
Английн шигшээ багт анх удаа дуудагдаж байгаа залуучууд энэ удаа Францын багийн эсрэг талбайд гарах болж байна. “Сандерлэнд” клубын хагас хамгаалагч Жордан Хендерсон, “Кардифф Сити”-гийн довтлогч Жэй Бофройд нарыг Фабио Капелло анх удаа “Гурван арслангууд”-ын бүрэлдэхүүнд дууджээ. Өнгөрсөн долоо хоногт лигийг тэргүүлэгч “Челси”-г талбай дээр нь хожиход гол үүрэг гүйцэтгэсэн энэ залуу шинэ улирал эхлээд бүх тоглолтод оролцож, “Сандерлэнд”-ийн топ багуудын эсрэг сайн хийсэн тоглолтуудад ч үүргээ хангалттай биелүүлсэн юм. Тиймээс 20 настай залууг Капелло ачаалал сайн дааж, тоглохоос гадна хагас хамгаалалтад дутагдаж байгаа орон зайг нөхөж чадна гэж үзжээ. Хендерсоны хувьд Английн 19, 20, 21 насны ангиллуудад нийт долоон тоглолтод оролцож, нэг гоол хийсэн байна.
Харин Бофройдын хувьд “Кардифф”-т энэ улирал гоолын бороог оруулж байгаа шилдэг довтлогч. Энэ залуу нийт 16 тоглолтонд оролцож, 15 гоол хийгээд байна.
Ямартай ч Францын багтай хийх нөхөрсөг тоглолтод Жон Терри, Уейн Рүүни, Жермейн Дефо, Эшли Коул нар гэмтлийн улмаас оролцохгүй болоод байгаа билээ.
Score Studio