Хакухо М.Даваажаргал: Арав түрүүлсний дараа хуримаа хийх зорилго тавьсан

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Хакухо М.Даваажаргал: Арав түрүүлсний дараа хуримаа хийх зорилго тавьсан

Мэргэжлийн сүмогийн 69 дэх аварга Хакүхо М.Даваажаргалтай ярилцлаа.
 Бидний ярилцлага өнгөрсөн сарын 24-нд Осака хотноо болсон юм. Энэ сарын башё тус хотод болж байгаа учир сүмочид дэвжээнийхээ, сургуулийнхаа Осака дахь салбарт ирж байрлан бэлтгэлээ базааж байлаа. Японы Гадаад хэргийн яамны Хэвлэл мэдээллийн албаар зуучлуулан Хакүхотой нэг цаг уулзах боломж олдов. Хакүхо хэдийгээр аварга цолтой ч, багшийнхаа зөвшөөрлөөр бэлтгэлээсээ нэг цагийн чөлөө авсан хэрэг. Тэрээр  ярилцахаасаа өмнө өөрийнхөө хөрөг бүхий баахан зурагт хуудсанд гарын үсэг зурав. Учрыг асуувал энэ үдэш төрсөн өдрөө тэмдэглэхээр зочид урьжээ. Хакүхогийн төрсөн өдөр гуравдугаар сарын 11-нд тохиодог ч, энэ өдөр нь башё эхэлчихсэн байх учраас урьдчилан тэмдэглэхээр зэхжээ. "Би үхэртэй, ирэх жил миний хорин тавны жил орно" гэснээр бидний ярилцлага эхэллээ.   
 

-Цагаан сар болоод удаагүй байна. Сар шинэдээ сайхан шинэлэв үү гэсэн мэндчилгээгээр ярилцлагаа эхлэх үү?

-Сайхан шинэллээ. Буузаа идээд, гэр бүлийнхээ хүрээнд, дараа нь монгол бөхчүүдтэйгээ золгоод сайхан шинэллээ. Би сүүлийн үед Монголынхоо сонин, телевизэд ярилцлага өгөөгүй, бас эх орондоо очоогүй удсан болохоор энэ ярилцлагаар дамжуулан цайныхаа дээжийг өргөн намайг дэмжиж байдаг монгол ах дүү нартайгаа "амар байна уу" гэж мэндчилье.

-Сар шинээр яагаад эх орондоо очсонгүй вэ, ирж золгосонгүй гэж Мөөеө аварга уурлаагүй юу. Чөлөө олдсонгүй юү?

-Чөлөө ч олдох байсан л даа. Хоёрдугаар сарын 18-нд шинийн нэгэн байсан шүү дээ. Энд хоёрдугаар сарын 19-нд NHK телевизийн нэрэмжит үзүүлэх барилдаанд оролцох ёстой байсан. Манай улс их хүйтэн, цаг агаар тогтворгүй 18-д золголт хийчихээд маргааш нь Японд ирээд үзүүлэх барилдаандаа оролцох нислэг таарсан л даа, уг нь. Гэтэл 19-нд гэнэт цаг агаар муудаад онгоц нисч чадахгүй болчихвол яах вэ гэдэг яриа гарсан. Манай багш ч сануулсан. Тэгээд л чадсангүй.

-Та аварга болсноосоо хойш анх удаа гурван башёд дараалан түрүүллээ. Зарим хүн таныг Д.Дагвадорж аваргыг эзгүйчиллээ гэж байна?

-Би багаасаа, аавыгаа дагаж явсны хүчинд бөхийн ертөнцийг гайгүй сайн мэднэ. Бөх хүн авсан цолныхоо дайтай барилдана гэдэг нь том хариуцлага, бас үүрэг байдаг. Дагваа аваргын эзгүйд миний хүлээх хариуцлага гурав дахин нэмэгдсэн. Цолныхоо энтэй барилдах, өмнө нь Дагваа ахтай хуваалцаж байсан "аварга цол"- ныхоо хариуцлагыг ганцаараа үүрэх, монгол хүн сүмод түрүүлж байгаа буухиаг үргэлжлүүлэх гэсэн гурван том хариуцлага над дээр ирсэн. Би хичээсэн, хичээснийхээ үр дүнг гаргаж чадсандаа сэтгэл өндөр байгаа. Анх удаа дараалан гурван удаа түрүүллээ гэдэг тоондоо биш, аваргын эзгүй дэх хариуцлагыг үүрч чадсандаа сэтгэл илүү өндөр байгаа.
 
-Та өнгөрсөн башёгийн сүүлийн өдөр Д.Дагвадорж аваргатай барилдсан. Өмнө нь тойргийн барилдаанд барилдсан л байх. Аварга барилдаанаасаа хөндийрсөн шинж танд ажиглагдсан уу?

-Тойргийн барилдаанд анх барилдсан л даа. Тэгэхэд жаахан хөндийрсөн нь мэдрэгдэж байсан. Гэхдээ Дагваа ах формдоо маш хурдан орж байна лээ.

 -Гэхдээ л та түүнийг давсан шүү дээ, түүнтэй барилдах барилыг нь олоод байна уу, эсвэл хүч бяр, хурд мэхээрээ илүү байна уу?

-Ээ, аварга бол агуу бөх шүү дээ. Хэн нэгэн бөхийг өөртөө гаршуулаад байх ч хүн биш, Дагваа ах.

-Уучлаарай, та хоёрын харилцааг сайнгүй тухай зарим хүн хэлэх юм, уулзаж, ярилцаж байдаг биз дээ?

-Бидний хооронд муудсан, бие биедээ янз бүрийн муу санасан харилцаа байхгүй ээ. Тус тусдаа бэлтгэлээ хийгээд л явж байгаа. Яг дэвжээн дээр л өрсөлдөгчид болохоос насаа бодсон ч, надаас түрүүлж авсан цолыг нь бодсон ч би Дагваа ахыг хүндэлж явдаг. Одоогоор хамтарсан бэлтгэл хийж амжаагүй л байна. Дагваа ах эзгүй, Хавай явсан байгаа.

-Таны хувьд аваргаас өөр ямар бөх хамгийн их халгаатай вэ?

-Бие жижигтэй бөхчүүдтэй барилдах эвгүй.

-Өнгөрсөн сард та Амад л унасан байх аа?

-Тэгсэн. Манай Амагаас юу ч ирж мэднэ. Их эвгүй.

-Ер нь башё эхэлсэн эхний өдөр л уначих гээд байх юм, та?

-Эхний өдөр уначихдаг шүү гэж бодож биеэ барьдаггүй ээ. Өдөр бүр л давна гэж дэвжээнд гардаг. Гэхдээ л заримдаа таны хэлсэн шиг "юм" сүүлийн үед болчихоод байгаа.

-Мөөеө аваргыг заалнаас үзээд сууж байхад аавынхаа нүдэн дээр уначих вий гэж биеэ барьдаг уу. Аварга танд зөвлөгөө өгч байна уу?

-Аав хажуугаас хараад сууж байгаа гэж бодохоор эхэндээ жаахан тиймэрхүү л байсан. Одоо бол дассан. Аав өмнө нь зөвлөж хэлдэг л байсан, аварга болсноос хойш нэг ч удаа барилдах талаар зөвлөгөө өгөөгүй. Одоо биеэ дааг гэж бодсон юм байлгүй.

-Та сүмогийн ертөнцийн хамгийн өндөр цолонд хүрлээ. Ийм өндөр нэр хүнд, түүнийг дагасан олны нүдэн дээрх ил амьдрал танд заримдаа тээртэй санагддаг уу?    

-Би багаасаа л бөх болно гэж боддог байсан. Аавынхаа хүрч чадаагүй амжилтад хүрч, аваагүй медалийг нь авна гэж боддог байсан. Аав минь олимпийн мөнгөн медальтай, би чөлөөт бөхөөр барилдаж олимпийн аварга болно гэж боддог, мөрөөддөг хүүхэд байлаа. Гэтэл өнөөдөр хувь заяаны эрхээр ч гэх юм уу, азтай завшаанаар ч гэх юм уу сүмод ороод явж байна. Төрөл нь өөр ч, тэмцэл гэдэг утгаараа хоёулаа л бөх. Тийм учраас би өнөөдөр мөрөөдлөө биелүүлж явна л гэж боддог. Тийм учраас мөрөөдөлдөө хүрэхээс өөрөөр, янз бүрээр бодож яваагүй юм байна, өнөөдрийнхөө амьдралыг.

-Яагаад азтай завшаан гэж…?

-Энэ тухай би, бас Кёкшүюзан ах олон ярьсан даа. Намайг сүмод тэнцэхгүй нь гээд буцаах гэж байсан гэж. Буцах онгоцны тасалбараа аваад, очлоо гэдгээ аав, ээждээ хэлчихсэн байсан. Бид дөрвүүлээ байсан. Тэгсэн орой нь нэг хүлээн авалт болж Батбаяр ах, Ошима багш нарын хэлснээр манай өнөөдрийн багш намайг авсан. Тэгэхэд намайг үнэхээр аз түшсэн. Би танд өмнө нь олон хүнд хэлж байгаагүй нэг юм ярья. Хүний нэр хэлээд яах вэ. Тэр оройн хүлээн авалт дээр манай багш бодож , бодож байснаа нэг монгол бөхийн нэрийг санаандгүйгээр хэлээд "за биеэр тэрнээс том л бол авья" гэсэн гэж байгаа юм. Гэтэл аз болж надтай жишсэн тэр бөх нь хүртэл тэр оройн хүлээн авалтад ирчихсэн явж байсан. Үнэхээр тэр үдшийн тав, аравхан минут миний амьдрал, хувь заяаг орвонгоор нь эргүүлсэн.

-Одоо аварга болчихсон явж байна. Маш өндөр хариуцлага үүрч байгаа биз?

-Аварга гэдэг хүлээх хариуцлага нь их, үүрэх ачаа нь хүнд л дээ. Авахдаа маш их хөлс, хүч, цаг хугацаа шаардсан мөртлөө алдахдаа амархан. Авахдаа маш удаан хугацаа зарцуулдаг мөртлөө алдахдаа маш богинохон, ганц хоёр өдөр л хүрэлцээтэй, тийм л эмзэг хариуцлагыг үүрч байна. Аав минь аварга болохоор тэр хүнийг багаасаа дагаж, хажууд нь өссөнийн хувьд сурсан, мэдсэн юм бий л дээ. Гэхдээ монгол бөх, сүмо хоёр ялгаатай, монголчууд японуудын ёс заншил адилгүй болохоор өнөөдрийнхөө амжилттай дүйцэх хариуцлагыг дааж явахыг хичээж л байна.

-Гэхдээ л аварга цолтой дүйцэх нэр алдар, эдийн засгийн баталгаа, хүрээлэл байна шүү дээ танд?

-Сүмог зөвхөн дэвжээн дээрх барилдаан, ялсан бөхчүүдийн авч байгаа шагналын бооцоогоор төсөөлдөг хүмүүс зөвхөн манай Монголд төдийгүй, Японд ч байдаг. Сүмогийн хамгийн хүнд хэцүү нь башё болдог дэвжээний цаана байдаг. Тэнд ямар их хүч, хөдөлмөр зарж, хөлс, нулимс урссаныг хүмүүс тэр бүр мэдэхгүй л дээ. Би боддог юм, болдог бол телевизийнхэн энд сарын хугацаатай ирээд бидний ид бэлтгэлийн үеийн кино хийж хүмүүст хүргээсэй гэж. Хэрэв тэгвэл өнөөдрийн амжилтдаа хүрэх гэж биднийг ямар их хөлс, нулимс урсгасныг ойлгох байх. Өнөөдөр Н.Цэвэгням ах, Дагваа аварга, Ама гээд манай монгол бөхчүүд бүгд сайн барилдаж байна. Тэдний урсгасан хөлс, нулимсыг хэмжиж багцалж болдог бол их л том тоо гарах байх. Намайг зарим хүн гэнэт л сүмод ирчихсэн гэж боддог байх. Гэтэл би бүр эрт, Д.Батбаяр ах, Н.Цэвэгням ах, Б.Энхбат ах нарыг анх сүмод явж байхад л энэ спортыг мэддэг болсон. Тэгэхэд аав "эдэн дундаасаа Н.Цэвэгням нь илүү сайн барилдана даа" гэж хэлж байсныг ч санаж байна.       

-Охин том болж байна уу?

-Өө, том болж байна. Эхнэрийн маань ээж бидэнтэй хамт байж охиныг минь харж хандаж байгаа. Ирэх наймдугаар сард охиноо Монголдоо аваачна.

-Монголд болох сүмогийн үзүүлэх барилдаанаар уу?

-Тийм, охиноо анх удаа нутагтаа аваачих гэж байгаа юм.

-Монголд болох сүмогийн үзүүлэх барилдааныг японууд ихэд сонирхож байх шиг байна. Энэ үеэр ямар нэгэн найраагүй, өндөр цолтой бөхчүүд оролцсон монгол бөхийн үзүүлэх барилдаан хийвэл японууд их сонирхох бололтой?

-Байж болох сонин л санаа байна. Японууд "монголчууд яагаад ийм хүчтэй байдаг юм, яагаад ийм сайн бөхчүүд төрж байна вэ" гэж үргэлж асуудаг. Ямар ч гэсэн Монгол бол бөхийн орон, бүх эрчүүд нь багаасаа барилдаж өсдөг гэдэг онцлогоо харуулсан арга хэмжээ зохион байгуулбал жуулчдад сонин л байх. Ноднин Америкт сүмогийн   үзүүлэх барилдаан болж байсан.

-Таныг Японы иргэн боллоо, болохгүй гэсэн маргаан, мэдээлэл Монголд их байна. Мөөеө аварга болохоор "Даваа Японы иргэн болохгүй ээ, харин манай бэр Монголын иргэн болно" гэж ярилцлага өгсөн байна лээ?

-Харин миний тухай ийм нэг яриа их байх шиг байгаа юм аа. Ихэнхдээ япон бүсгүйтэй гэр бүл болсон учраас л Японы иргэн болох нь гэсэн яриа яваад байх шиг байгаа юм. Харин ч эсрэг, япон бүсгүйтэй гэр бүл боллоо гэж биш, Японы үндэсний спорт сүмод өндөр цолтой болсон учраас гадаадын бөхчүүдэд Японы иргэн болох саналыг Сүмогийн холбооноос тавьдаг юм. Миний хувьд өөрөө Японы иргэн болох, манай эхнэр Монголын иргэн болох эсэх талаар тодорхой шийдсэн зүйл одоогоор алга. Энэ талаар гэр бүлийнхэнтэйгээ болон дэвжээнийхээ багштай ч ярилцсан юм байхгүй. Яахав, сүмогийн өндөр цолтой бөхчүүдийг Сүмогийн холбоондоо байхыг холбооноос санал болгох л байх. Жишээ нь, Хавайн арлын хоёр аварга хоёулаа Японы иргэн болсон. Ийм санал Дагваа аваргад ч, надад ч хэзээ нэгэн цагт ирэхийг үгүйсгэхгүй. Тэр үед нь л шийдвэрээ гаргана. Одоо бол энэ талаар тодорхой яриа байхгүй. Харин япон хүнтэй гэр бүл болсон гадаадынхан Японы иргэн болно гэсэн хууль дүрэм энд байхгүй. Япон хүн гадаадын хүнтэй гэрлэх, гадаадынхан япон хүнтэй гэрлэх, үгүй нь энд тийм сонирхолтой сэдэв биш.

-Мэдээж, хувь хүмүүсийн сонголт учраас Монголд ч сонирхолгүй шүү дээ. Харин таны хувьд манай үндэсний бөхийн их аваргын хүү учраас л монгол бүсгүйтэйгээ гэрлэсэнгүй гэж л зарим хүн харамсдаг байх. Эхнэр чинь одоо юу хийж байна вэ?

– Хүүхдээ хараад гэрээр голдуу байгаа. Би эхнэртэйгээ Японд ирээд удаагүй байхдаа танилцсан. Японд ирээд баруун, зүүнээ мэдэхгүй явахад л танилцаж дотноссон. Намайг бэртэж, гэмтэх, гутарч гуних үед үргэлж дэргэд минь байсан бүсгүй л дээ. Бараг хүүдээрээ шахуу Японд ирээд учирсан миний анхны хайр юм шүү дээ. Манай эхнэр Монголд их элэгтэй, монгол хэл сурч байгаа, одоо давгүй ярьдаг болсон. Бас монгол хоол хийж сурч байгаа. Наймдугаар сард бид гурвуулаа Монголдоо очно.

-Кекүшюзан ч, Асашёорюү ч хуримаа Монголд бас, Японд хийсэн. Та хуримаа хэзээ хийх вэ?

-Хуримаа хийнэ ээ, бас болж өгөхгүй л байна. Ямарч гэсэн арав түрүүлж байж хуримаа хийнэ гэсэн зорилго өөртөө тавьсан. Энэ зорилгынхоо төлөө хичээж л байна.

-Одоо зургаа түрүүлээд байгаа бил үү?

-Тийм, цаашид хичээж барилдана аа.

– Цаашид бизнес рүү орох уу?

– "Хакүхо" сан байгуулсан. Байгаль орчин, нийгмийн чиглэлээр ажиллана. Сангийнхаа үйл ажиллагааг өргөжүүлж эрчимжүүлэх бодол байна. Нэлээд ажил хийнэ. Хүн хичээвэл зүтгэлийг нь үнэлж чаддаг Японых шиг тийм нийгмийг Монголдоо бүрдүүлэхийн төлөө ажиллана.

-Та дэвжээндээ Монголоосоо залуучуудыг авчирч бэлтгэж байна уу?

-Сүмогийн бүх зиндаанд л монголчууд олноор байгаа. Харин манай дэвжээнд байхгүй. Сүмогийн холбооны дүрмээр нэг дэвжээнд байх гадаадын бөхчүүдийн тоог хоёроор хязгаарласан. Манай дэвжээнд байгаа хоёр гадаадын бөхийн нэг нь би, нөгөө нь Э.Санчирболд.

Хакүхогийн дараагийн уулзалтын цаг болжээ. Осакад болох хару башё эхлэх гэж байгаатай холбогдуулан сүмог шууд дамжуулдаг NHK телевизийн спортын сэтгүүлчид түүнийг хүлээж, бидний ярилцлагыг хараад зогсч байв. Ярилцлагын төгсгөлд Хакүхо Цагаан сарын бөхийн барилдаан, Монголынхоо тухай асуусаар биднийг үдлээ. Гадаа гарахад Миягино дэвжээний Осака дахь байрны үүдэнд NHK телевизийн нөгөө сэтгүүлч биднийг угтав. Тэрээр "Хакүхо Монголынхоо сэтгүүлчид ярилцлага өгөхдөө их чөлөөтэй, инээж хөөрч байгаа нь сайхан санагдлаа. Японы телевизээр ярилцлага өгч байхдаа хэзээ ч инээж хөөрч ингэж чөлөөтэй байдаггүй. Их албаны, цөөн үгээр ярьдаг" гэв. Тэгснээ сая яг юу гэж ярьж байна вэ, Асашёрюүтэй ямар холбоотой байгаа гэж байна, Осакагийн тэмцээнд яаж барилдана гэж байна вэ, Японы иргэн болно гэнэ үү хэмээн "будаа идэх" гэж үзлээ. Харин намайг нэг их юм хэлэхгүй болохоор "Хакүхог Японы иргэн болно гэж монголчууд их эмзэглэдэг гэсэн. Хакүхо Японы иргэн боллоо ч монгол хүн хэвээрээ л байна шүү дээ, зөвхөн түүний паспорт л солигдоно" гээд уурлах янзтай яваад орчихов.

/2008 оны 3 сарын 12/.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж