Сагсчид Хятадын багт 91:46-аар ялагджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Сагсчид Хятадын багт 91:46-аар ялагджээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хэсэгт орох эрхийн төлөө Туркменистаны багийг 96:85 харьцаатай хожсоноор Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд “Е” хэсэгт өрсөлдөх эрхтэй болсон Монголын сагсан бөмбөгчид өчигдөр орой хэсгийн эхний тоглолтоо хийж, БНХАУ-ын багт 91:46 харьцаатай ялагджээ. Монголын багаас ахлагч Ш.Сэдбазар, О.Ууганбаяр, О.Сайнбаяр, М.Отгонмөнх болон М.Бадрах нар гарааны бүрэлдэхүүнд багтсан бол Хятадын багаас Сүн Юүэ, Ван Жижи, Лью Вей, Ван Шипен, Дин Жинхуи нарын шилдгүүд гараанд гарч, тоглосон байна. Гэхдээ өнгөрсөн наадмын аварга Хятадын багт энэ удаад Яао Мин болон И Жяньлянь нар багтаагүй юм.

    NBA-ын “Нью-Орлеан Хорнетс” болон “Кливлэнд Кавалиэрс” багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан Боб Доунволдоор удирдуулсан Хятадын шигшээ багаас Гуанжоугийн уугуул Жоу Пен 16 оноо авч багаа манлайлсан бол “Даллас Маверикс”-т хүчин зүтгэж байсан Ван Жижи ердөө 12 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 11 оноо авсан байна. Тоглолтын дараа Ван “Манай өрсөлдөгчид сул байсан болохоор бид бага хүч зарцуулж, тоглолтын санаачлагыг авах зорилготой тоглолоо” хэмээн ярьжээ.

    Хятадын шигшээ баг багтсан 12 тоглогч бүгд ээлжлэн талбайд гарч тоглосон бөгөөд нэг нь л хамгийн багадаа нэг үеийг талбайд өнгөрүүлжээ.

    Харин манай багаас Г.Ихбаяр найман оноо авч, багаа тэргүүлсэн байна.

    Энэхүү тоглолтын тухай Yahoo! Sports-т мэдээлэхдээ “Хэсгийн эхний тоглолтод, хурд хүч болоод биеийн өндрийн хэмжээгээр ялгаатай байсан монголчууд талбайгаас  30 хувьтай довтолж, 23 удаа гурван онооны шидэлт гүйцэтгэснээс хоёрыг нь л амжилттай болгожээ” гэсэн байна. Түүнчлэн Монголын багаас талбайд гарсан хамгийн өндөр тоглогч болох 192 см өндөртэй төвийн тоглогч О.Сайнбаяр бараг 37 минутыг талбайд өнгөрүүлэхдээ ердөө тавхан оноо авсан талаар бичжээ.

    Тоглолтын дараа Монголын багийн дасгалжуулагч О.Баярцогт тоглолтын үр дүнд баяртай байгаагаа илэрхийлээд, хичээл, сургууль тарсны дараа зөвхөн оройд л бэлтгэл хийдэг гэхэд чамлахааргүй амжилт гаргасан тухай ярьсан гэнэ.
    Монголын сагсчид хэсгийн дараагийн тоглолтоо өнөөдөр орой Узбекистаны багтай хийх юм. Харин нөгөөдөр Йорданы багтай тоглоно.


    С.Цэлмэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж