Грек бонд гаргаж, таван тэрбум евро босголоо

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Грек бонд гаргаж, таван тэрбум евро босголоо

Грекийн засгийн газар бонд гаргаж таван тэрбум евро /6.7 тэрбум ам.доллар/ босгосон байна. Долоон жилийн хугацаатай засгийн газрын бондыг нь хөрөнгө оруулагчид 5.9 хувийн хүүтэйгээр худалдан авч байна. Энэ нь сарын өмнө гаргасан 10 жилийн хугацаатай бонд нь 6.3 хувийн хүү байсныг бодвол хүү багатай юм. Тайлангуудаас үзвэл бондын эрэлт яльгүй сул байсан. Гэхдээ зарим нь үүнийг Грект Улаан өндөгний баяр болж байгаатай холбоотой гэж үзэж байна. Даваа гаригт гаргасан бонд нь өнгөрсөн долоо хоногт еврозоны лидерүүд Грект тусламж үзүүлэх шийд гаргаснаас хойш Грекийн хийж байгаа анхны алхам юм. Төрийн “NET” телевизэд өгсөн ярилцлагандаа Грекийн Сангийн сайд George Papaconstantinou “Энэ нь бид өмнөхөөс илүү боломжийн ханшаар бонд гаргах боломжтой байгааг харууллаа” гэж ярьсан байна.

Өнгөрсөн пүрэв гаригт Европын лидерүүд Грекийн өрийг дарахад 22 тэрбум еврогийн тусламжийн багц үзүүлэхийг зөвшөөрсөн. Грект тусламж хэрэггүй гэж Герман мэдэгдэж байсан тул өнгөрсөн долоо хоногийн уулзалтаас үр дүн гарахгүй байх вий гэсэн айдас байсан. Гэсэн хэдий ч үр дүнд хүрч чадсан бөгөөд тусламжийн арга хэмжээнд Олон улсын валютын санг оролцуулахаар шийдвэрлэсэн.

Тавдугаар сар хүртэл Грек өрөө дарахын тулд 20 тэрбум еврогийн санхүүжилт босгох хэрэгтэй байгаа. Европын орнууд гэрээ байгуулах үеэр еврогийн ханш огцом унасан ч эргэж сэргэсэн. Баасан гаригт еврогийн ханш 0,7 хувиар чангарсан бол даваа гаригт 0,26 хувиар өсч 1.34450 доллар болж нэмэгдсэн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж