
-Улаанбаатар төмөр зам “Трансмашхолдинг”-той байгуулсан гэрээний дагуу шинэ зүтгүүр авч эхэлж байгаа гэсэн үнэн үү?
-Бид бол ирснийг нь явуулдаг, эвдэрснийг нь засдаг хүмүүс шүү дээ. Яг ямар гэрээний дагуу зүтгүүр ирж байгааг мэдэхгүй. Юутай ч бид цоо шинэ зүтгүүртэй болсон нь үнэн. Харин энэ зүтгүүр эвдэрсэн тухай Оросын болон Монголын хэвлэлүүдэд бичсэнийг уншсан. Ийм зүйл огт байхгүй.
-Оросын хэвлэлд бичсэнээр 2ТЭ11УМ маркийн зүтгүүрийн подшипник цаг агаарын нөхцөл даалгүй эвдэрсэн гэж бичсэн байсан?
-Подшипник гэж төмөр шарек л гэсэн үг шүү дээ. Хүйтнийг даалгүй эвдрэх шарек гэж юу байх вэ дээ. Шинэ зүтгүүр авснаас хойш ямар нэгэн байдлаар доголдол гараагүй хэвийн ажиллаж байгаа.
-Шинээр хоёр зүтгүүр авсан гэсэн, мөн “Трансмашхолдинг”-той байгуулсан гэрээний дагуу 35 эсвэл 42 ширхэг зүтгүүр авах ёстой гэсэн зөрүүтэй тоонууд байна л даа. Хэдэн зүтгүүр авахаар гэрээ байгуулсан юм бэ?
-Хоёр ширхэг зүтгүүр авсан гэж бичсэн байна лээ, тэр бол худлаа. Парк шинэчлэлтийн ажлын эхний туршилтад 2ТЭ11УМ маркийн нэг зүтгүүр авчирсан. Цаашид нэмж авчрах тухай яриа байдаг ч цаасан дээр буусан гэрээ хэлцэл одоогоор алга. Яригдах төдий л байна.
-УБТЗ-д нийлүүлсэн энэ зүтгүүрийг үйлдвэрлэсэн компаниас Монголд мэргэжилтнүүд ирж ажиллаж байгаа гэсэн. Тэд ямар ажлаар энд байгаа вэ, эвдэрсэн дизелийг засахаар ирсэн гэх мэдээлэл бий?
-Үйлдвэрээс засварчид ирсэн юм биш шүү дээ. Тухайн техникийг хэрхэн ажиллуулахыг монгол ажилчдад зааж сургахаар мэргэжилтэн ирсэн.
-Зүтгүүр аль үйлдвэрийнх вэ?
-Украины “Луганск”-т үйлдвэрлэсэн.
-Цаашид хэчнээн зүтгүүр оруулж ирэх вэ?
-Хамгийн сүүлд авсан 2ТЭ11УМ маркийн зүтгүүр орчин үеийн электрон, компьютержсэн үнэхээр хүчин чадал сайтай. Цаашид ийм зүтгүүрийг орж ирвэл үнэхээр сайн байна. Өнөөдөр Улаанбаатар төмөр замын зүтгүүрүүд 25-30 жил болж хуучирсан. Нийтдээ 71 зүтгүүр байгаа ч ашиглалтад байгаа нь 48-52 орчим байна. Нэг нь эвдрэхэд нөгөөгийнх нь сэлбэгийг авч сэлбэсээр урд хормойгоо авч хойд хормойгоо нөхнө гэгчээр л явж байна шүү дээ. Адаглаад л манай ашиглаж буй хуучин зүтгүүрүүдийн сэлбэг хэрэгсэл нь олдохгүй болж, заримыг нь бид өөрсдөө ч хийх нь бий.
2ТЭ11УМ маркийн зүтгүүр нь 4500 тонн ачааг татах хүчтэй юм байна. Харин хуучин зүтгүүрүүд 2600-2800 тонн ачаа татах хүчтэй ажээ. Юутай ч шинэ зүтгүүр эвдрээгүй ажлаа гүйцэтгэж байгаа тухай Зүтгүүрийн депогийн дарга мэдэгдлээ. Харин ажилчид нь хоёр зүтгүүр ирсэн, нэг нь ердийн ажиллаж байгаа бол хоёр дахь нь яасныг хэлж мэдэхгүй байв.