
Гаалийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга н.Булган энэ асуудлаар дараах тайлбарыг өгч байна.
-Суудлын автомашины онцгой албан татварыг ямар хэлбэрээр нэмэх болсон бэ?
-Импортоор орж ирж буй суудлын автомашины 80 гаруй хувийг үйлдвэрлэснээс хойш долоогоос дээш жил эдэлсэн байгаа. Тиймээс хуучин машины хэрэглээг багасгах зорилготойгоор автомашиныг үйлдвэрлэсэн оноос нь шалтгаалж, татварыг нэмэхээр ярьж байна. Тухайлбал, үйлдвэрлэснээс хойш гурван жил болсон суудлын автомашины онцгой албан татварыг нэмэхгүй. Одоогийн хуульд тусгаснаар үйлдвэрлэснээс хойш 4-9 жил болсон автомашинуудад адилхан татвар төлж байгааг өөрчлөн 4-6 жил, 7-9 жил болгож, мөн хөдөлгүүрийн багтаамж 2500-аас дээш гэсэн заалтыг нэмж 2501-3500, 3500-аас дээш болгон өөрчлөх тухай ирэх оны төсөвт тусгасан.
-Дөнгөж хэлэлцэж байхад автомашины бизнес эрхлэгчид ирэх оноос өмнө амжиж автомашин нөөцөлж эхэлсэн тул сүүлийн үед гаалиар орж ирж байгаа машины тоо эрс нэмэгдсэн гэсэн?
-Гаалиар орж ирж байгаа автомашины тоо нэмэгдэж байгаа. Гэхдээ эрс нэмэгдэж, ачаалал үүсгээд байгаа тохиолдол байхгүй.
-Хуучин автомашин оруулж ирэхдээ татвараас нуугдах зорилгоор хэсэглэн оруулж ирэх тохиолдол их гардаг. Татвар нэмэгдсэнээр ийм байдлыг дэврээх юм биш үү?
-Нэг хэсэг татвараас нуугдаж машинаа хэсэглэн оруулж ирдэг байсан тохиолдол бий. Тэр үед монголчууд машин унаж байвал юу ч хамаагүй гэсэн сэтгэлгээтэй байсан. Тиймээс ч үйлдвэрлэхээ больсон машины сэлбэгийн үйлдвэрийг Өмнөд Солонгост ажилд ороход хүргэж байсан шүү дээ. Харин өнөөдөр огт өөр болсон. Гагцхүү машин унах гэхээсээ чанар, аюулгүй байдлыг нь харж автомашинаа сонгож байна. Тэгээд ч автомашины бизнес эрхлэгчид татвараа төлөх чадвартай болсноос дээрх асуудал байхгүй болсон.
Харин Улаанбаатар хотын гаалийн газрынхны хэлснээр автомашины бизнес эрхлэгчид бараагаа бөөнөөр нь оруулж ирэх гэхээс илүү гаалийн баталгаат агуулахад байгаа машинуудаа авах нь чухал асуудал болоод байгаа аж. Одоогоор гаалийн баталгаат агуулахад суудлын 117 автомашин байгаа аж. Харин гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газруудад 16 автомашин байгаа юм байна. Баталгаат агуулахад гаалийн татвар төлөөгүй машинууд хадгалагддаг бөгөөд татвараа төлж авах хүртэл нь үйлчилгээ эрхлэгчид үйлчилгээний хөлс аван түр хугацаагаар хадгалдаг аж. Татвараа төлөөд оруулж ирж байгаа гаалийнхан газрууд байгааг үгүйсгээгүй бөгөөд дараа жил үнээ нэмж зарах эсэх нь бизнесийн бодлого гэдгийг хэлж байсан. Гэхдээ татвараа төлөөд автомашинаа оруулж ирж байгаа хувь хүн болон албан байгууллага байгаа. Тиймээс энэ жил оруулж ирсэн автомашиныхаа үнийг ирэх онд татвар нэмэгдсэнээр тооцон зарах магадлалтайг ч хүлээн зөвшөөрсөн. Энэ тохиолдолд гаалийн байгууллагын мэдлээс гарах юм байна. Тиймээс иргэд ирэх онд автомашин худалдаж авах тохиолдол гарвал гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтыг судалж үзэх ёстой аж.
Р.САРАНГОО

"Улс төрийн тойм" сонин