
Ирэх хавар махны үнэ ханш өсч магадгүй талаар таамаглал олны дунд байгааг үгүйсгэх аргагүй. Учир нь өнгөрсөн өвлийн зуднаар баруун аймгуудад найман сая гаруй мал хорогдож, малын тарга тэвээр муу учир зүүн аймгуудаас ихэвчлэн нөөцийн мах бэлтгэн нийлүүлж байсан. Гэтэл зүүн аймгуудад зун, намрын турш хоёр гурван сар дамнан гарсан малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор есдүгээр сараас эхлэн зургаан сарын хугацаанд малын гаралтай бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот руу оруулж ирэхийг Засгийн газрын тогтоолоор хориглосон. Иймд зүүн аймгаас мах оруулж ирэхийг хязгаарласантай холбоотойгоор нөөцийн мах бэлтгэх ажил ямар төвшинд явж буйг нийслэлийн Захирагчийн ажлын албаны ажилтнаас тодруулахад “Зүүн гурван аймгаас бусад аймгаас нөөцийн мах бэлтгэх ажил хэвийн төвшинд явагдаж байгаа. Энэ жилийн хувьд нийслэлийн Захирагчийн ажлын албанаас сонгон шалгаруулалтад тэнцсэн “Мах импекс”, “Тайж трейд”, “Мах экспорт” зэрэг хот хөдөөгийн 14 аж ахуйн нэгжид нөөцийн махны урамшуулалд 1.4 тэрбум төгрөг зарцуулах шийдвэрлэсэн. Үүний дагуу мал нядалгааны газар, ангилж савлах байр, зөөврийн унаа, ажиллах хүч, урьд жилүүдэд нийлүүлж байсан махны чанар зэргийг харгалзан нөөцийн мах бэлтгэх зөвшөөрөл дээрх компаниудад олгосон” гэсэн хариултыг өглөө. Энэ эрхмийн хэлж буйгаар нөөцийн мах бэлтгэх ажиллагаа хэвийн гэх боловч тухайн аж ахуйн нэгжүүд хавраас эхлэн зүүн аймгууд дахь салбарууд нь нөөцөнд бэлтгэх малаа худалдан авчээ. Тэгвэл томоохон мах бэлтгэгч болох “Мах экспорт”-ын комбинат нь Хэнтий аймагт бий. Бусад бэлтгэгчид ч нийслэлд ойрхон зүүн гурван аймгаас махаа бэлтгэдэг. Намар цагт нөөцийн махыг бэлтгэн зоорилдог гэж бодохоор нөөцийн мах бэлтгэх ажил хэцүүдэх нь. Шүлхий өвчний тархалттай холбоотойгоор махны нийлүүлэлт, үнэ ханш өөрчлөгдөхөөс гадна ирэх өвлийн өвөлжилт бас нөлөөлөх магадлалтай. Энэ өвлийн тухайд ихэнх аймагт бэлчээрийн даац хэтэрсэн, хур тунадас олон жилийн дунджаас ахиу унаж магадгүй зэрэг нь өвөлжилт хүндэрч, цаашид махны нийлүүлэлтэд нөлөөлж болох юм. Тухайлбал, энэ онд нийт нутгийн 50 гаруй хувь нь хэвийн, 40 орчим хувь нь гандуу, 10 орчим хувь нь гантай байгаа нь өвөлжилт хүндэрч болзошгүйг холбогдох албанаас анхааруулж байгаа. Тиймээс холбогдох албаныхан асуудлыг анхаарч зохицуулалтаа эртхэн хийгээсэй билээ дээ.