Ерөнхийлөгч бизнесмэнүүдтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч бизнесмэнүүдтэй уулзав

NEWS.mn  сайт, "Ардын эрх" сонины сэтгүүлч Б.Сэмүүн Японоос Ерөнхийлөгчийн айлчлалын талаарх шинэ мэдээлэл ирүүллээ.

Япон улсад төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр орой айлчлалын багт багтаж явсан Монголын бизнес группийнхнийг албан бусаар хүлээж авч уулзав. Үүний өмнөх өдөр Токио хотод Япон, Монголын бизнесийн форум болж, Монголын талаас зуу гаруй, Японы талаас хоёр зуу гаруй төлөөлөгч оролцсон билээ. Уул уурхай, банк санхүү, электроник, барилга, гээд бизнесийн бүхий л салбарын төлөөлөл оролцсон уг форумд Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлж, нээлтийн үг хэлсэн нь Японы талаас багагүй дэмжлэг хүлээсэн. Харин өчигдөр орой Ерөнхийлөгчтэй хийсэн албан бус уулзалтыг манай бизнесмэнүүд “зангиагүй уулзалт” хэмээн нэрлээд Япон Монголын бизнесийн харилцаанд илүү ахиц дэвшил гаргах, Японы хөрөнгө оруулалтыг Монгол руу татахын тулд бизнесийн болон төрийн байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах талаар өөрсдийн санал бодлыг чөлөөтэй ярилцацгаасан. Ярилцлагад Монголын талаас Японтой харилцаж буй толгой компаниуд болох “Таванбогд”-ын Баатарсайхан, “Магнай трейд”-ийн Р.Ганзориг, “Эм Си Эс холдинг”-ийн Д.Оджаргал, ХХБ-ны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ нараас эхлээд ганц хүний “Од” театрийн ерөнхийлөгч Д.Сосорбарам эхнэртэйгээ, “Макс Импекс”-ийн Д.Ганбаатар мөн мисс эхнэртэйгээ, “Эрэл”-ийн “вант улс”-ын бяцхан “хунтайж” Э.Жаргалан гээд олны нүдийг орой дээр нь гаргасан ховор сонин хүмүүс оролцож, Японы бизнесмэнүүдтэй тогтоож буй хамтын ажиллагаа, ирээдүйд хэрэгжүүлэх бизнес төслүүд хийгээд тулгарч буй бодит бэрхшээлүүдийнхээ талаар илэн далангүй ярилцаж, санал солилцсон юм. Энд УГЖ Д.Сосорбарамын эхнэр Д.Нинжбадгар түүний компанид захирлын алба хашдаг гэдгийг хэлэхгүй өнгөрч болохгүй. Тэгээд ч эхнэр, нөхөр хоёр Японы хөрөнгө оруулалтаар Монголын анхны акустик театрыг барихаар эхний тохиролцоог хөрөнгө оруулагч нартай хийгээд байгаа гэдгээ Ерөнхийлөгчид дуулгасан. Харин “Макс” Ганбаатарын мисс эхнэрийн тухайд бас л “Legendary Phoenix” хэмээх салбар компанид нь захирлын албан тушаал хашдаг юм билээ.

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч энэ мэт эрэл хайгуул хийсэн уулзалтыг тогтмолжуулахын тулд эдийн засгийн клуб маягийн зүйл байгуулахад ч бэлэн байна гээд уг асуудлыг Монголд очсон хойноо үргэлжлүүлэн ярилцахаар болсон юм. Мөн Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа татвар төлөгчид болох бизнесмэнүүдийнхээ гаргасан санал санаачилгыг айлчлалын мөрөөр ҮАБЗ-өөс гаргадаг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгана гэдгээ амлалаа.

Айлчлал өнөөдөр үргэлжилж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы цог жавхлант эзэн хаанд бараалхаад байна. Үдээс хойш Японы парламентын дээд, доод танхимын хуралдаан дээр үг хэлэх юм.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж