Монгол орны шувуудын тухай ном хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Монгол орны шувуудын тухай ном хэвлэгдлээ

Монголын Зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс “Монгол орны түгээмэл шувуудыг таних ном”-ыг хэвлэн уншигчдын гар дээр хүргэлээ. Манай орны иргэдийг жигүүртэн амьтдыг хамгаалах үйлст өргөнөөр татан оролцуулах, тэдний шувуудын тухай мэдлэгийг дээшлүүлэх, улмаар шувуу ажиглах хоббиг хөгжүүлэхэд зориулагдсан уг номонд байгаль хамгааллын үүднээс авч үзэхэд ховор, ховордсон болон Монгол оронд хамгийн элбэг, хаа сайгүй тааралддаг нийт 160 зүйл шувууд багтсан байна.

Номны эхний хэсэгт шувууг хэрхэн ажиглаж сурах талаар дэлгэрэнгүй зөвлөлгөөг танилцуулжээ. Мөн шувуудыг олж үзэж болох үндсэн амьдрах орчнуудын танилцуулгыг фото зургийн хамт дэлгэрэнгүй бичиж, шувуудад чухал газруудын тухай товч мэдээлэлийг газрын зургийн хамтаар оруулж өгчээ. Дэлхийн олон оронд шувуу ажиглах асуудал тусгай өөрийн гэсэн биеэ даасан хобби болтлоо хөгжсөн байдаг. Энэхүү байгаль хамгаалахад болон хүмүүст цагаа зөв боловсон өнгөрөөхөд тустай хоббиг манай оронд хөгжөөсэй гэсэн санааг зохиогчид онцгойлон дурьдсан байна. Энэхүү номонд шувуу ажиглах хобби гэж юу болох талаар дэлгэрэнгүй танилцуулага, хүмүүс шувуу ажиглаж явахдаа юу
анхаарвал зохих, холбогдох байгаль орчны хууль дүрэм, тусгай хамгаалалттай газар нутагт явахдаа юу анхаарч явахыг, мөн шувуу хамгаалал, ажиглах чиглэлээр ажилладаг гадаадын нэртэй байгууллагуудын веб сайтын хаяг, товч танилцуулгыг оруулж өгчээ. Мөн иргэд шувуу хамгаалах үйлст ямар хувь нэмэр оруулж болох талаар зарим нэг зөвлөлгөөг дурдсан байна. Жишээ нь шувуудад ус, хоол тавьж өгөх тавцан, үүрний хэд хэдэн энгийн загварыг эндээс үзэж болно.

Энэ номыг ШУА-ын Биологийн хүрээлэнгийн Шувуу судлалын лабораторийн эрхлэгч, шувуу судлаач доктор Н.Цэвээнмядаг, Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн биологич, докторант Б.Нямбаяр, магистр Ц.Мөнхзул нар бичиж, Японы алдарт зураач Такаши Танигучи өөрийн уран бүтээлээрээ сэтгэл харамгүй тусалжээ. Номонд орсон шувуудын зураг нь зурмал зургууд бөгөөд фото зурагтай харьцуулахад өнгө зүс, хэлбэр, биеийн онцлогийг илүү сайн харуулж өгдөгөөрөө давуу талтай. Түүнчлэн уг зураачийн уран бүтээлүүд Зүүн Азийн олон орны шувуу таних номонд хэрэглэгддэг байна. Энэ номыг бүтээхэд BirdLife International олон улсын байгууллагын Азийн салбар, Японы зэрлэг шувууны нийгэмлэг тусалж, байгаль хамгаалах Кейданрен сан ивээн тэтгэж санхүүжүүлсэн байна. Номыг тун удахгүй гадуур номын дэлгүүрүүдээр худалдаалж эхлэх ба үнэ нь 15000-18000 хавьцаа байх бөгөөд олсон орлогоор манай орны ховор шувуудыг судлах,
олон нийтийн дунд шувуу хамгаалах сурталчилгааны ажил явуулах, мөн Монголын шувуу ажиглагчдын клубыг санхүүжүүлэх ажилд тус тус зарцуулах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж