Залуучууд төслөө бүтээлчээр хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Залуучууд төслөө бүтээлчээр хэрэгжүүлнэ

Булган аймгийн залуучуудын холбоо “Залуучуудын боловсролын дэмжих, оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг БСШУ-ны яамны дэмжлэгтэйгээр дөрвөн сумын 40 залууг хамруулан хэрэгжүүлж эхэллээ.

 Төсөлд хамарсан залуучуудын 70 хувьд өрхийн аж ахуй, фермерийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой малчин залуучууд, 30 хувьд ажил хөдөлмөр эрхэлдэггүй залуучуудыг сонгон авчээ. Тэдгээр залуучуудад хууль, эрх зүй, боловсрол, эрүүл мэндийн мэдлэг мэдээллээ өргөтгөх, амьдрах ухаанд суралцах, фермерийн аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зэрэг чиглэлээр сургалт явуулах болно. Төсөлд оролцсон залуучууд сургалтаар өөрсдийнхөө мэдлэг боловсролыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бусад үе тэнгийнхэндээ үлгэрлэн нөлөөлж бололцоогоо ашиглан аж ахуй эрхлэх хөдөлгөөнийг орон нутагтаа өрнүүлэх зарчим баримтлан ажиллах зорилт тавьж байна. Энэ утгаараа уг төсөл ихээхэн бүтээлч, ажил хэрэгч, үр нөлөөтэй байх ажээ Саяхан эхний сургалтаа зохион байгууллаа. Сургалтаар залуучуудын хууль, эрх зүй, эрүүл мэндийн мэдлэгийн өргөтгөхөд чиглэсэн мэдээллийг мэргэжлийн хүмүүсээр дамжуулан олгож, интернет ашиглан мэдээлэл олж авах, төсөл хэрхэн бичиж, хаана яаж хандан дэмжүүлэх талаар нарийвчлан зөвлөжээ. Мөн энэ үеэр бүтээлч ажил зохион байгуулж Зүүн түрүүний гол дахь рашаан булгийг тохижуулах хашиж хамгаалах ажлыг хамтран хийцгээсний зэрэгцээ “Гурилт-тэжээл-Булган” компанийн дэргэд ажилладаг фермерийн үйл ажиллагаа, мөн үржлийн шилмэл омгийн хээлтүүлэгч малын арчилгаа маллагаатай танилцсан байна. Төслийн тэдгээр залуучуудыг тус компанийн удирдлага биечлэн хүлээн авч фермерийнхээ үйл ажиллагаанаас тайлбарлаж өгчээ.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж