“Монгол мал” хөтөлбөрт 54.4 тэрбум төгрөг тусгахыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

“Монгол мал” хөтөлбөрт 54.4 тэрбум төгрөг тусгахыг дэмжлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр хуралдаж  Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг болон  Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийлээ.
    2011 оны төсвийн төсөлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын нийт төсөвт зардлын багц 63.4 тэрбум төгрөг байхаар төлөвлөсний урсгал зардал 53.9 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 9.5 тэрбум төгрөг байхаар төсөвлөгджээ. 2011 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын арга хэмжээнд нийт 9.5 тэрбум төррөг төлөвлөж байгаа нь 2010 оныхоос 772.5 сая төгрөгөөр өсөхөөр байгаа аж. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2011 онд харьяаллын байгууллагуудаараа дамжуулан улсын төсөвт 63452,8 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төсөвлөсөн байна.

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны нийт зардал ба цэвэр зээлийн багц 131763,1 сая төгрөг байгаа бөгөөд эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл  41018,2 сая төгрөг, төсвөөс санхүүжих нийт зардлын дүн 90744,9 сая төгрөг байна. Энэ нь 2010 оны тодотгосон төсвөөс 27,4 хувиар буюу 34190,6 сая төгрөгөөр бага байгаа юм байна.

    Хэлэлцүүлгийн шатанд гишүүд “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих,   сум  хөгжүүлэх сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн салбарт бага оврын трактор худалдан авахад  төсөвт хөрөнгө нэмж тусгах зайлшгүй шаардлагатайг гишүүд хэлж байлаа. Мөн мах, хүнсний ногооны үнэ хавар өсдөг. Иймд  мах, хүнсний ногооны  хадгалалт, зоорины  асуудлыг шийдвэрлэх, газрын дорхи усны эрэл хайгуул, судалгааны асуудал хоцрогдонгуй байгаа тул тус хөтөлбөрт нэмж 54.4 тэрбум төгрөг нэмж тусгахыг байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтсон юм.

    Г.Дарь
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж