Монголын төмөр зам гуравдагч зах зээлд хүрнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Монголын төмөр зам гуравдагч зах зээлд хүрнэ

Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод ийм зорилтыг дэвшүүлжээ. Энгүй том, эзгүй талыг хэрсэн төмөр зам хоёр том гүрэнтэй холбогдож, олон улсын тээвэр зуучаар өрсөлдөгч болох гэнэ. Ингэхдээ тарифын бодлогыг баримтлан, хамгийн хямд үнээр уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэж хүргэнэ гэжээ.

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг өнгөрсөн зун УИХ баталсан юм. Энэ шийдвэр нь төмөр замын хөгжил нэг алхмаар урагшлах гарц болсон юм. Бодлого тодорхойлогчид төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлснээр хөрш хоёр гүрнээр дамжуулан гуравдагч зах зээлд хүрч, далайн боомтуудад гарцтай болох зорилт тавьжээ.  Төрөөс баримтлах бодлогын хүрээнд төмөр замын техник, технологийн шинэчлэлийг олон улсын стандарт, дэвшилтэт техник, технологид хүргэнэ. Үүний дотор хүнд жинтэй галт тэрэг,  хөдөлгөөний удирдлагын цахим систем зэргийг нэвтрүүлж, тээвэрлэлтийн үйлчилгээг найдвартай болох ажээ.

Бодлогын хүрээнд Монгол Улсад ойролцоогоор 5683.5 км төмөр замын суурь бүтцийг үе шаттайгаар шинээр барина. Евро-Азийг холбосон төмөр замыг бүтээн байгуулснаар далайд гарцгүй манай улсын гадаад худалдаа, хамтын ажиллагаа өргөжиж, уул уурхайн бүтээгдэхүүнийг ОХУ-д болон гуравдагч орнуудад ОХУ-ын Алс Дорнодын боомтыг ашиглан экспортлох боломж бүрдэх юм.

Төмөр зам барьж байгуулах үе шат бүрийн эхлэх хугацааг Засгийн газар тухай бүр шийдвэрлэж байх юм байна. Эхний шатанд 1100 орчим км төмөр зам барьж эхлэх ба үүнд, Даланзадгад-Таван толгой-Цагаан суварга-Зүүнбаян чиглэлийн 400 км, Сайншанд-Баруун-Урт чиглэлд 350 км, Баруун-Урт-Хөөт чиглэлийн 140 км, Хөөт-Чойбалсан чиглэлд барих 150 км төмөр зам багтжээ.

Ойрын жилүүдэд Тавантолгой, Цагаан суварга, Адуунчулуун, Чандгана, Талбулаг, Хөөт зэрэг нүүрс болон зэс, вольфрам, цайр, жоншны зэрэг ашигт малтмалын томоохон ордуудыг ашиглаж эхэлнэ. Тэр үед эхний ээлжинд барих төмөр зам ашиглалтад орсноор манай улсын экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонн болох урьдчилсан тооцоо байна. Энэ нь төмөр замаар тээвэрлэж байгаа одоогийн нийт ачааны хэмжээнээс 3.5 дахин нэмэгдэнэ гэсэн үг юм. Түүнчлэн зам дагаж хөгжил гэхчлэн Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг аймгийн дэд бүтэц хөгжиж, дэд бүтцийг дагасан хот, суурин газар бий болох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх боломж бүрдэн ажлын байр шинээр нэмэгдэж, хүн амын амьжиргааны төвшин дээшилнэ гэж бодлого боловсруулагчид төлөвлөжээ.

Төмөр зам барих хоёр дахь үе шатанд 900 орчим км барина. Үүнд,  Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 45.5 км, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Хөөт-Тамсагбулаг-Нөмрөгийн чиглэлийн 380 км, Хөөт-Бичигтийн чиглэлийн 200 км төмөр зам байна.

Харин гурав дахь үе шатанд 3600 орчим км төмөр зам барих ба баруун чиглэлийн төмөр замыг ирээдүйд ашиглах ордууд, бүс нутгийн хөгжлийн бодлого, хүн амын суурьшилттай уялдуулан төлөвлөх юм байна.

Төрөөс баримтлах энэхүү бодлогод “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн шинэчлэл хийх тухай заасан байна. Нийгэмлэгийг үүсгэн байгуулсан эрх зүйн баримт бичгийг зах зээлийн өнөөгийн нөхцөлд нийцүүлэн шинэчилж, нийгэмлэгийг Компанийн тухай хуулийн дагуу хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулахаар төлөвлжээ. Мөн Монголын талын хөрөнгийн эзлэх хувийг нэмэгдүүлэх гэжээ.  

Б.Cүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж