Монголын гурван ч соёлын өвийг ЮНЕСКО бүртгэлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Монголын гурван ч соёлын өвийг ЮНЕСКО бүртгэлээ

Кени улсын Найроби хотноо энэ сарын 14-нд ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийг хамгаалах тухай Конвенцийн Засгийн газар хоорондын тавдугаар хуралдаан эхэлж, уржигдарын хуралдаанаараа Монгол Улсын гурван ч соёлын өвийг бүртгэж авсан байна. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяраас дараах тодруулгыг хийлээ.

-ЮНЕСКО-д Монгол Улсын соёлын гурван ч өвийг бүртгэж авсан гэсэн таатай мэдээ цацагдаад байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Яг энэ өдрүүдэд Кени улсын  Найроби хотод Дэлхийн биет бус соёлын өвийн хорооны хурал болж байна. Тус хуралдаанаар уржигдарын орой Улаанбаатарын цагаар бол 22 цагийн орчимд Монгол хөөмий, монгол наадам гэсэн хоёр номинаци санал хураалтад орж, оролцогчдын 100 хувийн саналаар ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн үйл явдал боллоо. Үүний дараагаар мөн Монгол Улс 12 улстай хамтраад “Бүргэдийн ан буюу шувуучлахуй” гэсэн номинацийг бүртгүүлсэн. Эдгээр 12 улс дотор Бельгээс эхлээд Арабын орон Монгол зэрэг орон багтсан. Энэ удаагийн хуралдаанаар нийт 32 орны 147 соёлын өв орж,  48 соёлын өв бүртгэгдсэний дотор манайхаас гурван соёлын өв бүртгэгдсэн дүн мэдээтэй байна.

-Хятад улс хоолойн цуур нэрээр хөөмийг ЮНЕСКО-д бүртгүүлчихсэн. Энийг юу гэж ойлгох вэ?

-Хоолойн цуур гэдэг нь үндсэндээ хөөмий шүү дээ. Тэгэхдээ Хятад, Монгол хоёрын ялгаатай нь юу гэхээр манай хөөмийг ЮНЕСКО-д соёлын өвөөр бүртгэгдсэн, Хятад болохоор яаралтай хамгаалах соёлын өвөөр бүртгэгдсэн байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Монголд хөөмий хөгжиж байна, Хятадад хөөмийг хамгаалах шаардлагатай болжээ гэж ойлгож болох юм.
Нэг зүйлийг онцолход олон нийтийн дунд бас нэг буруу ойлголт яваад байна. Уртын дуу, морин хуур өөр улсууд ЮНЕСКО-д бүртгүүлчихсэн ч юм шиг. Морин хуурыг бол 2005 онд Монгол Улсын нэр дээр ЮНЕСКО-д бүртгүүлсэн бол уртын дууг 2007 онд Хятад, Монгол хамтарч бүртгүүлсэн байдаг юм.

-Одоогоор ЮНЕСКО-д бүртгүүлж баталгаажуулах шаардлагатай соёлын өв хэд орчим байдаг вэ. Нэрлэвэл?

-Нийтдээ арваад номинаци бий. Гэхдээ ЮНЕСКО  бүртгэж дуусаагүй байгаа учраас эхлээд зарлах нь өөр улс зэрэгцээд бүртгүүлэх магадлал өндөрсөх учраас тодорхой хэлэх боломжгүй. Тэгээд ч энэ удаагийн хурлаар нэг улсаас олон номинаци бүртгэхгүй гэсэн зарчим барьсан учраас манайх дангаараа хоёр, өөр улстай хамтраад нэг соёлын өвийг бүртгүүлсэн.

-Мадридад болсон уулзалтад та оролцоод ирсэн.  Ямар асуудал шийдвэрлэв?

-Дэлхийн банкнаас “Бүх нийтийн боловсрол” гэж төсөл хэрэгжүүлдэг. Энэ төсөлд Монгол Улс 2007 оноос эхлэн хамрагдаж,  өнөөдрийг хүртэлх хугацаанд 29 сая ам.долларын буцалтгүй тусламж авсан байдаг. Түүгээр 60 гаруй дунд сургуулийн их засвар, 25  гаруй дотуур байрны засвар, мөн олон тооны цэцэрлэгийн засварыг хийсэн. Зургаан настнуудыг сургуульд авах хөтөлбөрийг энэ төслөөс санхүүжүүлж, хэрэгжүүлсэн. Гэхдээ нэг жилийн өмнөөс хөтөлбөр зогссон. Шалтгаан нь Монгол хүний нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ 1000 ам.доллараас давсан гэсэн үндэслэлээр энэ төслөөс буцалтгүй тусламж авах эрхийг хасчихсан байсан. Харин сая Мадридад болсон хурлаар манай талын асуудлыг авч хэлэлцээд төслийг дахин нэг удаа хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа. Манай талаас үндсэндээ 150 гэр цэцэрлэг, 40 цэцэрлэг барихаар тооцож, нийтдээ 12 сая ам.долларын буцалтгүй тусламж авахаар өргөдлөө өргөн барьсан байсан. Энэхүү санхүүжилтийг 2011 оны төсөлд нь суучихсан. Ирэх оны гуравдугаар сард үүнийгээ санхүүгийн хороогоор нь баталгаажуулчихвал тавдугаар сард гэрээнд гарын үсэг зураад цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлчих боломжтой болж байгаа юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж