Цахилгааны үнээр ядуусыг дэмжсээр байх уу?

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Цахилгааны үнээр ядуусыг дэмжсээр байх уу?

Хэрэглээ нэмэгдэх тусам урамшуулал, хямдрал дагалддаг зах зээлийн хууль
эрчим хүчний салбарт  эсрэгээрээ үйлчилж байна. Үнийг нь чөлөөлөлгүй
өнөөдрийг хүрсэн юм чинь аргагүй ээ гэж өмгөөлөх сэтгэл төрөвч бас бус
анхаарал татмаар асуудал зөндөө байна, эрчим хүчний салбарт. Өчигдөр
УИХ-ын эдийн засгийн байнгын хороо хуралдаж “Түлш эрчим хүчний салбарын
талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын
нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.  УИХ-ын 10
гаруй гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг гарч, хагас жилийн хугацаанд
судалсан байна. Ажлын хэсгийнхэн эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг
яаравчлан барих, цахилгаан эрчим хүчний үнэ тарифын асуудлыг УИХ-ын
тогтоол гарган зохицуулах саналыг боловсруулжээ. Гэвч эдийн засгийн
байнгын хорооны зарим гишүүн  аль эрт Засгийн газраас шийдсэн тавдугаар
цахилгаан станцын асуудлыг УИХ-ын тогтоолоор шийдэх нь оновчтой эсэхэд
эргэлзэж байгаагаа нуугаагүй юм. Одоогийн байдлаар тавдугаар цахилгаан
станцыг барих газраа ч шийдээгүй байгаа ажээ. Анх Баянзүрх дүүргийн
нутаг Улиастайн гүүрний ойролцоо барихаар шийдэн газрын асуудлыг нь
хотын захиргаанаас шийдэж өгсөн хэдий ч ундны усны эх үүсвэрийн асуудал
сөхөгдсөн гэнэ. Тиймээс уг станцыг Багануурын уурхайг түшиглэн барьж
болохын дээр ТЭЦ-3 цахилгаан станцын дэргэд барих хувилбарыг дэвшүүлээд
байгаа ажээ. Азийн хөгжлийн банкны хоёр сая ам.долларын санхүүжилтээр
цахилгаан дулаааны шинэ эх үүсвэрийн байршлын судалгааг хийж байгаа
бөгөөд ирэх оны хоёрдугаар сар гэхэд хариу нь гарна гэж салбарын сайд
танилцуулсан.  УИХ-ын тогтоолд дурдсан бас нэгэн асуудал цахилгаан эрчим
хүчний үнэ ханш байсан юм. Өнөөдөр улсын хэмжээнд 340 мянган ахуйн
хэрэглэгч байгаагийн 64 хувь нь сард 150 кв/ц-аас бага цахилгаан
хэрэглэдэг ажээ. Тиймээс эдгээр бага хэмжээний хэрэглэгчдийн  цахилгааны
үнэ ханшийг багаар тооцож авдаг жишиг тогтоод удаж буй. Хэрэглэснийх нь
хэрээр урамшуулдаг зах зээлийн хуулиас гажууд энэ шийдвэр эргээд
ядуурлыг, залхуурч суухыг дэмжээд байгаатай утга нэгэн болоод байгаа юм.
Тиймээс УИХ-ын гишүүд  “Алийн болгон бид ядуу байгааг, ажил хийхгүй
залхуу назгай байдлыг дэмжиж байх вэ. Найдвартай эрчим хүч хэрэглэхийн
тулд хүмүүс хөдөлмөрлөдөг байг л дээ” гэсэн юм. Өнөөдөр манай улсад хүн
бүрийн гар доор байнгын бэлэн байдаг ч хамгийн үнэ цэнэгүй зүйл нь
цахилгаан эрчим хүч болоод байгаа учир үнэ ханшийг аажим аажмаар чөлөөлж
гэмээнэ  2013 он гэхэд тус салбар төсвөөс татаас авахгүй бие даах бүрэн
боломжтой гэж УИХ-ын ажлын хэсгийн ахлагч тайлбарлаж байлаа. Ийн
асуудлыг тал талаас нь хөндөн ярилцсан ч эцэст нь байнгын хорооны гишүүд
“Түлш эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай”
УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй
гэсэн шийдвэрт хүрлээ.


Төв банк, Сангийн яам хоёр санал зөрөлдсөн хэвээр

Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцсэн удаах асуудал нь Эрдэнэсийн
сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт
оруулах тухай хуулийн төслүүд байсан юм. Хуулийн төслийг Сангийн сайд
С.Баярцогт танилцуулж, гишүүдийн асуултад хариулт өгсөн. Хэдийгээр
Сангийн сайд хуулийн төслийг сайтар “рекламдсан” ч Монголбанкны
ерөнхийлөгчийн сөрөг санал илүү хүчтэй байлаа.  Эрдэнэсийн сангийн тухай
хуулийн шинэчлэн найруулсан төсөлд алтыг зөвхөн төв банкинд тушаахаар
заалт орсон нь арилжааны банкууд төдийгүй алт олборлогч компаниудын
бизнесийг боомилсон шийдвэр гэж  Л.Пүрэвдорж ерөнхийлөгч тайлбарлаж
байлаа. Улсын Эрдэнэсийн санд тушаах алтны хэмжээ жилээс жилд буурсаар
энэ жилийн хувьд ердөө 1,2 тонн болсон нь уг хуулийн төслийг
боловсруулахад хүрсэн төдийгүй УИХ-ын гишүүд ч шамдуулсаар байгааг
Сангийн сайд нуугаагүй. Харин төв банкны ерөнхийлөгч энэ жилийн хувьд
алт тушаалт муу байгаа нь ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн цуцлах
гэнэтийн ашгийн татвартай холбоотой гэж үзэж буй ажээ. Тиймээс ирэх
оноос хүссэн хүсээгүй алт тушаалт нэмэгдэх магадлалтай аж. Тиймээс эдийн
засгийн байнгын хорооны гишүүд уг хуулийн төслийг дэмжсэнгүй.
 

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж