Кёкүшюзан Д.Батбаяр: Эхнэрээсээ тусдаа амьдарч байгаа нь үнэн ч арай салчихаагүй байна

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Кёкүшюзан Д.Батбаяр: Эхнэрээсээ тусдаа амьдарч байгаа нь үнэн ч арай салчихаагүй байна

Кёкүшюзан Д.Батбаяр: Эхнэрээсээ тусдаа амьдарч байгаа нь үнэн ч арай салчихаагүй байна
-Сар шинийн мэнд Кёкүшюзан. Та сайхан шинэлэв үү?
-Сайхан шинэллээ. Өнгөрсөн жил их сайхан жил болсон, энэ жил ч тийм байх болов уу гэж бодож байна. Цагаан сараа Японд өнгөрүүллээ. Хүүхдүүд, ээжтэйгээ сар шинээ гаргачихаад өчигдөр ирлээ. Япончууд цагаан сар тэмдэглэдэггүй. Битүүний орой Хакухо М.Даваажаргалтай хоёулхнаа баахан бууз идэж битүүрлээ. Маргааш нь тэнд сурдаг Монгол оюутнууд, мэдээж сумочидтойгоо шинэлсэн. Би чинь өөрөө оюутан хүн шүү дээ. Их сайхан цагаан сар болсон.

-Та чинь сүүлийн жилүүдэд эх орондоо бараг цагаан сарыг өнгөрүүлээгүй байх шүү?
-18 жил Монголд цагаан сар гаргасан, 16 жил Японд өнгөрүүлсэн байна. Энэ жил эх орондоо цагаан сар гаргая гэж бодож байсан ч ээж, хүүхдүуд тэнд байсан болохоор яалт ч үгүй тэнд шинэллээ. Дүү нар, хөгшид тэнд байгаа болохоор би энд ганцаараа байгаад яахав. Хүүхдүүд нэг хэсэг Сингапурт сурч байгаад сая Монголдоо ирээд Япон сургуульд оруулчихаад байна. Эх хэлийг нь багад нь зааж сургая гэж бодоод. Цагаан сараар амарч байсан болохоор Японд байж таарсан юм.

-Цагаан сар гэснээс таны уясан морь өнгөрсөн жил айрагдаж таны нууц авьяас гэнэт илэрсэн. Хаанаас "халдварласан" хобби вэ?
-Хүн болгон л морь бэлэглэх юм. Найз нөхөд уруу татсан. Монголын алдартай уяачдаас надад морь өгөөгүй уяач байхгүй. Бүгд хурдаа бэлэглэдэг. Тэгсээр тоогоо алдсан ш дээ. Би яг таг тоог нь мэдэхгүй, хоёр, гурван зуу гарчихсан байгаа байх гэж бодож байна. Онон уяач, Даваахүү уяач, сая Билэгдэмбэрэл, Цандэлэг уяач хурд өглөө. Сумод барилдаж байсан олон жилүүдэд наадам дандаа барилдааны үеэр давхацдаг байсан. Нэг сайхан дэлгэр зун Монголынхоо тал дээр морь уяад, дээл өмсөөд, гэр бариад сайхан наадах юм сан гэж боддог байсан. Барилдъя ч гэж боддог байсан. Тэгээд юу ч гэсэн хийморио бодоод морио эхэлж "уясан. Билэгдэмбэрэл найз маань бэлэглэсэн соёолон насны морийг сойж уралдуулсан чинь өмнө нь 40, 50-д ирдэг байсан хурд чинь тавд давхисан. Их ч билэгшээсэн. Тэрнээс нэг их айхтар моринд орчихсон хүн биш.

-Тэгвэл нэг мөрөөдлөө биелүүлчихэж. Үндэснийхээ бөхөд зодоглох уу?
-Ноднин жил барилдах санаатай байсан ч амжаагүй. Энэ жил барилдвал барилдчихъя гэж бодож байгаа. Яг шийдээгүй байна. Бэлтгэл энэ тэр байхгүй. Сүхбат аваргын шинээр нээсэн сургуулийн дэвжээн дээр очиж бэлтгэл хийе гэсэн бодол байгаа.

-Үндэсний бөхөд та өөрийгөө хэр амжилт гаргана гэж бодож байгаа вэ?
-Миний хувьд нэг их амжилт гаргана гэж бодохгүй байгаа. Сумо барилдаж байгаад ийм барилдаанд амжилт нэг их үзүүлэхгүй биз ээ. Амжилт гаргаж, цол авах нь миний хувьд чухал биш. Гол нь нэгийн даваанд гараад наадмынхаа зүлэг ногоон дэвжээнд гарах чухал. Улсын начин эсвэл заан цолоор би юу хийхэв дээ. Тэр чухал биш. Аягүй бол нэг начин хийчихвэл мөнгө өгөөд ингэчихлээ гэх биз. Хүмүүсийн сэтгэхүй хэцүү шүү дээ.

-Та зодгоо тайлаад нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Эргээд бодоход арай эрт зодгоо тайлчихсан юм шиг санагдах юм уу? Сумогийн дэвжээ, дасгал бэлтгэл, Япон орныг үгүйлнэ биз дээ?
-Миний хувьд харин ч нэг жилийн өмнө тайлъя гэж бодож байсан. Сумо чинь мэргэжлийн спорт учраас 28-30 насанд ихэнхи нь зодгоо тайлдаг. Үгүйлээд байх нь ч юу юм, олон сайхан дүү нар амжилттай барилдаж байна. Тэднээрээ бахархана, очиж үзнэ, дэмжинэ. Японы мэргэжлийн сумод 800 гаруй бөх харьяалагддаг юм. Тэднээс 60-аад гадаадын бөх байдгаас 40-өөд нь Монгол сумочид. Эдний талаас ихэнхи нь миний гараас нь хөтөлж сумод оруулсан бөхчүүд байгаа. Тэд бүгд ярьж байна, уулзлаа. Бүгд сайхан ч барилдаж байна. Японд байгаа найз нөхөд, бизнесийн хамтрагчид, урьд өмнө нь ажиллаж байсан хүмүүс, сумочид гээд хүрээлэл өргөн. Эргээд бодоход сумод 20, бусад Японы сургуулиудад нийт 400-гаад оюутан Монголоос явуулсан байдаг юм. Японд яваад очиход тосоод л авна, буудал энэ тэр гэх ямар ч шаардлагагүй. Сайхан л даа. Японоо, сумогоо хааяа зүүдэлдэг л юм.

-Таны зодог тайлсныг одоо хүртэл янз бүрээр тайлбарладаг. Зарим нь гэр бүлийн асуудалтай холбоотой гэж байхад зарим нь якуза нарт дарамтлуулсанаас үүдэлтэй гэж ч тайлбарлах юм?
-Зодгоо тайлмагц л янз бүрийн таамгууд бичиж эхэлсэн. Улс төрд хүч үзэх гэж байна, якуза нарт дарамтлуулсан гэх мэтээр олон хувилбар дэвшүүлсэн. Энэ бүхэн хэвийн үзэгдэл л дээ. Үнэндээ надад таниад байх мафиуд ч байхгүй. Манай сургуулийн гаражийг машин энэ тэр мөргөсөн гэж нэг хэсэг шуугисан. Энэ бол намайг зодгоо тайлсны дараа болсон явдал. Японы хэвлэлүүд мөн Америк руу гарч амьдрах гэж байгаа бас зүрх нь муудаад биеийн байдлаас болж зодгоо тайлж байгаа ч гэж бичсэн. Энэ нь зодгоо тайлсны дараа жингээ хасахын тулд хэрхэн диет барих вэ гэж эмчээс зөвлөгөө авчихснаас үүдэлтэй яриа байсан. Яг үнэндээ бол олон жил сумод барилдлаа, одоо эх орондоо ирж дараа, дараагийн ажлаа бодъё гэж бодсоных. Нас залуу байна, ард амьдрал байна. Эртхэн ажил, бизнес рүүгээ оръё гэж бодсон. Гэхдээ дээд зиндаанаасаа унаагүй, том бэртэл аваагүй, хамгийн олон рекорд өөрөөр хэлбэл унахгүйгээр маакүши зиндаандаа удаан байсан рекордтойгоор зодгоо тайлсан нь бахархууштай.

-Зодгоо тайлсан Кёкүшюзаныг олон хүмүүс цаашид юу хийх бол гэж сонирхож байгаа нь лав. Улс төрд хүч үзэх төлөвлөгөө бий юу?
-Улс төрд хүч үзнэ гээд яг тогтчихсон ч юм алга. Би улс төрд балчирдана шүү дээ. "Кёкүшюзан хөгжил сан" жижигхэн компани. Гэхдээ бас орохгүй гэх газаргүй. Товчхондоо үгүй гэхээр тийм биш, тийм гэхээр үгүй биш. Одоохондоо сургууль соёлдоо сурах хэрэгтэй байна. Цаашдаа яг ингэнэ, тэгнэ гээд яг таг төлөвлөчихсөн юм алга, зөв урсгалаараа явна даа.

-Таныг сумочид дундаа Хакухо М.Даваажаргалтай ойр дотно байдгийг мэдэх юм. Хакухог Японы хүргэн болоход Монголын ард түмэн маш их дургүйцсэн. Хэдийгээр хувь хүний асуудал боловч нөгөө талаар Монголын ард түмний өмч шахуу болсон ген харийнх боллоо гээд одоо ч таатай ханддаггүй. Түүнтэй ойр дотно байдаг таны хувьд энэ сонголтыг нь яаж хүлээж авсан бэ?
-Хүмүүс тэгж ярьдаг юм. Мэдэхгүй улс тэгж ярих нь ч аргагүй. Үнэндээ бол энэ хувь хүний амьдрал, өөрөө сонголтоо хийнэ. Хэнд хайртай түүнтэйгээ сууна шүү дээ. Тиймээс би хамгийн их дэмжсэн хүний нэг. Хакухо хамгийн түрүүнд надад хэлж байсан. Мөөеө аваргад хүртэл анх надаар хэлүүлж байсан. Би хувьдаа дуртай, дургүй нэг Монгол охинтой сууж байснаас үнэхээр хайртай л юм бол суу, буруудах юм байхгүй, гэж зөвлөөд, тэр ч хүчтэй нөлөөлөөд ийм шийдэлд хүрсэн. Яагаад гэвэл М.Даваажаргал гэдэг хүнийг Японд очоод сумод оръё гэхэд Япон байтугай, Монголчууд нь тоодоггүй байсан юм. Сумогийн дэвжээ хүртэл хүлээж авахгүй байхад нь би хүчиндээд оруулсан нь үнээн. Тэгэхэд Кёкүшюзан хаашаа юм, нэг онд орохгүй даага шиг юм дагуулаад ирсэн. Энэ нь бэртэж гэмтвэл яах юм. Кёкүшюзан хүчээр авчирч оруулсан, ямар хөөлтэй нь биш, сумогийн үсчин болгочихъё гэж ярьж байсан гэнэ лээ. Монголчууд нэг нүдээрээ ч хардаггүй байсан үе шүү дээ. Нэг өдөр сургууль дээр нь яваад очиход Хакухо халуураад, бие нь маш муу байж таардаг юм. Хөл нь шалбараад, тэр шалбархайгаар нян ороод биед нь тархчихсанаас халуурсан хэрэг. Багш нь тоохгүй, хэн ч ойшоож үзэхгүй. Тэгээд би эмийн сангаас эм аваад ирсэн чинь үүдэнд нь формын хувцастай жижигхэн охин зөрөөд гардаг юм байна. Гайхаад харсан чинь "Сайн уу, Кёкүшюзан, та намайг санаж байна уу?" гэж байна. Харсан ч юм шиг, үгүй ч юм шиг. Тэгтэл "Би 12 настайдаа мөнгө цуглуулж "Кёкүшюзан хөгжил сан"-гаар дамжуулж Монголын өнчин ядуу, гэр оронгүй хүүхдүүдэд өгч байсан ш дээ. Таны гарын үсэгтэй талархлын бичиг одоо ч надад байдаг" гэж байна. Тэгээд санасан л даа. Бүүр 12 настай жаахан охин байхдаа вокзалын гадаа зогсч мөнгө цуглуулаад трайншейнд амьдардаг, өнчин ядуу хүүхдүүдэд. өгөөрэй гэж байсан охин байсан. Сонин бас их учир ерөөлтэй байгаа биз. Энд юу хийж яваа юм гэтэл "Би Хакухог дэмждэг юм, өвдөж байгаа учраас эм авчирч өгчихөөд явж байна" гэлээ. Яваад орсон чинь миний авсантай яг адилхан эм авчраад өгчихсөн байсан. Тэр үед Хакухо хэл ч сайн мэддэггүй, бүүр жаахан байсан. Хакухог хэн ч тоодоггүй байсан тэр үеэс л үерхэж байсан гэсэн үг. Харин Хакухог амжилттай барилдаад дээд зиндаанд ороод ирсэн чинь үүдэнд нь Монголын мисс, загвар өмсөгчид жагсаад зогсч байсан. Миний энэ үгэнд итгэхгүй байж магадгүй, миний л мэдэхийн хорин хэдэн Монгол охин, нөгөө талын байшинг тойроод ирэхэд дахиад хорь гаруй Япон охин зогсч байсан гээд бод доо. Тэдний дунд миний таньдаг ч ганц хоёр эмэгтэй байсан. Тэд намайг харчихаад "Кёкшү ах аа, Хакухог та танина, зүгээр л дүүтэйгээ хамт хоолонд оруулах гэсэн юм, хэлээд өгөөч" гэж хүртэл байсан. Тэгээд арслан болоод гараад ирсэн чинь Монголчууд тэр аяараа хөл алдаж эхэлсэн.

-Аймаар юм. Мөөеө аварга хэлэхдээ миний хүүд гадаад, дотоодын охидоос нэг машин захидал ирсэн байдаг гэж ярьж байсан. Тэр үе л байж таарах нь?
-Ер нь сумод амжилт гаргаад, цол авахаар Япон, Монголгүй л тийм хүндэтгэлд булуулдаг л даа. Бид ч гэсэн тийм байсан. Жишээлбэл, дэмждэг сумочдоо шоколад өгдөг өдөр Цэвэгнаям бид хоёрын шоколад алимны тав, зургаан хайрцаг дүүрч байсан. Гэхдээ арай Хакухог гүйцэхгүй л дээ. Хакухо маань хүнтэй суугаагүй, ганц бие залуу, амжилттай барилдаж эхэлсэн болохоор аргагүй л дээ. Хакухогийн захиа гэхэд л хэтрүүлж хэлэхэд бараг нэг машин. Гэрт нь ороход хэд хэдэн алимны хайрцагтаи өрөөстэй байдаг байсан. За аварга болоод ирсэн чинь аваргын хүү аварга гээд бүр шуурчихсан. Японы телевизүүд өдөр болгон гэрийнх нь гаднаас шууд дамжуулах нэвтрүүлгээр "Хакухо босч байна, одоо доошоо бууж ирж байна, одоо шүдээ угааж эхэллээ" эсвэл "Хакухогийн багш бууж ирж байна, Хакухо жаахан амарч байгаад гарч ирнэ гэж байна" гэх мэтээр шууд дамжуулдаг байсан. Хэдий ийм байсан ч гэсэн Хакухо тэр их хүндэтгэл, тэр олон мисс, загвар өмсөгчдөөс хэнийг нь ч сонгоогүй, нөгөө жаахан оюутан охинтойгоо суусанд би их талархдаг. Энэ жинхэнэ эр хүн байна, жинхэнэ хүн чанар байна гэж би боддог. Үүнийг хөндлөнгийн хүн ойлгохгүй, зөвхөн Хакухо, Хакуход ойр дотно байсан хүмүүс л ойлгоно. Тэр охиныг Япон, Монгол гэхгүйгээр-зөвхөн чин сэтгэлээрээ энэ сонголтыг хийсэн. Тийм ч учраас би юу ч хэлж чадаагүй, яагаад гэж ч асууж чадаагүй. "Чи өөрөө л мэд, үнэхээр хайртай бол суу. Би Мөөеө аваргад хэлж өгье" гэж хэлсэн.

-Аварга тэгээд галтайгаа л буув уу?
-Аварга цочирдсон л доо. Юу болчихов оо, одоо яана аа, хүү минь гээд.

-Гэхдээ л танд битүүхэн цаанаа Хакуогийн энэ сонголтонд харамсах, харамлах юм байсан л биз дээ? Монгол охинтойгоо суусан бол гэдэг ч юм уу…
-Энэ нэг их чухал зүйл биш шүү дээ. Тэртэй тэргүй аав нь Монгол учраас хамаагүй. Хэрвээ эмэгтэй байсан бол тэгж бодож болно. Эрэгтэй хүн бол тэр Японыг чинь аваад Монголдоо л хүрээд ирнэ шүү дээ.

-Таны ярианаас нэр алдар гэдэг айхтар хүчтэй эд гэдэг нь их тод харагдаж байна. Та ч гэсэн жирийн хөдөөний хүү байгаад сумод хөл тавьж өдий дайны нэр хүнд, хүрээлэл, баялгийг бий болгожээ. Энэ бүхэн танд хүний чанарыг илүү таньж мэдэхэд тусалдаг уу?
-Нэр алдартай ч байсан, нэр алдаргүй байсан ч гэсэн хүний чанарыг цаг хугацаа таниулдаг шүү дээ. Японд 18-тайдаа очиж, идэр залуу насныхаа 16 жилийг өнгөрөөснийх Японд илүү олон найз нөхөдтэй. Илүү Японыг мэднэ гэж болно. Японы аль ч нутгийн хэлийг ойлгож мэддэг. Япон бол яалт ч үгүй миний хоёр дахь эх орон. Мэдээж сумо надад нэр алдар, хүрээлэл бий болгосон. Тэр ч хэрээр Япон ч бай, Монгол ч бай бүгд л зодгоо тайлсан ч гэсэн тусалж дэмжиж хамтран ажиллаж байна. Бизнес хамтарч хийе гэж байна.

-Та ингэхэд сургуулиа хэзээ төгсөх билээ? Ихэнхи нь таныг улс төрийн чиглэлээр сурч байгаа гэх юм билээ?
-Би Токиод Вашида гэдэг сургуульд 4 дэх жилдээ суралцаж байна. Уул нь энэ жил төгсөх ёстой байсан ч зодог тайлна гээд ажил ихтэй байсан болохоор хичээл, ном завсардаад ирэх жилийн 4-р сард төгсөх санаатай. Хүн судлалаар сурч байгаа. Сэтгэл судлаач ч гэж болно. Хэцүү, нарийн мэргэжил л дээ. Төгсч чадах уу, үгүй юу/инээв/.

-Их сонирхолтой чиглэлээр суралцаж байгаа юм байна. Хүн судлалаар суралцах болсон шалтгаан нь юу байсан бэ?
-Нэг их учир шалтгаансаад байх юм байхгүй ээ. Япон оронд олон жил сумогоор барилдлаа. Зөвхөн сумо барилдаад дуусах биш мэргэжил мэдлэг гэдэг чухал юм. Миний сурч байгаа сургууль бол Япондоо эхнээсээ хоёрт ордог, Японы хамгийн олон Ерөнхий сайдуудыг төрүүлсэн сургууль. Манай Ерөнхийлөгч Н.Энхбаяр очиж лекц уншиж, доктор болж байсан. Миний хувьд зөвхөн сумогоор барилдаад дуусах биш Япон орныг, Япон хүнийг илүү гүн гүнзгий судалъя гэж бодсон хэрэг. IТ бол ирээдүйтэй салбар. Хүн судлал бол их сонирхолтой, надад, миний натурт таарсан салбар юм уу гэж бодсон. Сонинууд улс төрийн чиглэлээр сурч байгаа гэж янз бүрээр бичсэн л дээ.

-Та Япон Монголын хооронд жим зам гартал олон жил явж байна. Хоёр нутагтан шиг л амьдардаг. Зодгоо тайлснаас хойш эх нутагтаа төвхнөж байх шиг байна. Ер нь хаанаа илүү тохь тухтай амьдарч чаддаг вэ?
-Зодгоо тайлаад Сингапурт нэг хэсэг амьдарлаа. Хүүхдүүдээ тэнд сургах гээд.
Тиймээс Монголдоо нэг их тогтож, суурьшиж чадаагүй. Яг Япон, Монгол, Сингапур гэсэн маршрутаар нэг хэсэг нислээ. Хүүхдүүд маань сая Сингапурынхаа сургуулийг төгсгөөд эндээ авчирчихаад байна. Хүүхдүүдээ санаад болохгүй юм. Одоогоор яг Япон, Монгол гэсэн хоёр талдаа л амьдарч байна. Сард Япон руу 2-3 удаа явчихаж байна. Ер нь 50, 50 хувьтай л амьдарч байна даа.

-Та их халамжтай аав бололтой. Хүүхдүүдийнхээ боловсролд ч их анхаарч байгаа аж. Хэл ус нь хэр асуудал үүсгэж байна?
-Хүүхдүүд маань одоо нэг нь тав, нөгөө нь долоон настай. Жаахан байцгаана. Японд төрөөд, өсчихсөн болохоор Япон хэлэндээ сайн. Нялх байгаа болохоор энд ирэхээрээ Японоо мартчих гээд байдаг. Тиймээс тэр сайхан сурчихсан хэлийг нь мартуулахгүй юм сан гээд. Тэгтэл эх хэлийг нь бас сургах ёстой. Тиймээс энд хэсэг байлгаж Монгол хэл заалгалаа. Тэгээд арай гайгүй болохоор нь давраад англи хэлтэй болгоё гэж бодоод Сингапур луу явуулчихсан чинь жаахан буруудах янзтай. Япон ч үгүй, Монгол ч үгүй болчих гээд байдаг. Тэгээд зөвлөж, ярилцаж байгаад Япон, Монгол хоёроо мартахгүй хэмжээнд том болох хүртэл нь эндээ байлгая гэж шийдсэн.

-Таныг ихэнхи нь баян хүн гэж ойлгодог. Яг үнэндээ…
-Би тийм их баян хүн биш. Айхтар хурааж цуглуулсан юм байхгүй. Барилдаж байсных хөлс, хүчээ урсгаж олсон хөрөнгө минь бий. Тийм ч учраас хэнээс ч айхгүй, эмээхгүй амьдардаг. Монголд баян хүмүүс их болж. Гэхдээ хөлсөө гаргаж, зовж олсон мөнгөтэй нь гэвэл бараг би гэвэл хэтрүүлсэн болохгүй. Хэдэн бөхчүүд, бизнесмэнүүд гээд маш цөөхөн хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд зовоод их мөнгөтэй юу гэвэл үгүй. Найз нь илүү. Маш олон найзтай. Нүүр бардам хэлэхэд найз, нөхдийн тоогоор Монголдоо айргийн тавд орчихно. Зөвхөн Монгол төдийгүй Япон найз нөхөд ч энд багтана. Түүгээрээ их баян хүн. Тэрнээс мөнгө төгрөг, эд хөрөнгөөрөө одоогийн Монголчуудыг гүйцэхгүй. Өөрийгөө болгочих .дайны. Хэдэн жил хөдөлмөрлөснийх. Ард түмнээ хуурч, элдэв янз болж энэ мөнгийг олоогүй болохоор бардам байдаг юм. Улс төр гэдэг амар тоглоом биш. Намайг улс төрд ороод ирчих вий гэж бодсоноос элдвийн хэл ам гарсан л даа. Тэрнээс биш над шиг цэвэр нэртэй хүн Монголд байхгүй байсан биз.

-Уучлаарай, таны хувийн амьдралыг сонирхохгүй өнгөрч чадахгүй. нь. Таныг зодог тайлсны дараахан Япон, Монголын хэвлэлүүд хоёр хүүхдийнхээ ээжээс салсан тухай хэсэг шуугисан. Гэр бүл салалт эр хүний хувьд илүү хүнд тусдаг гэдэг. Төдийгөөс өдий хүртэл босгосон амьдралаа үрээд, хоёр хүүхдээ өнчрүүлээд салах шалтгаан юу байсан юм бол?
-Нэг их салж сарничихсан юм байхгүй шүү дээ. Аав нь зодог тайлчихсан болохоор хүүхдүүд аавтайгаа хамт эндээ байна. Ээж нь одоо 4-р курс, сургуулиа төгсөх ёстой. Хоёр талдаа амьдарч байгаа нь үнэн. Салчихсан юм бол байхгүй. Сая бас уулзаад, ээжтэй нь хоёр хүүхэдтэйгээ хамт байж байгаад ирлээ. Хүмүүс янз. бүрээр яриад л байгаа. Яг хоёр тийшээ болчихсон юм алга. Амьдрал гэдэг бас янзын юм байна шүү дээ. Зохицохгүй, таарахгүй юм гэж байна. Одоохондоо сургууль, соёлоос болоод яалт ч үгүй хоёр талдаа байна. Яг шийдчихсэн юм байхгүй.

-Таны хадмууд ярихдаа таныг гэргийдээ гар хүрдэг байснаас үүдэлтэй ийм юм боллоо гэж ярьж байсан. Тийм дайны зерчил үүссэн юмуу?
-Тийм зөрчил гээд байх юм байхгүй. Ээж, аавууд өөрийнхөө л хүүхдийг өмөөрнө шүү дээ. Манай хадмууд их сайхан улсууд байдаг. Би их хүндэтгэж явдаг. Одоо ч аав, ээжээ гэж боддог.

-Салах өргөдлөө ЭСЯ-нд өгчихсөн байгаа гэж тэд бас ярьж байсан?
-Яг тийм юмыг би одоогоор олж хараагүй байна. Яг үнэндээ нэр алдартай, олны танил хүмүүсийн амьдралд гадны нөлөө маш их байдаг. Байх ч ёстой зүйл. Тиймээс би үүнийг тоодоггүй. Өөрийнхөөрөө амьдарна.

-Хэдийгээр гадны нөлөө байгаа гэж ярьж байгаа боловч эхнэртээ өгөх хайр халамж, гэр орон, үр хүүхдүүддээ зарцуулах цаг заваа багадуулчихаж дээ гэж өөрийгөө зэмлэх юм уу?
-Одоохондоо бүр хоёр тийшээ болчихоогүй болохоор тэгж айхтар юм бодоод байгаа юм алга. Ямар салчихсан байгаа биш. Түр зуур хоёр талдаа л амьдарч байгаа юм байгаа биз. Баталгаагаа салгачихаагүй байна шүү дээ.

-Таныг гэргийгээсээ тусдаа амьдарч байгааг мэдсэн олны танил бүсгүйчүүд таны утсыг амраахгүй байгаа гэсэн?
-Тийм юм байхгүй ээ. Яг үнэндээ миний утсыг мэддэг хүн ховор ш дээ. Хэвлэлийнхэн ч уулзах гээд чаддаггүй. Тэгж янз бүрээр бичигдээд байдаг болохоос би үнэндээ найз нөхөдтэйгээ хааяа уулзаж биллъяард цохьдог. Чи ч гэсэн харж байгаа байх, бөөн харчууд дунд л байгаа биз дээ /инээв/.

М.УРАНЧИМЭГ. /2008.02.16/
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж