
Европын холбооны орнууд дотроос хамгийн өндөр, сүүлийн үеийн технологийг манайх нэвтрүүлж чадсан. Үүний үр дүнд эдийн засгийн хувьд маш их хэмнэлт гарч байгаа юм. Яагаад гэвэл бид бохир усыг нэг дор бөөгнөрүүлэн цэвэрлэж байна. Мөн хүлээж авсан нийт бохир усаа 99 хувь цэвэршүүлж чаддаг нь чанарын гол үзүүлэлт юм” гэжээ. Веноёийн цэвэрлэх байгууламж эхлээд гаднаас ирсэн бохир усаа тусгай байгууламж дотор 5 цаг байлгаад дараа нь хогийг нь ялгаж авдаг байна. Ганцхан долоо хоногийн дотор гэхэд л 15 тонн хог хаягдлыг ялган авдаг гэж байлаа. Улаанбаатар хотын хувьд жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа хүн ам түүнийг дагасан усны хэрэглээнээс улбаалан цэвэрлэх байгууламж нь ачааллаа дийлж чадахгүй байгаа билээ. Тиймээс Улаанбаатарчуудын хувьд судлах зүйл маш их байна гэдгийг НИТХ-ын төлөөлөгчид онцолж байжээ. Ер нь Вена хотын хувьд нийт хэрэглээний усныхаа 95 хувийг уулнаасаа авдаг. Хамгийн цэвэр усыг ундандаа хэрэглэж түүнчлэн байгалийн цас, борооны усыг тосон авч эргээд үйлдвэрлэлд ашигладгаараа дэлхийд тэргүүлэх орны нэг аж. Хотын даргын очсон дараагийн газар нь дулааны шугам сүлжээний тусгай хог шатаах үйлдвэр байжээ. Тус үйлдвэр нь Вена хот болон хөрш хотуудаас үйлдвэрийнхээ үндсэн түүхий эдийг хүлээн авдаг байна. Анх 1969 онд байгуулагдаж байжээ. Эзэмшлийн хувьд Вена хотын захиргаанд харьяалагддаг. Хог хаягдлыг дотор нь аюултай, ахуйн болон тусгай хог гэж гурав ангилдаг байна. Вена хотын Тусгай хог хаягдлын үйлдвэрийн газрын дарга Эрнст Лохерийн тайлбарласнаар тус байгууламж нь орчин үеийн хамгийн өндөр технологийг үйлдвэрлэлдээ ашигладаг аж. Хогийг таван дамжлагаар дамжуулан шатаадаг. Гэхдээ байгаль орчинд халгүй үйлдвэрлэл эрхэлдэг гэж байв. Үйлдвэрээс гарч буй утааг чийгшүүлэгч филтэрээр шүүдэг. Ингэснээр нүүрс хүчлийн хий маш багатай утаа агаарт ялгардаг гэж байв. Тус үйлдвэрийн гаргасан цахилгаан дулаанаар Вена хотын нийт айл өрхийн дөрөвний нэгийг хангадаг байна. Жилдээ 850 мянган тонн хог шатаадаг юм байна. Үйлдвэрийн бас нэг онцлог нь эмнэлгийн буюу химийн хог хаягдлыг хүлээн авч шатаадаг.
Энэ төрлийн хогийг тусгай лацадсан агуулах саванд хийж, галт тэргээр зөөвөрлөн үйлдвэрт авчирдаг гэж байлаа. Түүнчлэн хотынхоо бохир ус цэвэрлэх байгууламжаас гарсан хог хаягдлыг шатаадаг талаар Улаанбаатар хотын Захирагч болон дагалдан яваа төлөөлөгчдөд танилцуулжээ. Үйлдвэрийн бүх үйл ажиллагааг тусгай автомат ажиллагаатай хяналтын төвөөс хянахын зэрэгцээ үйлдвэрээс гарсан эрчим хүч, дулаан дамжуулах ажлыг давхар гүйцэтгэдэг байна. Нийтдээ 170 ажиллагсадтай хог шатаах үйлдвэр Европын холбооноос баталсан агаарт ялгаруулах хорт бодисын байвал зохих стандартыг яг таг мөрдөж ажилладгаараа гайхагддаг.
“Улаанбаатар Таймс”