-Тулаан эхлэхэд хоёр хоногийн хугацаа үлдээд байна. Бэлтгэл хэр байна даа?
-Яг одоогоор бэлтгэл хангагдчихаад байна.
-Бэлтгэлээ хаана базаав?
-Үндсэн бэлтгэлээ Японд хийж байгаад ирлээ. Эх орондоо долоо хоногийн өмнө ирээд уур амьсгалд нь дасан зохицох тал дээр л анхаарч байна. Миний тоглолтын график жилээр гардаг. Тэгэхээр оны эхэнд л Хакүтотойтулалдахаа мэдэж байлаа. Гэхдээ Монголд тулаан хийнэ гэж төлөвлөөгүй байсан. Хоёр сарын өмнөөс холбооноосоо гуйж байгаад тоглолтоо эх орондоо хийхийг зөвшөөрүүлж чадсан.
-Өрсөлдөгч тамирчныхаа хувьд дэлгэрэнгүй танилцуулахгүй юу. Ялагдаагүй яваа гэсэн?
-Цагаан бар хэмээн алдаршсан тамирчин 70 кг-д К-1-ээр Японы аварга болж байсан. Мэргэжлийн дэвжээнд 30 тулаан хийснээс 29-ийг нь хүнд цохилтоор буулган авч байсан юм билээ.
-70 кг-д зодолддог гэлээ. Тэгэхээр танаас өндөр, хүнд жинтэй хүн байх нээ?
-Тийм, надаас чацаар, жингээр ч хамаагүй илүү тамирчин. Ер нь жиндээ том биетэй тамирчны тоонд орохоор хүн. Тоглолтынхоо ихэнх хувийг хүнд цохилтоор дуусгаж байсан нь үүнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд дүгнэдэг юм.
-Өөрөөсөө чац, жин, бяраар илүү хүнтэй тулалдах хэрэг байсан юм уу. Ялагдана гэж айхгүй байна уу?
-Айна гэж юү байхав. Хамгийн гол нь тэр хүнийхээ тоглолтын арга барилд орохгүй байх нь чухал. Тэрэнд давуу тал байгаа бол надад ч гэсэн бий. Тэр надаас хүч бяраар илүү бол би түүнээс хурдаар илүү. Миний хувьд зөвхөн Японд тоглоод байх бус эх орныхоо дэвжээнд ард түмэнтэйгээ хамт Хакүтог буулгаж авъя гэж бодсон юм. Өөр бас бодсон юм бий. Энэ тулаанд ялах нь их чухал байгаа.
-Ялна гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ?
-Ялна гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна. Ялахын тулд их ч бэлтгэл хийлээ. Хэт их бэлтгэл хийснээс болсон уу яасан жин багагүй хасагдсан байх шиг байна.
-Хамгийн сүүлд хэзээ жингээ үзэв. Одоо яг хэдэн кг байна вэ?
-65 кг байна. Уг нь 70 кг-д тоглох ёстой хүн шүү дээ, би чинь. Таван кг уначихсан байна лээ.
-Энэ тулаанд тань хэрхэн нөлөөлөх бол?
-Бага зэрэг муу нөлөөтэй байх. Гэхдээ алзахгүй ээ. Өрсөлдөгч маань 75 кг-аас жингээ хасч байгаа гэсэн мэдээллийг саяхан авлаа. 7-8 кг-ийн зөрүү гарах байх. Тиймээс ядрааж байгаад тэсрэлттэй, хүчтэй цохилт хийж буулгаж авъя гэж бодож байна.
-2008 он гарсаар хэд дэх тулаандаа оролцох гэж байна вэ?
-Миний хувьд жилд 4-5 тулаан хийдэг. Сар өнжөөд тулаанд ордог гэх үү дээ. Харин энэ жилийн хувьд оны эхэнд бэртэл аваад тулаанд оролгүй хэсэг завсарласан. Хоёр, гуравдугаар сард Японд тулаанд орсон. Одоо гурав дахь тулаандаа орох гэж байна. Ирэх сард Японд тулаан хийнэ. Долоон сард бас тоглолттой. Хэрвээ энэ жил tournament-д орвол долоогоос найман тулаан хийх байх. Үүнийг миний менежерүүд мэдэж байгаа.
-Менежер тань Япон хүн үү?
-Тийм. Гэхдээ бас Монголд нэг менежер бий.
-Дасгалжуулагч тань?
-Бас л Япон хүн. Маргааш Монголд ирэх байх.
-Та одоо хэдэн холбооны аваргын бүсийг эзэмшиж байна вэ. Их л олон гуншин дуулддаг?
-Би Японы дөрвөн удаагийн, дөрвөн жингийн, дөрвөн холбооны аварга. WKA буюу дэлхийн кикбоксын холбооны аварга цолтой. Дэлхийн аварга тамирчин К-1-д тулалдана гэдэг тухайн холбооны нэр хүндийг өсгөж өгдөг. Энэ утгаараа надад К-1-ээс тулаанд дуудсан олон урилга ирдэг. Бэлтгэлийн байдал тухайн тамирчны рейтинг зэргийг нь харж байгаад тулаанд оролцох эсэхээ менежертэйгээ ярилцаж байгаад шийддэг юм. Энэ тоглолтод ялбал цаашид бүр л олон урилга ирэх байх. Мэргэжлийн боксчид тулаанд оролцоод ялах тусам өндөр бооцоотой тулааны урилга олныг авдагтай л адил. Ер нь тэгээд тулааны спорт гэдэг их мөнгөн дээр тогтсон шоу ертөнц шүү дээ. Бид хоёрын хэн ялсан нь WBC буюу мэргэжлийн боксын холбоо болон байгуулагдаад удаагүй байгаа мутай боксын дэлхийн аварга, AMB, WKB зэрэг долоон холбооны аваргын тулаанд оролцох эрхтэй болох юм.
-Та Японы дөрвөн холбооны, дөрвөн жингийн аварга дээр нь WBA-гийн дэлхийн аварга цолтой. Ийм цолтой хүн К-1-д тоглоход чамгүй бооцоо авна биз?
-Мэдээж.
-Нэг тулаанд ороход хэдий хэрийн мөнгө авдаг вэ?
-Тэр нь нууц үлдэг дээ. Яахав боломжийн л мөнгө авдаг.
-К-1 гэдэг аварга Д.Сумъяабазар, Ж.Нарантунгалаг нарын тулалдаж байсан төрөл мөн биз дээ. Энэ төрөлд аль ч тулааны төрлөөс хүмүүс оролцож болдог гэж ойлгодог, зөв үү?
-Зөв. К-1 гэдгийг нэг үгээр тайлбарлавал бүх тулааны аваргуудыг цуглуулаад аль төрөл нь хүчтэй вэ гэдгийг нь шалгаруулдаг тэмцээн гэж ойлгож болно. Гэхдээ хэн дуртай нь К-1-д ороод тоглохгүй шүү дээ. К-1-д орохын тулд эхлээд орон орноос шилдэг нэг тамирчин шалгарах ёстой. Дараа нь тивээсээ шалгарах хэрэгтэй. Монголын номер нэг зодоонч Солонгос, Японы тамирчидтай нэгийгээ үзнэ.
-Тэгэхээр та Монголдоо номер нэг зодоонч нь гэсэн үг үү. Та ер нь монголынхоо зодоончидтой тулалдсан уу?
-Би К-1-д оролцох эрхээ авахын тулд өнгөрсөн жил Ж.Нарантунгалагтай Японд тулалдсан. Энэ тулаанд би оноогоор ялж Монголын номер нэг зодоонч болсон.
-Түүнтэй тулалдахад ямар байв?
-Бид хар багын найз. Кёкүшэнкай каратегийн төв клуб байгуулагдахад цуг бэлтгэл хийдэг байлаа. Энэ утгаараа бидний тулаан тэнцүүхэн өрнөсөн. Гэхдээ нэг нь л ялах ёстой байсан учраас шүүгчид ялагчийг тодруулсан. Японууд монголчуудыг зодоондоо сайн гэдгийг мэднэ. Тэр утгаараа Япон дахь К-1-ийн дэлхийн төв дээр Монголын аваргыг тодруулсан. Энэ бол том хүндэтгэл юм. Монголоос бусад орныхыг та нар эх орондоо аваргаа тодруул гэдэг бол биднийг тэгээгүй. Хоёуланд нь урилга явуулж тулаанд оруулсан. Ингээд би К-1-д Монголыг төлөөлж оролцох эрхээ авсан юм.
-Та Монголын номер нэг зодоонч, харин Азид хэдэд ордог вэ?
-Солонгосын тамирчид Азид дээгүүрт ордог. Бас Японы Масада гээд тамирчин бий. Солонгосоос нэгдүгээр байраар шалгарсан нь Масада бид хоёртой тулалдах эрхтэй байдаг юм. К-1-д Азиас гурван л хүн ордог юм. Азийн гурав дээр Европ, Африк, Америк тивийнхэн нэмэгдээд аваргаа тодруулдаг. Нийт 16 тамирчин К-1-ийн дэлхийн аваргын төлөө тулалддаг. Оны эхэнд 16 тамирчин тулалдаад шилдэг найм нь үлддэг. Үлдсэн найм нь хасагдах журмаар тулалдаад хэн нь дэлхийн аварга вэ гэдгээ үздэг юм. Гэхдээ ойрд ийм тулаан болоогүй байгаа.
-Хүмүүсийн саналаар К-1-ийнхэн тулаанд ордог гэж сонссон?
-К-1-ийн сонирхогч 100 сая хүн дэлхийд бий. Эдгээр хүмүүсээс хэн хэнтэй тогловол үзүүштэй тулаан гарах вэ гэсэн санал авдаг. Үүний дагуу хамгийн их санал авсан зодоончдыг холбооноос өндөр бооцоо тавьж тулалдуулдаг юм. Ийм л журамтай.
-Та энэ тулаанд ялбал хэдий хэрийн мөнгө авах вэ?
-Би энэ тулааныг эх орондоо зохиож байгаа болохоор тамирчид, шүүгчид, зохион байгуулагчдын зардлыг нь дааж буй. Дээрээс нь өрсөлдөгчийнхөө хөлсийг бас өгөх ёстой. Ингээд бодохоор надад ашиг лав ирэхгүй байх.
-Урьсан тамирчны чинь хөлс хэд вэ?
-Үүнийг олон нийтэд зарлаж болдоггүй л дээ.
-Та Японд энд байгаагаас илүү тансаг нөхцөлд бэлтгэл хийдэг байх. Энд ирээд хонгилд бэлтгэл хийхэд ямар санагдаж байна вэ?
-Хаана, ямар нөхцөлд бэлтгэл хийж байна вэ гэдэг нь мэргэжлийн тамирчинд чухал биш. Хамгийн гол нь тухайн тамирчин уур амьсгалтайгаа л зохицох ёстой. Япон нам дор газар. Харин Монгол далайн төвшнөөс дээш байрладаг. Энэ утгаараа Японоос ирсэн хүн Монголд бэлтгэл хийх хэцүү байдаг. Анх ирээд бэлтгэл хийхэд зүрх дэлбэрчих гээд хэцүү байсан. Харин одоо уур амьсгалтайгаа зохицож эхэллээ. Энэ миний давуу тал байх болно. Өрсөлдөгч маань ирээд анх надад ямар байсан тийм байдалд орох нь гарцаагүй. Зүрх нь ачаалал даах гэж их зовно. Энэ тал дээр нь л ажиллана даа. Бас дээр нь Улаанбаатарт хүчилтөрөгч бага байна.
-Та мэргэжлийн спортод 2001 оноос хойш тулалдаж байна. Одоо хэр баргийн тулаанд өөрийгөө бэлдчихнэ биз?
-Тэгэлгүй яахав. Би өөрийгөө бэлдэхээс гадна миний бие организм өөрөө тулаанд бэлэн болчихсон байгаа. Гаднаас харахад мэдэгдэхгүй ч организм дасан зохицчихдог юм билээ. Хэд хоног бэлтгэл хийхгүй байхад л өөрөө шаардаад эхэлдэг. Дээр нь ганц хоёр өдөр эрчимжүүлсэн бэлтгэл хийхэд л уртын булчингууд сэргээд ирэх жишээтэй. Хэр баргийн тамирчны уртын булчин амархан сэргэдэггүй юм. Одоо бараг багштай багшгүй өөрийгөө бэлдэх хэмжээнд очсон.
-Таны тулаануудыг харж байхад өрсөлдөгчөө ихэвчлэн өшиглөлтөөр буулгаж авдаг юм билээ. Энэ удаад бас л хөлөө ашиглах уу?
-Мэдээж, гэхдээ ойрноос цохилтоо сайжруулах талын бэлтгэл хийж байгаа. Арга барилаа өөрчилье л дөө энэ чинь.
-Та ер нь өшиглөлтийнхөө хүчийг хэмжиж үзэж байсан уу. Одоо таны шилбэ хэр баргийн юм мэдрэхгүй биз?
-Өшиглөлтөө олон давтаад ирэхээр аяндаа юм мэдрэхээ болино. Сүүлдээ яг өшиглөдөг хэсгээр нь үс ургахаа болиод халцарчихдаг юм билээ. Ер нь бол шилбэний арьс байнга зулгаралттай явдаг. Нэг өдрийн бэлтгэл дээр хэдэн зуун удаа өшиглөдөг болохоор аргагүй байх. Бэйсболын цохиурыг хэдэн давхраар нь тавьж байгаад хуга өшиглөдөг тамирчид байдаг л юм. Миний хувьд 57 кг жинтэй байхдаа 66 кг-ын хүчээр өшиглөж байсан. Түүнээс хойш хэмжиж үзээгүй. Харин өшиглөлтөө анхаарахын оронд бэлтгэлжилтээ хэмжиж байлаа.
-Бэлтгэлжилтээ яаж хэмждэг юм бэ?
-Монголд л хэмждэггүй болохоос Японд олон янзаар хэмждэг. Жишээлбэл , би өдөрт 15 км кроссонд гүйдэг. Энэ нь 10 хоногт 150, сард 450, 10 сард 4500 км болно гэсэн үг. Үүнийгээ хичээллэсэн жилдээ үржүүлбэл их тоо гарна. Монгол Японы хооронд хэдэн удаа гүйгээд ирсэн дайны юм болно. Бас өдөрт 2 литр хөлс дуслуулдаг гээд жигнэвэл айхтар тоо гарна биз. Ингэж хэмжих жишээтэй.
-Таны хэтийн зорилго юу вэ?
-К-1-ийн дэлхийн аварга болох. Би энэ жил 28 настай. Цаашид хэдэн жил тоглох, ямар оргилд хүртлээ хөлсөө дуслуулахаа мэдэхгүй байна. Биеэ дийлэхээ больтол зодолдоно гэж бодож байгаа. Миний хувьд улам л ахих гэж зүтгэдэг муу зантай хүн дээ.
-Та дөрвөн жингийн аварга болж байсан. Энэ таны муу зантай холбоотой байх тийм үү?
-Магадгүй. Гэхдээ энүүхэндээ гээд хэлэхэд нэг жингийн аварга болоод зогсчихвол дэндүү уйтгартай юм билээ. Тиймээс би жин өгсч зодолдох болсон. Анх би хөнгөн жинд түрүүлээд маш их баярлаж байв. Удалгүй өрсөлдөгчгүй болсноор уйтгартай болсон. Тэгэхээр нь жин өгсч зодолдсон. Энэ мэтээр дөрвөн жингийн аварга болсон доо. Одоо би К-1-ийн аварга болохоор явж байна. Зорьсондоо хүрсний дараа цаашаа юунд тэмүүлэхээ хэлж мэдэхгүй байна.
-Хакүтог төд дүгээр үед нь нам цохино гэж хэлж чадах уу?
-Төлөвлөгөө ёсоор болбол гуравдугаар үед хүнд цохилтоор гаргачих санаа байна. Өөрөө тэнэсэн суманд оногдчихгүй бол тэр шүү дээ.
Үндэсний шуудан Б.Содонбаатар /2008.05.23/