
“Ардуудыг
явгаруулж, баячуудад тал зассан энэ хуулийн төслөөс болж авто машины
үнэ хар зах дээр хэд болж өсөхийг урьдчилан тооцоолон гаргасан уу”
гэдгийг Сангийн сайдаас эхлүүлээд Сангийн яамныхнаас асуусан ч, тайлбар
хэлчих хүн олдсонгүй.
Төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд Засгийн
газар ардаа явгалхаас өөр арга олсонгүй. Арга замаа зөвтгөхийн тулд тэд
“Насжилт өндөртэй суудлын тэрэгнүүдэд ногдуулах Онцгой албан татварыг
хоёр дахин нэмэхгүй бол Улаанбаатар хот хорт утаанд идэгдээд, зам
тээврийн осол ч ихээр гарах боллоо” гэсэн болохгүй, бүтэхгүйн жишээгээр
хаацайлж байна. Зорилгыг нь харвал тэс өөр, уг хуульд өөрчлөлт
оруулснаар 10.5 тэрбум төгрөг “босгож” төсвийнхөө орлогыг бүрдүүлэхэд
чиглэжээ. Тэгээд ч Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийг дагалдуулж
УИХ-д өргөн барьсан энэхүү төсөл Улаанбаатар хотыг хорт утаанаас салгаж
харагдаач… Ийм нэгэн үлгэрийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны
хуралдаанаар өчигдөр авч хэлэлцлээ.
Сангийн сайд С.Баярцогтын
тайлбараар Монгол Улсад өнөөдрийн байдлаар 306 мянган тээврийн хэрэгсэл
бий. Үүний 25.5 хувь нь авто машин бол 69.2 хувь нь суудлын тэрэг.
Насжилтаар нь авч үзвэл нийт тээврийн хэрэгслийн 80 хувь нь долоогоос
дээш нас насалж, хогийн цэг дээр хаяхад бэлэн болжээ. Гэтэл ченжүүд
гадаадаас өнөөх л өндөр насалсан актлахад бэлэн болсон авто машин оруулж
ирээд агаарын бохирдол үүсгээд байгаа болохоор Онцгой албан татварыг
өсгөхөөс аргагүй болсон. Хэрвээ нас залуу авто машин оруулж ирвэл татвар
нь бага байх болохоор ард иргэдэд үзүүлэх дарамт бага гэсэн гоё үг
дагалдууллаа. Чухамдаа ченжүүд ард иргэдийн амьжиргааг сайд нараас илүү
сайн мэддэг учраас наймааныхаа гүйлгээг бодоод хямд үнэтэй, нас өндөртэй
авто машин оруулж ирээд байгааг Сангийн сайд ер тооцоолоогүй бололтой
юм. Бас тэгээд “Да хүрээ” зах дээр өнөөдөр зургаан сая төгрөг дотор
эргэлдэж байгаа суудлын тэрэг энэхүү хоёр дахин өсөх Онцгой албан
татварын өөрчлөлтөөс болж, 12 сая төгрөгт хүрч тэнгэрт хадахыг ч давхар
тооцоогүй шинжтэй. Зөвхөн авто машины наймаанд л санаа зовниж байна.
Тэрбээр “Онцгой албан татварыг өөрчилснөөр авто машины гүйлгээнд сөргөөр
нөлөөлөхгүй, өмнөх жишээнүүдээс татсан тайлбар” гэх марзан үг
дагалдуулав. Энэ үгэнд ч УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу ташуур өгч “Герман
болон Европын орнуудад авто машины хоббитой нөхдүүд өндөр насжилттай
авто машиныг хилээр оруулж ирээд, түүнээсээ кайф аваад унаад л явж
байдаг. Ер нь тэгээд авто машиныг манайхан махалж оруулж ирдгээс түүнийг
нь угсрах явцад тэнцвэрийг нь олж чадаагүйгээс осол аваар гарах
тохиолдол ч олон болсон тул урт насжилттай машинд өндөр татвар ногдуулах
нь зөв” гэж дэмжлээ.
Харин УИХ-ын гишүүн Х.Баделхан “Ардуудыг
явгаруулж, баячуудад тал зассан энэ хуулийн төслөөс болж авто машины үнэ
хар зах дээр хэд болж өсөхийг урьдчилан тооцоолон гаргасан уу” гэдгийг
Сангийн сайдаас эхлүүлээд Сангийн яамныхнаас асуусан ч, тайлбар хэлчих
хүн олдсонгүй. Хуулийн үзэл баримтлалд долоогоос дээш настай авто машинд
ногдуулах татварыг хоёр дахин нэмэгдүүлэхээр оруулж ирээд байгаа юм.
Энэ нь чухамдаа 1500 цилиндрийн багтаамжтай суудлын тэрэг татварын
өөрчлөлтөөс болж, 8 сая төгрөгөөс 15 сая төгрөг хүртэл өсч болох үүд
хаалгыг нээгээд байгаа билээ.
Хэлэлцүүлгийн шатанд энэхүү
хуулийн төсөлтэй холбогдуулж, гишүүдийн саналыг сонсоход УИХ-ын дарга
Д.Дэмбэрэл арай нэг ард үг хэлэв. Спикер “Онцгой албан татварт өөрчөлт
оруулах нь нийт ард иргэдийн амьжиргаанд ихээхэн сөргөөр нөлөөлнө.
Задарсандаа ард түмэн өнөөдөр эксель, элентра унаад, түүнийгээ засч
сэлбээд яваагүй. Амьжиргаа нь тэр хэрийн байгаа учраас, шинэ машин
худалдаж авч дийлэхгүй байна. Хэрвээ аймгуудыг авто замаар холбочих юм
бол хөдөөгийн иргэд ч жижиг тэргээрээ амьжиргаагаа залгуулаад байх
боломжтой болно. Өнөөдөр Улаанбаатар хотод түгжрэл үүсгэж байгаа гол
шалтгааныг авто машины тоо хэрээс хэтэрсэнтэй холбон тайлбарлаж байна.
Нэг сая гаруй иргэнтэй нийслэлд энэ хэмжээний авто машин явахаас
аргагүй, өөрийнхөө хэмжээнд л байгаа. Заавал ийм замаар төсвийн орлого
бүрдүүлэх гэж зүтгэх нь ихээхэн хэл ам дагуулна. Зарим гишүүний
хэлсэнчлэн замынхаа хураамж зэргийг арай өндөр болгох замаар өөр арга
хайхгүй бол авто машины үнэ өсч, тэр хэрээр олон жолооч ажилгүй болж,
жирийн иргэдийн амьжиргаа доройтно. Нийтийн тээврийн зохицуулалтыг ч
сайжруулах ёстой. Үүний дараагаар Онцгой албан татварт өөрчлөлт
оруулахгүй бол жирийн ард иргэд бэлтгэлгүй байгаа” гэсэн юм. Гэвч
хуралдаанд оролцсон 12 гишүүнээс 10 нь энэхүү хуулийн төслийг “Хэлэлцэх
нь зүйтэй” хэмээн үзлээ.
Хэдийгээр энэхүү хуулийн төслийг ирэх
пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцэх ч, шийдвэр ард иргэдийн
талд гарах янз алга. “Ардуудаа ахлаад марш л” гээд байна. Учир нь
нэгдсэн төсвийн орлогыг нэмэгдүүлэх эх үүсвэр 10.5 тэрбум төгрөгөөр
дутах учраас өөр эх үүсвэр хайж цаг алдах сонирхол УИХ-д ч, Засгийн
газарт ч алга байна.
онцгой албан татварын хэмжээ
No
Хөдөлгүүрийн багтаамж Ногдуулах онцгой албан татварын хэмжээ
Үйлдвэрлэснээс хойшхи хугацаа 0-3 жил 4-9 жил 10 ба түүнээс дээш
1. 1500сс ба түүнээс доош 500$ 1000$ 2000$
2. 1501-2500сс 1500$ 2000$ 3000$
3. 2500сс-аас дээш 2000$ 2500$ 4000$
онцгой албан татварын хэмжээ
No
Хөдөлгүүрийн
багтаамж Ногдуулах онцгой албан татварын хэмжээ Үйлдвэрлэснээс
хойшхи хугацаа 0-3 жил 4-6 жил 7-9 жил 10 ба түүнээс дээш
1. 1500сс ба түүнээс доош 500$ 1000$ 2000$ 4000$
2. 1501-2500сс 1500$ 3000$ 6000$ 12000$
3. 2501-3500сс 2000$ 4000$ 8000$ 16000$
3501сс-ээс дээш 3000$ 6000$ 12000$ 24000$
Г.Дарь