Чанарын шилдгүүдийг шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Чанарын шилдгүүдийг шалгарууллаа

Жил бүрийн аравдугаар сарын 14, 15-ны өдрийг дэлхий нийтээр “Чанарын өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдөр аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсээс уламжлал ёсоор байгууллагад “Оны шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”, “Оны шилдэг үйлчилгээний байгууллага”, “Оны чанарын шилдэг менежер”-ийг шалгаруулж, цом, өргөмжлөл гардууллаа. “Оны шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр гэрийн мод, модон үйлдвэрлэлийн “Мөнгөн өргөө” компани, “Оны шилдэг үйлчилгээний байгууллага”-аар Хужирт сумын “Хужирт рашаан сувилал”, “Оны чанарын шилдэг менежер”-ээр “Дэлгэрэх хүнс” компанийн ерөнхий технологич Х.Бадам нар шалгарлаа.

“Дэлхийн чанарын өдөр”-өөр оны шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болж, “Мөнгөн өргөө” компани, “Хужирт рашаан сувилал”-ын тугийг Монгол улсын төрийн далбааны хамт жилийн турш мандуулахаар өргөсөн юм. Шилдгүүдэд баяр хүргэж, Хөгжимт драмын театрын дуучин СТА н.Энхбаатар, морин хуурч н.Энхбаяр нар ая дуугаа өргөн, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн Үлээвэр хөгжмийн салаа шагналын маршийг хөглөлөө.

“Мөнгөн өргөө” ХХК-ийн захирал Ө.Цогхүү:
-Бид бүхнийг илүү сайн ажиллаасай, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ улам чанаржуулаасай, ард түмнийхээ хэрэгцээг итгэлтэйгээр хангаасай гэсэн үндэслэлээр “Оны шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр шагнал өгч байгаад туйлын их баяртай байна.

Ард түмэн, албаны хүмүүсийн санал асуулгаар шалгарна гэдэг эдгээр хүмүүст бидний хийсэн, бүтээсэн хөдөлмөр маань үнэлэгдсэн гэж ойлгож байна. Бид гэрийн мод, модон эдлэлийнхээ ”насыг уртасгахад” үнэхээр анхаарч ажилладаг. “Насыг уртасгана” гэдэг бол чанаржуулна гэсэн  үг л дээ. Гэрийн хаалгыг 10-15 жил барьдаг бол ядахдаа 20 жил барихаар хийх юмсан гэж хичээдэг. Тэр утгаар модоо нэг жилийн өмнөөс байгалийн аргаар хатааж, үйлдвэрлэдэг. Одоогоор манай гэрийн модыг Өвөрхангай аймгийн хэмжээнд, Баянхонгор аймгийн урд талын, Өмнөговь аймгийн зарим сумдуудаас байнга ирж авдаг. Гэрийн мод үйлдвэрлээд 18 жил болж байна. Урьд нь жилд 200-аад гэрийн мод захиалгаар хийдэг байсан бол сүүлийн хоёр жил иргэдийн худалдан авах чадвар хомсдож, жилд 100 орчмыг үйлдвэрлэж байна. Хамгийн анх л надтай цуг ажиллаж байсан мужаанууд маань одоо ч бүгд л ажиллаж байгаа. 18 жил хамт ажилласан гээд бодохоор ажлаа гартаа оруулж, тэр хэээр манай бүтээгдэхүүн чанаржин, цаашлаад аймаг, орон нутгийн нэр гарч байна л даа. Манайх хоё удаа “Хангайн бүсийн брэнд бүтээгдэхүүн”-ээр шалгарсан.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж