
Отгонтэнгэр их сургуулийн удирдлагууд оюутнуудынхаа сурах идэвхи санаачлагыг өрнүүлэх, судалгааны ажлыг дэмжих, удирдан зохион байгуулах, манлайлах авъяас чадварыг хөгжүүлэх зорилгоор оны “Манлайлагч” оюутан, хамт олныг шалгаруулдаг уламжлалтай аж. Энэ хичээлийн жилд хоёр буюу түүнээс дээш улирал дараалан амжилттай суралцсан нийт 43 оюутанд сургалтын төлбөрийн 10-50 хувийн хөнгөлөлтийг үзүүлжээ. Мөн “Манлайлагч-судлаач оюутан”, “Манлайлагч-Удирдагч оюутан”, “Манлайлагч-Тэргүүлний оюутан”, “Манлайлагч-Хамт олон”, “ОТИС-ийн шилдэгийн шилдэг” оюутнуудыг тодруулж сургалтын төлбөрийн 15-25 хувийн нэмэлт хөнгөлөлтийг үзүүлсэн байна. Мөн зургаан улирал дараалан онц дүнтэй суралцсан хууль зүйн сургуулийн оюутан Ү.Амарбат эрдэм шинжилгээ судалгаа болон сургалтын ажлаараа хамт олноо манлайлан “Отгонтэнгэр их сургуулийн шилдэгийн шилдэг оюутан” болж сургалтын төлбөрөө 75 хувиар хөнгөлүүлсэн байна. Энэ хичээлийн жилд тус сургуулийн сангаас нийт 13 сая гаруй төгрөгийн хөнгөлөлт, тэтгэлэгийг үзүүлжээ. Харин өнгөрсөн 19 жилийн хугацаанд нэн ядуу өрхийн болон амжилттай суралцсан нийт мянга гаруй оюутанд 400 гаад сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн аж.
П.Наран