
Харин “Хаан” Жеймс өөрийгөө шилдэг 25 алдартны дунд багтсан нь ахадсан хэрэг хэмээн үзэж буй гэнэ. Тэрбээр өөрийнхөө төлөө саналаа өгөхгүй гэдгээ ч мэдэгджээ. 1927 оноос хойш жил бүр “Оны шилдэг хүн”-ийг тодруулж, шагнал гардуулж эхэлсэн бөгөөд тухайн жилдээ дэлхий дахинд хамгийн их нөлөө үзүүлсэн алдартанг шинэ оны өмнө тодруулдаг юм. Тиймээс ирэх сард уг шагналын эзэн тодрох ёстой аж.
Энэ жилийн хувьд 2008 онд уг шагналыг хүртсэн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, дуучин Lady Gaga, улстөрч Сара Пейлин, жүжигчин Жон Стюарт, Стифен Колберт, хуучинсаг үзэлт тоймч Гленн Бэк, Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай мөн Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган нарын нэрийг сүүлийн шатанд дэвшүүлээд байгаа юм. Мөн тэдэн дээр газрын гүнд хоёр сар гаруй хугацааг өнгөрүүлсэн Чилийн уурхайчид багтжээ.
Өөрийн нэр нь энэ шагналд нэр дэвшсэн талаар Жеймс “Би амьдралаа сайжруулахын тулд чадах бүхнээ хийж, хөдөлмөрлөж байна. Гэвч энэ надад ахадна. Солиотой хэрэг байна. Эдгээр залуус бол байж болно. Тэдний нөлөө, эрх мэдэл, хүч их шүү дээ” хэмээжээ.
Энэхүү нэр хүндтэй шагналыг хамгийн анх Чарльз Линдберг хүртэж байсан бол АНУ-ын 32 дахь ерөнхийлөгч Франклин Д. Рузвельт уг шагналыг гурвантаа хүртсэн цорын ганц эрхэм юм. Харин сүүлийн жилүүдэд 2007 онд Владимир Путин, 2008 онд Барак Обама, өнгөрсөн жил АНУ-ын Холбооны нөөцийн газрын дарга Бен Бернанке “Time” сэтгүүлийн “Оны шилдэг хүн”-ээр тодорч байлаа.