Инфляцийн аюул Азийг айлгаж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Инфляцийн аюул Азийг айлгаж байна

Азийн орнуудад инфляцийн өсөлт нэмэгдэх хандлагаас болж дэлхийн хөрөнгө оруулагчид сэрэмжээ нэмэгдүүлж байна. Хөгжиж буй Азийн орнуудад эдийн засаг хэт өсч, инфляцийн аюул бодлого боловсруулагчдыг зарим нэг арга хэмжээ авахад хүргэж байгаа билээ.

“FTSE” дэлхийн индекс хоёр хувиар унаж, хөрөнгийн биржүүд дээрх бүтээгдэхүүний үнэ унаж байгаа нь хөгжиж буй зах зээлүүд мөнгөний бодлогодоо өөрчлөлт оруулахаар төлөвлөж буйтай холбоотой. Газрын тосны үнэ энэ сарын хамгийн бага төвшинд хүртэл буурсан бол үнэд орж байсан зэсийн ханш аравдугаар сарын эхэн үеийнхтэй адил болж байна. “Wall Street” дээр “S&P 500” биржийн индекс 1,6 хувиар унаж, зунаас хойшхи хамгийн их уналттай тулгарав.

Хэдийгээр “Walmart” нааштай хариу хэлж байгаа ч АНУ-д хувьцааны үнэ буурч байгаа юм. Энэ нь хөрөнгө оруулагчид АНУ-ыг биш Европыг анхааралдаа авч буйтай холбоотой. Хэд хэдэн орнууд өрийн асуудалтай байгаа нь еврогийн ханшийг унагаж байгаа аж. Сүүлийн долоо хоногийн хугацаанд хөрөнгийн зах зээл дээр анхаарлын төвд байгаа Ирланд улсын асуудлыг Бруссель хотноо Еврозоны Сангийн сайд нар хэлэлцсэн юм. Уулзалтаас Ирландад санхүүгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргаагүй ч тус улсын банкны салбарт дэмжлэг үзүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлэх болсон байна. Гэхдээ тус улсын Ерөнхий сайд ирэх долоо хоногт дөрвөн жилийн эдийн засгийн төлөвлөгөөг танилцуулна гэж мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдын санааг бага зэрэг амраасан ч байдал намжтал цаг хугацаа хэрэгтэй байгаа бололтой.

Аравдугаар сард Их Британи болон Еврозонд үнийн өсөлт тоо­цоолж байснаас их гарч, үүнд тохирох бодлогын өөрчлөлт хийгдэх төлөв харагдахгүй байгаа нь инфляцийн дарамтыг нэмэгдүүлж байна.

Европын асуудал дээр нэмээд биржүүд дээрх БНХАУ-ын нөлөө ч их байгаа юм. Мөнгөний бодлогоо чангатгана гэх мэдээллээс болж цаашдын эдийн засгийн өсөлт буурах талаарх айдсаас болж Шанхайн “Composite” индекс дөрвөн хувиар унаж, арилжааны сүүлийн гурван өдрийн дотор нийт найман хувиар буурчээ. Хэдийгээр Хятад улсын зүгээс энэ арга хэмжээг өөрийн эдийн засгийг хэт халалтаас хамгаалах зорилгоор авч байгаа ч дэлхийн хэрэглээг бууруулах төлөв ажиглагдаж байгаа юм. Үүнээс болж банк, үл хөдлөх хөрөнгө болон эрчим хүчний компаниудын хувьцааны үнэ хамгийн ихээр унасан нь аж үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын салбар хавчигдаж эхэлж байгааг харуулж байна.

Хятадын төв банкны зүгээс удалгүй зээлийн хүүгийн төвшинг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа. Мөн сүүлийн үед өсч буй хүнсний үнийг зохицуулах шинэ арга хэмжээ авах гэж буй тухай “China Security” сэтгүүлд бичсэн байна.

Түүнчлэн Өмнөд Солонгосын төв банк мөн инфляцийн аюулаас сэргийлэх үүднээс хүүгийн төвшинг нэмсэн юм. Тус улс энэ онд ийнхүү хоёр дахь удаагаа хүүгийн төвшинг өсгөж байгаа юм.

Газар тариалангийн бүтээгдэхүүн болон металлын хэрэгцээ өндөр байх үед их хэмжээний ашиг олж байсан компаниуд энэ өдрийн хамгийн том ялагдагчид байлаа. Азийн хэрэгцээ буурах нь бараг тодорхой буй нь металлын ханшийг унагасан юм. Алтны үнэ 2,2 хувиар унаж, унц нь 1338,30 ам.доллар, мөнгө 3,2 хувиар унаж, 25,22 ам.доллар болоод байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж