
-Замын хөдөлгөөнийг камераар хянадаг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Дүрэм зөрчсөн жолооч нарт хэрхэн хариуцлага хүлээлгэх асуудал ямар шатандаа явж байна?
-Хотын ачаалал ихтэй гол замуудын уулзварыг камерын хяналтад авснаар хөдөлгөөний ачааллыг бууруулах, хотын төвийн замд түгжрэл үүсгэх, дүрэм зөрчих, осол аваар гарахаас сэргийлэх ач холбогдолтой. Мэдээж зөрчил гаргаж буй жолооч нар камерын бичлэгт бүртгэгдэж байгаа. Гэхдээ манай байгууллага жолооч нарыг торгох эрхгүй учир Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн газарт зөрчил гаргасан авто машины марк, дугаар зэрэг мэдээллийг хүргүүлж байна. Өнгөрсөн нэг сарын байдлаар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хөдөлгөөнд хүндрэл учруулсан 10 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.
-Камерын системд орсноор төв замын хөдөлгөөний хурд өсч байгаа юу?
-Замын хөдөлгөөний хурд өмнөх жилүүдтэй харьцуулахад тогтмол өсч байна. Бид өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын бичлэгтэй энэ оны мөн үеийнхийг харьцуулахад маш их дээшилсэн гэдэг нь харагдаж байсан. Жишээ нь өмнөх жилүүдэд таван шараас Офицеруудын ордон хүртэл 1 цаг 30 минут зарцуулдаг байсан бол өнөөдөр 45 минутад дээрх замыг туулж байна. Энэ нь том оврын автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах болсонтой бас холбоотой. Гэхдээ хэдэн хувиар хөдөлгөөний хурд нэмэгдсэнийг хэлэхэд эрт байна гэх хариултыг өглөө. Харин тус төвтэй хамтран ажилладаг Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсээс зөрчил гарган камерын бичлэгт орсон жолооч нарт ямар хариуцлага тооцож буйг тодруулахад, Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс зөрчил гаргасан жолооч нарын талаар мэдээлэл ирдэг. Гэхдээ одоогоор хэд болж байгаа нарийн тоог хэлэх боломжгүй байна. Тус төв дээр манай ажилтнууд 24 цаг замын хөдөлгөөнийг хянадаг. Тэд зам дээр ажиллаж буй цагдаа нартайгаа холбогдож, зөрчлийг цаг тухайд нь арилгуулж, зохих хариуцлага хүлээлгэнэ. Камерын систем бол жолооч нарыг торгоход зориулсан зүйл биш. Харин замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх, замд түгжрэл үүсгэж буй жолооч нарыг илрүүлэх, ачааллыг бууруулахад чиглэж байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй гэв.