цемент орсон. Мөн 280-350 мянгаар гүйдэг хаалга хийлгэсэн. Хашааны хаалган дээрээ нэг арслан зуруулахад 10.000 төгрөг. Ерөнхийдөө нэг айлаас 300 гаруй мянган төгрөг орсон ч орчин тойрондоо сэтгэл хангалуун байж, үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх үүднээс бүгд сэтгэл нэгдэн энэ тохижилтыг хийсэн. Бусад айл өрхүүдээ ч заавал төр засаг гээд байхгүйгээр өөрсдөө санаачлага гарган, орчин нөхцөл сайжруулж, эрүүл амьдрах боломжоо хангаж байгаасай гэж уриалмаар байна.
Б.Батчимэг