
Драмын эрдмийн театрын тайзнаа өнөөдөр 19.00 цагт В.С.Красногоровын “Солиотой” жүжиг тоглоно. Өнгөрсөн хавар драмын тайзнаа анх тавигдсан энэхүү жүжиг нь үзэгчдийн хүсэлтээр тавхан удаа театрын тайзнаа дахин амилах гэж байна. Уг жүжгийг найруулагч Ч.Түвшин найруулан гол дүрүүдэд жүжигчин Г.Эрхэмбаяр, Г.Алтаншагай, Ц.Баясгалан, Б.Отгонбат, С.Сарантуяа нар тогложээ.
“Солиотой жүжиг” супер комеди жүжиг гурван эрэгтэй, хоёр эмэгтэй гол дүртэй.
Ой санамжаа алддаг өвчтэй нэгэн эрэгтэй эмчид тусламж гуйн ирнэ. Эмч өвчний учир шалтгаан болон шинж тэмдгүүдийг илрүүлэхийг хичээсэн боловч бүтсэнгүй. Өвчтөний хариултууд бие биенээ үгүйсгэсэн байсан болохоор түүнээс ямар нэгэн ойлгомжтой зүйл олох арга байхгүй байлаа. Эмч өвчтөний эхнэрийг дуудаж ирүүллээ. Тэр бүх асуултуудад тод бөгөөд итгэлтэйгээр хариулна. Гэвч гэнэт өөр нэг эмэгтэй гарч ирээд өөрийгөө бас л өвчтөний эхнэр гэж хэлэхэд байдал бүүр ч ойлгомжгүй болж эхэлдэг. Эмч бараг л галзуурах шахна… Үзэгчдийг хүртэл хэсэг зуур солиоруулах шахдаг энэхүү жүжиг цааш хэрхэн өрнөхийг та театрт ирж үзээрэй.