Би яг л рок попт хааны ширээнд сууж байгаа юм шиг л болсон

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Би яг л рок попт хааны ширээнд сууж байгаа юм шиг л болсон

Бачкаг тодорхойлох амаргүй. Тэр өөрийн гэсэн өндөрлөг, бас ертөнцтэй. Монголчуудын хоосон магтаал, манж занд дэндүү зоргоороо тэрээр ясны дургүй. Бас атаархуу занг ч тэр шүүмжиллээс ангид орхидоггүй. Удам судар, үзэл бодол авьяас гээд цөм урлагтай салшгүй холбогдсон Бачкад өөрийгөө хүндэтгэх тодоос тод чанар бий. Магадгүй алиа салбадай нар үүнд нь байж яддаг байж болох юм. Монголын нэгэн үеийн залуус алдарт "Никитон"-д сөхөрсөн залуу халуун насаараа бардамнадаг. "Хос хунгийн дууль", "Цамцаа тайл", "Янаг цэцэг", "Бүсгүй" гээд цөс хөөргөж цус булгилуулсан "Никитон"-ы эзэрхийлэл Монголын рок попыг дэглэж байсан. Гэхдээ Бачка яг энэ үед уран бүтээлийн "өлсгөлөн"-гөөр дэлхийн түвшин рүү тэмүүлсэн. Эрх чөлөөний оронд 7 жил амьдрахдаа оюун санаандаа ганзага дүүрэн ирсэн. Өөрийн брэндийг рок попт дархалсан "Никитон"-ы Бачкатай уншигч таныг уулзуулахад таатай байна.  Анх "Янаг цэцэг"-ийг дуулахад үзэгчид над руу нулимж байсан

-Тантай уулзалгүй удсан байна. Ямар ч байсан таны тухай сураг ажиг тавьж байгаа фенүүдийн чинь өмнөөс анхны асуултыг тавъя. Яг одоогоор та юу хийж явна. Сонин хачин юу байна?

-Одоогоор бэлтгэл хийж байна. Хэдэн гоё шинэ дуунууд хийсэн. Ерөнхийдөө энэ уран бүтээлдээ цаг заваа зориулж байна. Би чөлөөтэй байх дуртай. Өдөрт хоёр гурван цаг бэлтгэлээ хийгээд л явж байна.

-Сүүл ийн үед манайхан хямрал гэж их ярилаа. Амьдарч байгаа нийгэм таны уран бүтээл, сэтгэл зүйд хэр нөлөөлж байгаа бол?

-Хямрал ерөнхийдөө нөлөөлж байгаа. Хямралын сургаар хямарчихаад байгаа юм биш үү энэ хүмүүс. Хямарчихсан, хямрах ёстой гэсэн ойлголттой болчихсон байна. Гэхдээ хямрал бодитоор байх нь байгаа л даа.

-Аавынхаа нэрнээс илүү "Никитон"-оор овоглоод яг хичнээн жил өнгөрчихов. Монголын рок поп гэх ертөнц өнөөдөр Бачкагийн нүдээр ямар харагдаж байна?

-Чин үнэндээ Монголын рок поп мөнгө хөөх тал уруугаа орчихсон. Тэгээд л болсон болоогүй хэдэн дуунууд цацаад, гялс хэдэн клип хийж аваад телевиз FM-ээр сайн нүдэж байгаад хурдхан шиг тоглолтоо хийхийг л боддог. Тэгээд үзэгчдийг аргаддаг болчихож. Үзэгчиддээ баригдчихсан, тэднээсээ бүгд айдаг. Миний мэргэжил нэгт найз нөхөд болон ах дүү нар бүгд надад зөвлөгөө ч юм шиг Баачка чиний дуунууд их хүнд байна. Дэндүү мэргэжлийн байна аа. Одоо иймэрхүү маягаар тогловол энэ зритель хүлээж авахгүй.

Улаанбаатар чинь хот биш хөдөө болчихсон. Чи ийм дуунууд хийгээд явахгүй ээ" гээд л намайг ирснээс хойш зөндөө л хэлдэг байсан. Тэглээ гээд би яах юм бэ. Энэ нь юу хэлэх гээд байна вэ гэхээр бүгдээрээ зрителийн өмнө сөгддөг болчихсоных.

Яахав зритель юу хүсээд байна тэрийг нь хийх гээд л үзээд байгаа байхгүй юу. Энэ нь нэг бодлын буруу биш. Нэг ёсны үйлчилгээ маягийн болчихсон. Шоу бизнес гээд дэлхий нийт ярьдаг л даа. Гэхдээ урлагийг бас урлаг утгаар нь ярих юм бол миний ойлгож байгаагаар яг өөрийнхөө ертөнцийг таниулаад түүгээрээ байлдан дагуулах ёстой. Энэ бол урлаг байхгүй юу. Шүлэг яруу найраг ч бай хөгжим ч бай тэр хүний ертөнц. Жишээ нь "Никитон" хамтлагийн дуунуудыг би хийдэг. Би зохион оо гэдэг чинь миний ертөнцийг харах үзэл. Миний дуу, хөгжим ямархуу дуугарч байна, жаахан нүсэр, дээшээ байна гэдэг нь хувь хүний характерийг харуулж байгаа юм. Миний характер, миний өөрийн үзэл бодол гэж би ойлгодог. Үүнийгээ хүмүүст ойлгуулаад нийгэм тэрнийг гоё хүлээж авбал тэр уран бүтээл байхгүй юу.

-"Никитон"-той та яг хэдэн жил болж байна?

-1993 оноос хойш гэхээр 16 жил болсон байна.

-Энэ 16 жилд юу эсийг үзэхэв. Анх хүлээн зөвшөөрөгдөх гэж "Хөх чоно, хөөрхий чоно" гээд дуулж байхдаа нэлээн хөдөлмөрлөж чардайж байж гарч ирсэн байх шүү?

-Би хоёр зовлон амсаж байгаа. Саяхан хөгжим судлаач багштайгаа уулзаад асуусан л даа. "Энэ хот юу болчихсон юм бэ. Би хөдөөтэй ярихгүй. Хөдөө бол угаасаа миний хөгжмийг нэлэнхүйдээ хүлээж авдаггүй, яахав зарим нэг нь хүлээж авдаг байсан" гэхэд багш маань "Чиний бодож байгаа үнэн" гэж байсан. Хотод 18-тай бацаан би анх дуулаад эхлэхэд яг өнөөдрийнх шиг эргэлзээн дунд байсан байхгүй юу.  Анх "Янаг цэцэг"-ийг дуулж гарч ирэхэд зритель над руу нулимж байсан. Манай хажуугийн байрны охин "Чи ямар тэнэг дуу дуулдаг юм бэ" гэхэд нь би санаагаар унаж байсан. Тэр дуу надад таалагдсан болоод чадлаараа хийж байгаа юм.  Тэгэхээр нь би "Надад энэ дуу гоё санагдаж байхад хүмүүст өөр санагдаж байна. Эд нар тэнэг юм болов уу, би мангар юм болов уу гээд юм юм л бодож байсан. Тухайн үед би бацаан болохоор мэдэхгүй ш дээ. Барууны хөгжим л их сонсдог байсан.  Тэр үеийн нэрд гарч байсан одуудыг сонсоод л тиймэрхүү дуу хийхийг хүсдэг байсан. Монголын хамтлагуудаа би сонсдог л доо. Гэхдээ тэд нараас илүү дандаа барууны одууд шиг чанартай дуу яаж хийх вэ? Яаж эд нар шиг болох вэ гээд. Үүний төлөө би тэмцсэн байхгүй юу. Тэгээд л үзэж тараад байсан чинь манай "Соёл Эрдэнэ" хамтлагийн талийгаач Дамдинсүрэн гээд л олон хүн "Бачка чи ийм стилийн хоолойгоор иймэрхүү маягийн дуу дуулаад явахгүй ээ. Чамайг хэн ч ойлгохгүй" гээд л хэлнэ. Би аймаар санаагаар унаж, надад тэр үг нь мохоолт юм шиг санагддаг байсан.

Охидууд миний дуунд биш хувцаслалтанд дуртай байсан

-Гэхдээ та чадсан шүү дээ?

-Яагаад гэхээр надтай хамт гарч ирсэн манай найзууд "Титэм", "Шигтгээ" хамтлагууд болохоор цөм авч байсан. Зрителүүд яг үнэндээ хот тэр чигтээ нурж байсан байхгүй юу. "Титэм"-ийн "Үзэсгэлэнт од" ямар юмны "Жирийн монгол охин"-оор амьсгалаад л. Тэгэхэд Бачкад тэгж байгаагүй. Үнэнийг хэлэхэд би этгээддүү бацаан байсан байхгүй юу. Яах вэ миний гадаад имиж, этгээд хувцаслалтанд охидууд дуртай байсан. Гэхдээ дуунд бол дургүй байсан байхгүй юу. Би болохоор "За би ч бас арай ч нэг подъезноос гарч ирсэн хүүхэд биш. Муу ч сайн ч Хөгжим Бүжгийн Коллежид өчнөөн жил сурлаа. Мэргэжлийн дагуу хийж байгаа учраас яагаад ч муу руу орохгүй" гэсэн зарчимтай байсан. Барууны хөгжмүүдтэй харьцуулахад би хаана нь ч хүрэхгүй ч энэний төлөө үзье гээд зүтгэсэн. Тэгээд л хоёр гурван жилийн дараа өөр болоод эхэлсэн байхгүй юу.

-"Никитон"-ы байлдан дагуулалт эхэлсэн?

-Нөгөө найзуудын маань хийж байсан дуунууд бүр илт, гялс гялс хаягдаад миний дуу ерөнхийдөө хүмүүст ойлгогдоод хүрээгээ тэлээд эхэлсэн байхгүй юу. Гэхдээ удсан ш дээ. 89 оноос миний оргил үе бол 96 он ш дээ. 7 жил би үхтлээ зүтгэж байж Улаанбаатартаа хөгжмөө хүргэсэн. Манай багш "Бачка чи аргагүй ш дээ. Монголд цоо шинэ юм гаргаж ирсэн" гэж байсан. Бацаан байсан болохоор тэрийгээ би мэдэхгүй ш дээ. Над шиг төгөлдөр хуураа тоглоод барууны стилээр дуулдаг хүн байгаагүй. Яг ингээд хотынхныг байлдан дагуулсан. Нэг зовлон нь миний хүсэл характерт хязгаар байдаггүй юм, ер нь. Би өнөөдрийг хүртэл барууны чадвартай маш олон хүмүүсийн зиндаанд оччих юмсан гэж сурах гэж яваа. Юу гэхээр хөгжимд зах хязгаар, сурч дуусна гэж байхгүй. Яг үнэндээ би Монголд супер шүү гээд хашгираад байдаг боловч дэлхийн төвшинд харьцуулаад үзэхэд бас болоогүй. Бодит байдал яг ийм байна. Гэхдээ тун дөхүү, тэрэндээ ч би өнөөдөр эрдүү байгаа. Ийм эрмэлзэлтэй, өөрөө хөгжмөө зохиогоод дуугаа хийгээд байхад өнөөдрийн нийгэм намайг үнэлж цэгнэж чаддаггүй байхгүй юу. Гэхдээ Бачка нь бол далий, муруй, гаж буруу юм хийгээгүй ш дээ. Хоёр дахь зовлон нь юу гэхээр 1997 онд "Цамцаа тайл" CD-г гаргахад хүмүүс бүгд мэддэг, пуужин харваж байгаа юм шиг л тархсан. Би яг л рок попт хааны ширээнд сууж байгаа юм шиг л болсон. Үнэхээр хамгийн чадалтай нь байсан. Тэгэнгүүт миний дотор айдас төрж эхэлсэн.

Би бүгдэд таалагдах албагүй, чадах ч үгүй

-Яагаад?
-Дахиад CD гаргахад тэрнээс илүү юм хийж чадахгүй юм шиг санагдаад байсан.
-Та тийм гутранги хүн харагддаггүй?

-Би яах вэ дээ. Ерөнхийдөө уран бүтээл дээр өлсгөлөн хүн байхгүй юу. Тэгээд л за ер нь тэр Америк, Англид очиж үзье. Хүмүүс нь яаж амьдардаг юм, ямаршуу байдалтай байдаг юм гээд л явсан. 6, 7 жил өнгөрсөн. Эргээд ирэхдээ би Улаанбаатарыг хүмүүсийн сэтгэхүйг шал өөрөөр төсөөлж байсан. Би дэлхийг бизнес бүх юмаараа ноёлж байгаад ирсэн. Яг хөгжилтэй оронд чадвартай хүмүүсээ яаж хүндэлнэ гээч, аймаар.  Манай Монголчууд яадаг гээч. Атаархуу. Атаархуу зан хүн болгонд байдаг. Хүн хэдий чинээ боловсорч, юм үзэж нүд тайлна атаархуу зангаа төдий дарж сурдаг байхгүй юу. Өнөөдөр манай залуусын боловсролын төвшин муу байна. Тэр хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл дорой байна. Би бол Монгол хүүхэд ш дээ.  Өнөөдөр намайг ямар нэгэн байдлаар маш сайхан тоглолт хийгээд, чадалтай дуулахад Батчулуун гэхгүй. Хятадад ч юм уу, Орост тоглоход энэ Монгол хүн л гэнэ ш дээ. Тийм учраас би юу гэж хэлмээр байна гэхээр өнөөдөр манай Монгол улс миний ажиглаж байгаагаар мөнгөнд л нүд нь бүрхчихсэн. Ерөөсөө мөнгө л хараад байна. Хаана мөнгө байна. Тэрний хойноос ёстой нээрээ давхиж байна аа.

-Таны залуу нас Монголын бүхэл бүтэн нэгэн үеийн залуусын "цамцыг нь тайлуул"-ж, "Хос хунгийн дууль"-иар сөхрөөсөн. Тэр бол гайхамшиг. Тэр халуун үе одоо нүдний чинь өмнө жирэлзэхэд таньд ямар мэдрэмж авчирдаг вэ?

-Юм өөрчлөгдөлгүй яахав. Миний ганц эмзэглэж явдаг юм юу гэхээр хүмүүс "Бачка тэр үе гоё байсаан. Одоо ингээд чамаас дуунууд гарахгүй байна. Чи ийм байна" гэдэг. Надад дургүй нэг хэсэг байхад дуртай нэгэн байна. Бүгдэд нь би таалагдах албагүй. Чадах ч үгүй. Өнөөдрийн Монголын рок поп, радио FM, телевиз бүгд тогтолцоо нь мөнгөн дээр тогтдог болчихсон. Ерөөсөө л мөнгө мөнгө. Тэрэнд нэг их үхэн хатан зүтгээд байх хоншоортой ч их мөнгө биш байхгүй юу. Өнөөдөр жишээ нь 50 жилийг байлдан дагуулсан од болоод ч Монголд рок поп, урлагаар тэгж их мөнгө хийнэ гэж байхгүй ш дээ.  Тийм учраас би мөнгөний төлөө явдаггүй. Би бол хэдэн үеэрээ урлагийн гэр бүлийн хүн. Энэ урлагийг хаяна гэж байхгүй. Дээр нь би борооны дараах мөөг шиг энэ олон урлагийн хүүхдүүдээс хамаагүй илүү мэдрэмжтэй, чадалтайгаа мэддэг. Тийм учраас би эд нартай уралдаад ч байх шаардлага байхгүй. Тэгээд ч одоохондоо тэгтлээ бололцоогүй болчихоогүй байна л даа. Би энэ урлагийг зүгээр л урлаг чигээр нь хөгжүүлмээр байна. Миний ганц мөрөөдөл энэ. Даанч хот өнөөдөр хөгжим мэддэггүй бүгд мөнгөний төлөө гүйгээд завгүй болчихсон.  Хүнд ер нь өсөхөөс сурсан орчин, үзэж харсан юм их нөлөөлдөг. Түүгээрээ тэр хүний вкус ялгарч байдаг. Монголын нийтлэг залуус яг өмсч байгаа жинс шигээ, өмсч байгаа костюм пиджак шигээ сэтгэлгээтэй болчихсон.. Тэр нь мөнгөний бололцоогүйгээс болж болно л доо. Хүн заавал гоё ганган үнэтэй юм авч өмсөхдөө биш донж нь таарсан, хөөрхөн имижтэй хувцаслая гэвэл Улаанбаатарт зөндөө л байна ш дээ. Монголын ихэнх залуучууд халтар ухна шиг явдаг. Би тэр залуусыг заавал мөнгөтэй бай гэж хэлэхгүй. Угаасаа бүгд бололцоотой байж чадахгүй. Хамгийн гол нь усанд ордог байх хэрэгтэй. Хамгийн энгийн асуудал цэвэрхэн байх, амаа угаах хэрэгтэй.  Тэр хүний гутал майжгий байсан ч сайхан тослоод цамцаа угааж өмсөөд хотоо чимээд явахад болж байна. Тэгэхэд бүх хүн зохисон зохиогүй үнэтэй хувцас өмсөх гээд л дайрчихдаг. Нийгэм сохор болчихоод байна.  Намайг хүчтэй гарч ирэхэд рок попынхон дургүй, дарж байсан.

-Та ер нь тэр үед Америк явсаныгаа амьдралынхаа зөв сонголт гэж боддог уу?

-Би бол аягүй зөв сонголт гэж боддог. Харин хүмүүс буруу гэж хэлдэг. Би энд ирээд "Нандин шүтээн" гэдэг дуу хийлээ. Зарим хүмүүс үздэггүй юм. "Би чамд хайртай" гэдэг дуу хийсэн. Тэр хөгжмийн дуугаралт, орчин бас л амьд, хөгжлөө харуулж байгаа. Нээрэн шүү. Бид нарын тоглож байгаа чадварыг хаанахын ч бай дэлхийн аль ч хүмүүс үзсэн ер нь өө хэлэхэд бэрх дээ. Тун нормальный хийж байгаа. Би өөрийгөө магтаж байгаа ч юм биш. Яагаад гэхээр олон орны хөгжим дээр тулгуурлаж хийж байгаа. Америкт байхад машинд Мексикүүдийн нэг их балай дуу явдаг. Яг нөгөө народный, манай энэ зохиолын дуу шиг дуу. Тэр нь ёстой үзлийн муухай гээч. Тэрэндээ тэр Мексикчүүд их дуртай. Аягүй муухай сонсогддог. Тэгэхээр манай энэ зохиолын дуунууд барууныханд яг тэгж сонсогддог за юу. Аягүй шалиа балиа ш дээ. Аялгуу нь хоорондоо усны дусал шиг адилхан. Ингээд ярихад олон хүн дургүйцнэ. Яагаад гэхээр нийтлэг, нэлэнхүйдээ ийм юманд дуртай юм чинь энэ муу Бачка юу гээд байгаа юм л гэнэ. Эцсийн эцэст он жилийн уртад үүнийг хүмүүс ойлгодог болно. Аливаа юм чадвар дээр оршино. Чадвар гэдэг бол анхдагч хундаам. Чадваргүй юмнууд он жилийн уртад жирэлзээд л алга болно. Одооны энэ хүүхдүүд ерөнхийдөө хэлбэр дагасхийгээд л явдаг.

-Та Америк явахаасаа өмнө Пентатоникт тоож орохгүй гэж тухайн үедээ нэлээн сенсаац дэгдээж байсан. Одоо бодоход үнэлэмж дээр дайн зарладаг байж, тийм үү?

-Би энэ Асашёорюү эд нарыг хардаг юм. Ямар бяр чадлаар солируултал барилдаад л мандаж байхад сүйд болоод байдаг хүмүүс. Жаахан хүч нь харихаар яаж эргэж байна. Чадалтай хүн бол чадалтай ш дээ. Хөөрхий, спорт бол бүр хэцүү яалт ч үгүй нас дагана. Манай Монголчууд их атаархуу. Би юу гэх гээд байна гэхээр тэр үед би хүчтэй гарч ирсээн. Тийм хүчтэй гарч ирэхээр урлагийнхан, манай рок попынхон ч гэсэн дургүй байсан. Намайг дарж байсан. Одоо домогт "Хос хунгийн дууль" гээд яриад байдаг ш дээ. Тэгэхэд тэр үед миний "Хос хунгийн дууль"-ийг тэгж үнэлээгүй л байхгүй юу. Би тэрний төлөө л Пентатоникт орохгүй гэсэн ш дээ. Хөөрхөн дуунууд байдаг аа. Хит дуунуудтай сайн бүтээлийг холидог. Хит гэдэг чинь нийтийн болж байгаа байхгүй юу. Тэр үеийн "Цэргийн бодол" хөөрхөн дуу л даа. Хит болсон. "Цэргийн бодол"-ыг одоо ингээд хөгжимчдөөр бодоод үзэхэд тэрэн дээр гарч байгаа чадвар, дууны цар хүрээ "Хос хунгийн дууль"-ийг давахгүй. Тэгтэл Пөнтатоникт "Цэргийн бодол" шагналыг нь авчихдаг. "Хос хунгийн дууль" ард нь үлдчихдэг. "Хурд" шилдэг хамтлаг болдог. "Никитон" болдоггүй. Ийм л асуудал байсан ш дээ. Тэгээд би орохгүй л гэсэн. Угаасаа би шударга байх дуртай. Ер нь би яагаад хөлсөө гоожуулж бэлтгэл хийгээд сайн бүтээл хийхийн төлөө зовж байгаа юм. Тэрнийхээ горыг амсах л ёстой ш дээ.

Манай нийгэм чаддаг хүн рүүгээ нуруугаа харуулдаг

-Хувийн зан чанарын хувьд олны жишгийг дагадаггүй, тал засдаггүй ч юм уу талаараа бусдаас зэмлэл сонсдог байсан байх. Бачка чи хэтэрхий зоргоороо байна ч гэдэг юм уу?

-Өө тийм. Хүмүүс тэрэнд л дургүй. Чи дэндүү онцгойрох гэлээ. Чи ганцаараа дуучин юм уу гээд л. Нэг ёсондоо оддын өвчнөөр өвчилчихлөө гэдэг байхгүй юу. Эргээд бодоход уг нь чадалтай л бол чадалтай ш дээ. Юу үнэн тэр л үнэн. Хэн чадаж байна тэр нь л цойлох ёстой.

Бөхөөр бодоход заан начинг аваргуудтай харьцуулдаг уу. Бүх юм чинь зиндаатай. Рок поп ч адилхан. Аваргууд гэж байна. Манайхан яадаг гэхээр бүгдийг нь еэвэнддэг. Өнөөдөр рок попт начин ч биш юмнууд зөндөө байна ш дээ. Юу үнэн тэр үнэн. Хүн яг л чаддаг чаддагаараа л байна. Чадаж байна аа гэдэг чинь тэр хүнээс илүү их цаг зав зарцуулагдсан байгаа байхгүй юу. Энэ чинь хамгийн шударга шүүлт нь. Чи бод доо. Аварга болж байгаа бол начингаас хамаагүй илүү хөлс хүч гоожуулсан, дээр нь бурхны хишиг байгаа байхгүй юу. Би зуун жил бэлтгэл хийгээд ч Г.Өсөхбаярыг давахгүй, Б.Бат-Эрдэнэ аваргыг хаяхгүй ш дээ. Үүнтэй адилхан та нар энэ борооны дараах мөөг шиг хүүхдүүдтэй бас битгий андуур л даа. Та нар зуун жил бэлтгэл хийгээд ч Бачкад хүрэхгүй ш дээ. Цаанаасаа мэдрэмж байдаг байхгүй юу. Үүн дээр бас нийгмийн буруу шүүлт байна. Өнөөдөр нийгэм чаддаг хүмүүс рүүгээ нуруугаа харуулж байна. Би жишээ нь хөгжмийн ямар боловсролтой билээ. Тэгэхэд нийгэм над руу нуруугаа харуулж байна. Тэгээд начин ч болоогүй хүүхдүүдэд нүүрээ харуулаад байгаа байхгүй юу. Энэ нь нийгмийн вкусыг харуулж байна. Нөгөө талаар Бачка чи юм хийхгүй байгаа гэдэг. Тэрэнд миний сул тал байна. Би яагаад юу хийхгүй байна гээч. Өнөөдөр энэ нийгмээс болж байна. Миний дуу хөгжмийг телевиз, FM нь авахгүй байна ш дээ. Надад аягүй нагрузкатай байгаа байхгүй юу. Би бодож байгаа юм. Нэгэнт ийм байгаа юм чинь би хийдгээрээ хийгээд явъя. Заримдаа би интернэтээр ороод хардаг л даа. Бачка энэ стиль имижээ өөрчилмөөр юм аа гэдэг. Би тэр хүмүүст хэлье. Малууд байхгүй юу, тэд нар бол. Чи намайг солигдохыг хүсэх юм бол ондоо CD-гээ аваад сонс л доо. Бачкаг сонсч яах юм. Ерөнхийдөө би чадвараа дээшлүүлж байгаа. Мэргэжлийн талаасаа тэр үеийн миний хийж байсан дуунуудаас одоо чадвар оранжеровшик, найруулга бүх юм шинэчлэгдэж байгаа. Гэхдээ чиг хандлага алдаж болохгүй. Жони Волкер гэдэг виксиг нэг нь очоод "Чи наадахаа хийхээ боль л доо" гэж хэлэхгүй ш дээ. Энэ чинь брэнд байхгүй юу. Та нар ундаа архи хий л дээ гэж байгаатай яг адилхан байхгүй юу. Би энэ хөгжмийг хийх гэж өчнөөн жил хөдөлмөрлөсөн. Найман наснаасаа эхлээд л 40 шахталаа энэ цаг хугацааг зарцуулсан гээд бод доо. Ямар урт хугацаа, туршлага вэ. Би ондоо Крикоров шиг дуулах юм уу. Аль эсвэл би Бат-Эрдэнэ шиг дуулах юм уу. Хүсэхгүй бол чихээ дараад өөр хүн сонс л доо. Брэнд бол брэнд л байхгүй юу. Тиймээс Бачка бол Бачка.

-Таны хувьд бол Монголын рок поп ертөнц энэ тэр гэж ярих утгаа алдчихсан юм байна л даа?

-Одоо манай рок попынхон нийтээрээ дуулдаг. Ямар юмны намын дуу, сонгуулийн дуу гээд л дуулдаг. , Залхмаар юм. Онигоо байхгүй юу. Яах гэсэн юм бэ. Энэ дууг ингэж зовоож яах гэсэн юм бэ. Сая гэхэд л нийтээрээ дуулах дуунд орооч гэсэн санал ирсэн. Би орохгүй гэсэн. Тэрнээс болоод би найзтайгаа хүртэл муудалцаж байгаа юм ш дээ. "Би орж чадахгүй ээ. Улиг болсон юм" гэдэг. Нийт хүмүүс намайг үнэлэхгүй байж болно оо. Би өөрийгөө ерөнхийдөө ямар гэдгээ мэднэ. Зэвэрч байгаа бол тэрийгээ бас мэдээд больчихно. Өнөөдөр Батчулууны байж байгаа чадвар Монголдоо бол урд нь явж байгаа шүү. Би Монголын рок поп ертөнцийг харж байна. Яг үнэнийг хэлэхэд би дээрээс нь харж байгаа шүү. Би тэгж л хэлнэ.

Би яагаад бусадтай адилхан биш байснаараа адлагдах ёстой юм бэ?

-Оргил өөд гарахын тулд замдаа золиосолсон зүйл гэж мэдээж байгаа. Бачка энэ олон жил юугаа алдаж юуг олж авав?

-Би хөгжмөөс салж чаддаггүй. Маш олон найз маань надад "Бизнес хийе. Одоо чи наад хөгжмөөрөө яадаг юм". Уг нь миний төлөө л дөө. Гэвч би чаддаггүй. Яагаад гэхээр энэ мэргэжлийг эзэмшиж энэ олон хүмүүсээс илүү ихийг сурахын тулд би ямар их хүч зарцуулсан билээ. Би дундаж бизнесмен байснаас хөгжмөө тоглоё л доо. Би дундын баймааргүй байна ш дээ. Мэдээж би бизнесийн одууд болох MCS-ын Ж.Оджаргал, АПУ-гийн П.Батсайханыг яагаад ч гүйцэхгүй. Тийм учраас би дундаж баймааргүй байна. Өнөөдөр би кармандаа сая доллартай байгаад бизнес хийе. Монголд сая доллар их мөнгө л дөө. Бизнесийн хүрээнд сая доллар их мөнгө биш болчихсон ш дээ.

-Одоо та "Хос хунгийн дууль"-ийг давсан дуу хийнэ гэж ам гарч чадах уу?

-Давсан гэдгийг би ойлгодоггүй. Тэр чинь миний хийсэн зүйл ш дээ. Баянмөнх аваргаас та 92 оны барилдаан шиг дахиж барилдах уу гэж асууж байгаатай адилхан. "Нандин шүтээн" дууг би хамгийн сайнаараа л хийсэн. Хамаг хүчээрээ л хийсэн. Тэрнийг зритель юу гэж ойлгох юм. Хөгжим судлаач нар сонсоод үзэхэд шинэчлэлт байгаа. Яг үнэнийг хэлэхэд би нөгөө талаараа баярлаж байгаа шүү. Юунд гэхээр нийгэм-миний хийж байгаа шинэ хөгжмийг хүлээж авахгүй байгаад би баярлаж байна.

-Яагаад?

-Миний хийгээд байгаа хөгжмийг та нар хараарай. Бас хоёр гурван жилийн дараа ойлгоно. Үүгээрээ би юу хэлэх гэж байна гэхээр би бас яг урд нь алхаж байна. Үүндээ би баярлаж байна.

-Эрх чөлөөний оронд өнгөрүүлсэн 7 жил таньд юу өгсөн юм бэ?

-Чи бод л доо. Одоо миний сүүлийн арван жилд хийх бүтээлийн тэр их чадварыг өгсөн. Би чамаас асууя л даа. Миний "Нандин шүтээн", "Би чамд хайртай" дууг сонсохоор ямар санагддаг вэ.

-Мэдээж ам барьж дуулдаг одоогийн хамтлаг дуучдынхтай зэрэгцүүлшгүй. Та чинь оркестр, амьд хөгжимтэй дуулдаг шүү дээ?

-Тэгвэл энэ шал өөр юманд хүмүүс дургүй байдаг юм уу. Нэг хэв загварт байхад дуртай юм байна л даа. "Нандин шүтээн"-ийг дууг ямар хамтлагт хэн дуулж байна гэж би асууя.

-Нэр алга аа?

-Би энийг чинь л брэнд гэж хэлж байгаа байхгүй юу. Монголд би ганцаархнаа үүнийг хийж байна. Би яагаад тэр дуучидтай адилхан биш байгаагаараа нүд үзүүрлэгдэж байгаа юм бэ. Энэ чинь уг нь хамгийн зөв зан байхгүй юу. Олон салаа шал өөр өөр замаар явж байж энэ ертөнц чинь өөрчлөгддөг байхгүй юу. Анхаа, Халиунаа л гэнэ, Киви, ямар юмны дөрвөн зүг зовхис ч гэнэ үү, бүгд хоорондоо ижилхэн. Ерөнхийдөө дуулж байгаа хэв маяг жанр яг нэг хэвэнд цутгамал. Би үүнийг л хэлээд байна. Өөр байгаа биз дээ. Би энэ өөр ертөнцийг чинь харах гэж 7 жил Америкт байсан. Ийм л нүдээр Монголыг харж байна. Би уран бүтээлч хүн. Ой гутаж байна. Өнөөдөр Монголд эгшиглэж байгаа энэ дуунууд, үүнийг балиашиглаж байгаа зрителүүдэд үнэхээр ой гутаж байна. Гэхдээ үе ирнээ дахиад. Яагаад гэхээр би өөрийгөө хөгжүүлсэн. Миний хөгжим өөр хөгжим шүү. Урлаг гэдэг нэг сонсоод аманд ордог юм биш. Миний "Нандин шүтээн"-ийг дуулаад үз дээ. Караокед ч юм уу найранд ороод дуулаад үз дээ. Үүн дээр урлаг оршиж байдаг. Яг тайзны дуу байхгүй юу. Нийтийн дуу чинь нийтээрээ л дуулах дуу. Захын жолооч нар дуулдаг. Захын жолооч нар миний "Би чамд хайртай"-г дуулаач. Энэ хоёрын хооронд хэдэн жил байна. Үүнд чадвар оршиж байгаа байхгүй юу. Үүнийг үнэлж цэгнэх хэрэгтэй. Өнөөдөр мөнгө олохгүй байж болно оо, нас хамаагүй. Хамгийн гол нь жинхэнэ уран бүтээл хийх хэрэгтэй. Дээр нь зиндаа гэж байдаг ш дээ. Манайхан хит дуу гаргасан болгоныг од гэж боддог. Үгүй ш дээ.

Худлаа магтаал, манж занг гайхдаг

-Энэ үзэл бодол таны хувьд хайртай хүмүүстэй чинь дүйх хэмжээний үнэтэй юм байна. Эхнэр чинь ойлгодог байсан уу?

-Манай эхнэр ойлгодог байсан. Харин ч "Миний хөгшин битгий наадуултайгаа юм ярь аа. "Чиний хөгжим өөр ш дээ" гээд тэр тал дээр намайг их ойлгодог байсан. Яг үнэндээ "Хос хунгийн дууль"-ийг хүмүүс 6,7 жилийн дараа ойлгочихоод надаас тэс өөр юм нэхээд байдаг. Та нар "Хос хунгийн дууль"-ийг гарч ирсэн даруйдаа хүмүүст хүрсэн гэж бодож байна уу. Үгүй ш дээ. Хоёр гурван жил болсон. Юм гэдэг өөрийн хугацаатай.

-"Ялгуун"-ыг Бачка дурласан бүсгүйдээ зориулсан гээд л сонсогддог байсан. Дуунуудынхаа түүхийг задалж болох уу?

-Би хэн нэгэн Дэнсмаа, Бурмаад дурлачихаад дуу хийсэн юм байхгүй ш дээ. Уран бүтээлийн оргил үед миний дууны шүлгүүдийг зохиодог байсан Гэрэлбаатар гэдэг залуу өөд болсон. Бачка бол хөгжмөө хийдгээрээ л хийчихнэ. Сайн ч тоглож байгаа. Тэгтэл миний тэр дууны үгийг бичиж байсан залуу тэнгэрт хальсан учраас миний уран бүтээлд нөлөөлсөн. Батчулууны фенүүд гэдэг чинь тэр хүнийхээ уран бүтээлийг аягүй сайн мэддэг болчихдог. Тэр хүмүүсийн сэтгэл дүүрэхгүй байгаа нь талийгаачтай холбоотой. Би одоо үг их хайж байгаа. Яг үнэнийг хэлэхэд миний сүүлийн гаргасан дуунууд үгний тал дээр учир дутагдалтай байж магадгүй. Би тэрнийгээ хүлээн зөвшөөрнө. Гэхдээ би сүүлд маш гоё дуу хийсэн. Үгийг нь үнэхээр чадалтай залуугаас авсан. Тэр дуу ёстой цөм авна гэж бодож байгаа. Үг гэдэг маш их нөлөөлдэг юм байна гэдгийг тэгж анх ойлгосон.

-Одоо гудамжинд явж байхад Бачка гээд л хүмүүс эмоци гаргана биз?

-Гарч л байг л дээ. Би тэрэнд гайхдаггүй. Би олны танил хүн үү, хүн намайг шүтдэг үү гэдэг чухал биш. Тэгээд ч би ер нь тоодоггүй Америкаас ирээд би юуг хамгийн их ажигласан гээч. Энэ хүмүүс дандаа зурагтаар худлаа ярьдаг. Бүр нэг дорнын манж зантай. Ази маягийн малийгаад л худлаа ярьдаг. Бүх л юм сайхан. Энэ дуу аягүй сайхан дуу. Жинхэнэ манай хит дуу гээд л худлаа магтдаг. Шударга байх хэрэгтэй ш дээ. Барууны сэтгэлгээнд бол хэлэх юмаа шулуухан хэлдэг нь их гоё чанар. Энийг манай монголчууд авах хэрэгтэй . Манай рок попынхон бүх юм сайхан, энэ сайхан клип, энэ сайхан орой гээд л бүх юм сайхан гэдэг. Худлаа ярих ямар шаардлага байгаа юм. Жишээ нь бүх хүнд таалагдаж чадахгүй ш дээ. Дээр нь таалагдах гэж яваад ч утгагүй. "Чи Батчулуунаа дээл өмс" гэсэн ч би дээл өмсөхгүй ш дээ. Үүнтэй адилхан миний дуунд дургүй хүнд сонсгоод байх утгагүй биз дээ. Хөгжилтэй оронд хүмүүс ямар группийн хөгжим сонсдог вэ гэж танилцаж байна ш дээ. Ер нь тэгээд би хэн нэгэнд таалагдах гэж энэ бүхнийг яриагүй шүү.

-Та "Universe best songs""-ийг цаг гаргаж үздэг үү?

-Монгол жижигхэн. Хамгийн түрүүнд зөв амбиц байх хэрэгтэй захын гадаадын сайн муу нь мэдэгдэхгүй хүмүүс орж ирээд чухал царайлаад Монголыг шүүгээд сууж байна. Бод доо. Болохгүй ш дээ. Гадны хүмүүс бол гадны л хүмүүс. Монгол яасан юм бэ. Энэ чинь бүхэл бүтэн улс ш дээ.

-Таныг очоод шүүгээч гэвэл зөвшөөрөх үү. Үзээд алдвал сонирхолтой биш үү?

-Яг үнэнийг хэлэхэд би бүгдийг нь хөөнө. Надад таалагдахгүй угаасаа тэрийг хийж чадахгүй. Чи явж малаа хариул гэж хөөж явуулаад хүмүүсийн хараалыг иднэ. Тэр тэнцүүлээд байгаа гарууд байна ш дээ. Тэд нар чинь "American idol" дээр хошин шог болдог гарууд байхгүй юу. Онигоо ш дээ. Тийм хүмүүс нөгөөдүүлээ тэнцүүлээд байдаг. Шударга байх хэрэгтэй ш дээ. Хүний цагийг үрж болохгүй. Хөөрхий өөрийгөө мэдэхгүй тив андуурчихсан, ондоо ертөнцөд буучихсан хүмүүс супер од болчих ч юм билүү гээд яваад байдаг. Тийм хүмүүсийг эртхэн хариулах хэрэгтэй. Мэр сэр сайн хүүхдүүд байна. Мэдээж тэд нарыгаа авдаг юм байгаа биз. Шүүж байгаа байдал нь аягүй социалист "Чи тэр Си До-г яаж авч байна" гээд. Тэр боловсорчихсон л орж ирж байх ёстой ш дээ. Монголчууд яахав нүүрний багтай байж болно. Гэхдээ бүх юмыг сайхан энэ тэр гээд байдаг. Азийнханы тийм шалдар зан л даа. Болсон ч болоогүй ч өө сайхан гэдэг. Тэр олон ангитай сераль руу их хошуурч байна л даа. Би Монголд ирээд 5 жил болох "All in" киног эс тооцвол нэг ч солонгос сериаль үзээгүй. Та нар super vision кабель тавиул л даа. Ядаж тэр дэлхий ертөнцөд гарч байгаа кинонуудыг NBO дээр үг. Шал ондоо ертөнцийг харна. Нээрэн шүү. Хамгийн энгийн жишээ л энэ байна.

-Цаг байсан бол төгсгөмөөргүй л байлаа. Цаг зав гаргасанд баярлалаа.
 Эх сурвалж: Shudarga.mn
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж