Мэдэгдэлд “МАХН-ын XXVI их хурлын шийдвэрийг Улсын Дээд Шүүх хууль ёсны хэмээн үзэж, Монгол Ардын Нам бол Монгол Ардын Хувьсгалт Намын зүй ёсны эхлэл ба үргэлжлэл гэдгийг нотлон, 1921 оны гуравдугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан, 161300 гишүүд, дэмжигчидтэй улс төрийн ууган хүчин гэдгийг тодорхойлж, 001 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий гэрчилгээг шинэчлэн олгосон болно.
Намын эрх барих дээд байгууллага болох Их хурлаас ардчилсан зарчмаар олонхиороо шийдвэрлэсэн асуудлыг ганц нэгэн санал нийлээгүй хүмүүс хувийн болон улс төрийн ашиг хонжоо хайж, намыг дотроос нь хагалан бутаргах зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан олон нийтийн санаа бодлыг төөрөлдүүлэхийг хичээсэн улс төрийн увайгүй, ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаад Монгол Ардын Нам гүнээ харамсч байна.
Улс төрийн намын тухай хуулийн 15.6-д “Нам өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч хөрөнгө, гишүүнчлэл, тамга, тэмдэг, нэр, бэлгэдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэж тов тодорхой зохицуулсан байдаг билээ.
Иймд Монгол Ардын Намын нийт гишүүд, дэмжигчдэдээ хандаж, зарим нэг хүмүүсийн хууль бус үйлдэлд автахгүй байхыг сэрэмжлүүлж, XXVI их хурлынхаа бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх их үйлсэд эв нэгдлийг эрхэмлэн, эрч хүчтэйгээр ажиллахыг уриалж байна” гэжээ.