Ардчилсан нам, Ардын намын 10 ялгаа

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам, Ардын намын 10 ялгаа

Ардчилсан нам. Тус намыг 1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн түүхтэй.  Тиймээс ч сүүлийн гурван жилд дөрөвдүгээр сарын 7-нд төрсөн өдрөө тэмдэглэх болсон.  Намын анхны дарга нь одоогийн УИХ-ын гишүүн, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл байв.  Нэгдэж, задарч сурсан энэ намын түүх Монголын улс төрд “Шинэ үсэг” заасан нь одоо ч хэвээрээ. Мөнхийн гайхалтай, санаанд оромгүй алхмыг хийж чаддаг ч нэгэн хөлөг онгоц дээр 20 гаруй жил хамт хөвсөн МАХН-д огтхон ч нөлөөлөөгүй. Тэд ажиглаж, анаж байгаад жижигхэн чулуу шидэж хооронд нь алалцуулаад хонжоо олж сурсан улс. Энэ хооронд МАХН нэг ч удаа салж, нийлээгүй. Тэд үүнийгээ олны нүдэнд ил харуулдаггүй билээ. Энд л 20, 90 насны ялгаа нь гардаг юм даа. Ингээд нэр ойролцоо болсон хоёр намын нэлээд томоохон ялгааг тоочихыг хичээе.

Ялгаа1. Ардчилсан намын бутарсан, задарсан түүхийг харахад албан тушаалын хэнээрхэлтэй салшгүй холбоотой байдаг. Албан тушаалгүйгээр амьдарч чадахаа больсон гунигт хүмүүс нь гомдогсдын форум байгуулж, намын даргынхаа эсрэг босдог. МАХН ямар задарч байсан биш, түүхэндээ “Элсний-13”-ын л бяцхан будлианаас өөр зөрчилгүйгээр сүүлийн 20 жилд харагдаж ирсэн. Мэдээж хөшигний цаана их юм бий л дээ. Гэвч үүнийгээ нууж чаддаг.

Ялгаа2. Элсний-13 гэ­дэг чинь зөвхөн хуучин МАХН-д ч байсан юм биш. Одоогоос 12 жилийн өмнө яг ийм нэгэн бар жилд тухайн үеийн Ерөнхий сайд асан М.Энхсайхан, УИХ-ын гишүүн До.Ганболд нарын дохиураар хөдөөгийн голдуу гишүүдээс бүрдсэн 13 гишүүн МАХН-ын 25 гишүүнтэй сүлбэлдэн Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсан.  “Элсний 13” хэмээн цоллогдсон тэдний ашиг сонирхол мөн л албан тушаал, дараагийн Засгийн газарт орж ажиллах хүсэл мөрөөдлөөр дүүрэн байв. Харин МАХН-ын “Элсний 13” бол Засгийн газраа шүүмжилдгээрээ адил боловч арай томоохон, хүчирхэг бүлэглэлийн гар хөл байсан юм. Тэгээд ч намынхан нь тэднийгээ ад үзэх биш, бүгдийг нь албан тушаалтай болгож өөд татсанаараа ялгаатай.

Ялгаа3. Засгийн газарт эвсэж орох, гарах техник технологи нь өөр. Түүхэндээ ганцхан удаа Ардчилсан нам Засгийн эрхийг гартаа авсан. Тэр хугацаандаа дөрвөнтөө хөрвөөж өөрсдөө Засгийн газраа татаж унагасан. Алинд нь ч сөрөг хүчнийхэн орох гэж сарвалзаагүй. Тийм яриа хэлцэл ч болж байсангүй.  Харин хуучин МАХН-ын хашаанд АН-ынхан айлсч буусан тохиолдол цөөнгүй. МАХН хөөж гаргаж байгаагүй. Яг оросууд шиг л ханддаг. Ийм нөхцөлд АН-ынхан эхэлж тонгочдог. Энэ удаа ч мөн хамтарсан Засгийн газраас гарах яриа зөвхөн АН-ын зүгээс гарч байгаа. Гэхдээ хамтарсан Засгийн газраас гаръя гэж түрүүлж дуугарсан нь ямар нэг хэмжээгээр хохирол амсана гэсэн МАН-ын гишүүдийн анхааруулга буйг мартаж боломгүй.

Ялгаа4. Ардчилсан нам удирдлагын хэвтээ тогтолцоотой. Анхан, дунд шатны гишүүд нь намдаа үнэ цэнэтэй. Ардчилсан намын дүрмийн дагуу анхан шатнаасаа эхлээд л нэр дэвшигчийг тодруулахад чамлахааргүй үүрэгтэй байдаг. Харин Ардын нам удирдлагын босоо тогтолцоотой учир дээрээс бүгдийг тодорхойлж буй нь тогтолцооны хувьд том ялгаа юм.

Ялгаа5. Намын гишүүн залуучуудын талаар нэг ялгааг дурьдъя. АН-ын залуус заримдаа Ардын намын залууст атаархаж буйгаа нуудаггүй. Тэд Ардын намын залуус лидер дагаж, түүний татаасаар цахилгаан шатаар өгсөх мэт гэрлийн хурдаар албан тушаалд очдог. Ардчилсан намын залуус хоорондоо толхилцоно, заримдаа дагаж гүйнэ. Ер нь даваа, нугачаа бүрийг өөрийн хүчээр, сайн муу аргаар даван туулж байж тодорч гарах шударга хуультай гэж ярьдаг. Энэ ч үнэн байж болно. Харин сүүлийн үед лидер дагаж тодрох оролдлого харагдаж эхэллээ. Ийм байдал даамжирвал ялгаа улам бүдгэрнэ. Бас нэг ялгаа нь Ардын намын залуус нэг хүний амыг хардаг бол Ардчилсан намын залуус яг өнөөдрийн байдлаар хэнийг дагахаа сайн мэдэхгүй дохио хүлээж байна.

Ялгаа6. Намын ахмад гишүүдийн хувьд тооны хувьд ялгаатай болоод ч тэр үү, АН-ын ахмадууд хуучирна гэж байдаггүй нэр хүндтэй хэвээрээ байна. Ардын намын ахмадууд энэ талаар сэтгэл дундуур явдгийг нуух юун. Тэд намын нэрээ солихдоо ч бидний үгийг олигтой тоож сонсоогүй хэмээн гомдоллож буй. Гомдсондоо Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр, Н.Удвал тэргүүтэнд ухаангүй баярлаж дагахад бэлэн байгаагаа ч илэрхийлээд байна.
 
Ялгаа7. Туршлагатай сөрөг хүчин. Дээр хэлсэнчлэн Ардын нам түүхэндээ ганцхан удаа сөрөг хүчин байж үзсэн. Тийм болоод ч тэр үү, шүүмжлэл хүлээж авахдаа тун эмзэг ханддаг. Ёстой цусаа гартал тэмцэлдээд, тосоо гартал тэврэлдэж сурсан улстөрчид Ардчилсан намд л бий. Харамсалтай нь тэмцэл нь ихдээд намын удирдлага нь “Жингийн цуваа явж л байдаг” гэх жижүүрийн үгээ хэлээд сууж байдаг, хэтэрхий “дол цохисон” байдал нь хааяа бухимдахад хүргэдэг билээ.

Ялгаа8. Намыг нь хүн гэж авч үзвэл Ардчилсан намд “Фракц” гэдэг эрхтэн нь сайн хөгжсөн. Хөгжил нь дэндээд нэгнийгээ устгачих гээд байгаа нь харамсалтай. Гэхдээ тус намынхан үүнийгээ эрүүл үзэгдэл, сайн зүйл гэж дүгнэдэг. Харин Ардын намынхны хувьд фракцийн хөгжил тааруу. Хөгжих хөрс, суурь ч сайнгүй. Жигүүр гэгч нь дөнгөж цухуймагц өд, сөдийг нь тал талаас нь зулгаах шахсан асар том эсэргүүцэлтэй тулгараад нам гүм болсон.

Ялгаа9. Намын гишүү­дийн дотор эдийн засагч, энэ сэдвээр цэцэрхэгч олонтой.  Тэгсэн хэрнээ өөрсдийгөө ядуувтар нам гэдэг. Ардчилсан намынхан сонгууль болмогц хандивын данс нээгээд гуйж эхэлнэ. Зардлын тайлангаа яг таг гаргаж өгч олон нийтийн итгэл үнэмшлийг төрүүлэхдээ мэргэшсэн. Ардын намын эдийн засагчид намын дээд удирдлагын амыг л дагуулахаас өөрөөр тэгтлээ тод дуугараад байдаггүй. Гэвч олигархиудаар хахсан нам гэдгийг нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Монголын хамгийн том объектуудын дийлэнхийг энэ намынхан эзэмшиж байна.

Ялгаа10. Ардын нам саяхан болсон их хурлаараа хэлэлцэхийг хүссэн бүхнээ хэлэлцэж шийдвэрлэсэн. Өөр ямар нэг эргэлт гарна ч гэж хүлээх шаардлага байсангүй. Харин Ардчилсан намын ҮЗХ-ны түгшүүр зарласан хурлын тов гарчихаад амьсгаа дээгүүр явна. Хүн бүр л 19-нөөс амжих, 19-нд шийдэх тухай ярьж байна. Хурлаар чухам юу болох, төлөвлөөгүй ямар асуудал гэнэт гарч ирэхийг хэн ч таашгүй.

Эцэст нь ялгаа нь улам арилж, ижил шинж чанар нь нэмэгдэж байгаагийн хэрээр улс төрийн хоёр том хүчин ард түмнийг уйдааж буйгаа мэдэж буй биз ээ. Хамтарсан Засгийн газраас гарах мэдэгдлийг тэсэн ядан хүлээж суугаа хүмүүс аль ч намд бий. АН-ынхан Засгийн газраас дараа төрөл арилжсан мэт чанга дуугараад сөрөг хүчний үүргээ биелүүлэх нь юу л бол. Өнгөрсөн хугацаанд мөд салахааргүй гагнагдсан олон үг, үйл явдал болж өнгөрсөн, харилцан барьцаалагдсан гал, ус шиг хоёр хүчин ирэх сонгуульд эсрэгцэнэ. Яахаас ч буцахгүй хүмүүсийн, ялгаа нь арилсаар яваа улс төрийн хүчний хоорондын тэмцэл улам л уйтгартай болж байна. Хоёулаа шинэчлэл ярина, харин хийхгүй. Ард түмнээ, анхан шатаа сонсоно, хэрэгжүүлэхгүй. Энэ мэт олон ижилсэл улс төрийн намуудаас залхаж, Ерөнхийлөгчийн засаглалыг сонирхоход хүргэж байна. Хоёр намын ярих дуртай, 20 жилийн турш мацсан ардчиллын оргилд ийм л үр дүн хүлээж байсан гэж үү.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж