
Техник, технологийн салбарын хит бүтээгдэхүүний нэг болох iPhone, Blackberry болон Google компанийн Android үйлдлийн систем бүхий смартфонууд 3G болон Wi-Fi-аар тоноглогдсон бусад бүтээгдэхүүнийг зах зээлээс шахан гаргаж байна. Яг л овор, жин багатай, хямд үнэтэй нэтбүүк гэгч PC-г орлох болсон шиг. Гэхдээ сүүлийн үед Apple компанийн iPhone нэтбүүкийг хангалттай орлох болсон. Учир нь тус компанийн App Store онлайн дэлгүүрт iPhone-д зориулсан 250 мянга гаруй app буюу жижиг программууд бий. Тэдний тусламжтайгаар хэрэглэгчид өөрсдийн хүсэл шаардлагын дагуу iPhone-оо ашиглах бүрэн боломжтой болдог билээ.
Смартфоны зах зээлд анхлан хөл тавьж, олны анхаарлыг өөр зүгт хандуулж чадсан бүтээгдэхүүн бол Blackberry. 2002 онд мэндэлсэн Blackberry-г тухайн үед зөвхөн бизнес хэрэглээнд зориулан гаргаж байв. Харин iPhone 2007 онд зах зээлд гарч ирснээр смартфоны талаарх худалдан авагчдын ойлголтыг өөрчилж, зах зээлийн хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүний нэг болсон юм.
Өдгөө смартфон гэгч өргөн хэрэглээний олон төрлийн цахилгаан төхөөрөмжийг бүрэн орлож байна. Чухамдаа смартфоныг мэдээ, мэдээлэл, энтертайнмент болоод харилцаа холбооны аль ч төрөлд ашиглах боломжтой байдагт хүчин чадал нь оршдог. Түүнчлэн 3G технологийн тусламжтайгаар смартфоноосоо интернэтэд холбогдох боломж олгодог нь бас л нэг давуу тал. Харин ойрын хугацаанд үйлчилгээнд нэвтрэх 4G технологи смартфоны зах зээлд эзлэх байр суурийг бүр ч нэмэгдүүлэх төлөвтэй. Учир нь энэхүү шинэ технологийн ачаар хүмүүс смартфоноосоо өндөр хурдны интернэтэд холбогдож, гэрийн нөхцөлд ашигладаг кабель модемтай адил хурдаар өгөгдөл дамжуулах боломжтой болох юм. Мэдээж смартфоны процессор, хүчин чадал жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаагаас гадна багтаамж ч тэр хэрээр ихэссээр байна.
Нэгэнт зах зээлд хүчтэй байр суурь эзэлж чадсан смартфон 10 төрлийн бүтээгдэхүүний бизнесийг зах зээлээс шахан гаргаж буй талаар Wall Street сэтгүүл нэгэн дугаартаа онцлон нийтэлжээ. Зарим нь бүр бараг л сүйрсэн гэнэ.
PDA
Personal digital assistants (PDA) буюу хувь хүний дижитал туслах гэгч 1990-ээд оны үед ихээхэн “мода”-нд орж, хувь хүний зохион байгуулалт, төлөвлөлт хийх шилдэг туслагч болж байсан энэ бүтээгдэхүүн одоо бараг л хэрэглээнээс гарсан. Зах зээлд смартфонтой өрсөлдөх чадваргүй болж, хүчин мөхөстсөн PDA-ын хамгийн өндөр амжилт олсон нь Palm Pilot гэх загвар. 20-иод жилийн тэртээ эрэлт ихтэй бүтээгдэхүүн байсан Palm Pilot-ыг одоо смартфон бүрэн орлож чадна. Palm компани смартфоны өдрөөс өдөрт тэлж буй цар хүрээний эсрэг авах арга хэмжээ үлдээгүй учир PDA түүх болон үлдэх цаг ойрхон иржээ. Тус компани Хойд Америк дахь зах зээлээ 2008-09 оны хооронд бараг тал хувиар алдсан бол смартфоны борлуулалт өнгөрсөн жилийнхээс 13,9 хувиар өссөн байна. Харин үр дүнд Palm компани 2009 оны зургадугаар сард Pre гэх смартфоноо зах зээлд гаргасан юм.
Flip видео камер
Cisco Systems компанийн Flip загварын видео камер ойрын жилүүдэд хит бүтээгдэхүүн байлаа. 2010 оны хоёроос тавдугаар сарын хооронд 75 сая ширхгийг үйлдвэрлэсэн нь үүнийг гэрчилнэ. Харин одоо олон функцт смартфоны “ачаар” Flip мөхлийн замдаа хэдийнэ ороод байна. iPhone 4 болон Droid X загварын смартфонууд гэхэд л 720р видео бичлэг хийх хүчин чадалтай, яг л Flip камер шиг.
MP3 тоглуулагч
МР3 тоглуулагч үйлдвэрлэдэг компаниудын борлуулалт смартфон зах зээлд мэндэлснээс хойш тогтмол буурсаар л байгаа. Deloitte судалгааны фирмийн мэдээгээр смартфон хэрэглэгчдийн 42 хувь нь дижитал хөгжим тоглуулагчаа, өөрөөр хэлбэл, mp3 тоглуулагчаа ашиглахаа больдог аж. Энгийн функцтэй mp3 тоглуулагчнууд яамай гэхэд, бүх цаг үеийн хамгийн шилдэг борлуулалттай mp3 тоглуулагч болох iPod хүртэл энэ өрсөлдөөнд хүчээ алдаж буй. Тодруулбал, 2006 оноос хойш анх удаагаа iPod-ын борлуулалт өнгөрсөн улиралд буурсан дүнтэй гарчээ.
Дижитал камер
Смартфон төдийгүй энгийн гар утасны камерын хүчин чадал, чанар сайжирсаар байгаа. Харин үр дүнд нь зөвхөн ганц зориулалтаар ашиглагддаг дижитал камерын хүч суларсаар. Өдгөө худалдаалагдаж буй бараг бүх смартфон 5,0 мегапиксель камертай гээд хэлчихэд буруудахгүй л болов уу. Харин 2013 он гэхэд энгийн, дундаж үзүүлэлттэй гар утас гэхэд л наанадаж, 5,7 мегапикселийн камертай болох гэнэ. Гэтэл дижитал камерууд 2008 онд дунджаар 7,6 мегапиксель үзүүлэлттэй байсан бол 2013 онд 13,9 болон нэмэгдэх аж. Харин одоо худалдаалагдаж буй смартфоноос, тухайлбал Nokia N8 смартфон 12 мегапиксель камертай. Тиймээс ч удахгүй смартфон дижитал камерыг бүрэн орлох боломжтой.
Зөөврийн тоглоомын хэрэгслүүд
2010 онд боломжийн үзүүлэлттэй тоглоом бүхий гар утасны үйлдвэрлэл 1,27 тэрбумд хүрнэ хэмээн iSuppli мэдээлсэн байна. Энэ нь өмнөх оныхоос 11,4 хувиар өссөн тоон үзүүлэлт. Харин энэ хугацаанд зөөврийн тоглоомын хэрэгслийн үйлдвэрлэл 2,5 хувиар багасах төлөвтэй байгаа аж. Учир нь ихэнх хүмүүс смартфоноороо тоглоом тоглох нь элбэгшсэн юм. Үүний нэг жишээ нь, Apple компанийн iPhone болон iPod Touch-д тохирох нийт 1,5 тэрбум тоглоом App Store онлайн дэлгүүрээр зарагдсан байна.
GPS
Сүүлийн үед GPS буюу байрлал тогтоом систем бүхий смартфоны үйлдвэрлэл эрс нэмэгдсэн учир GPS төхөөрөмжийн хэрэглээ багасч байгаа юм. Мэдээж гар утсаараа GPS ашиглах боломжтой байхад хэн илүү мөнгө зарлагадаж, ганц функцийн GPS худалдаж авахыг хүсэх билээ.
PC
Ойрын хугацаанд смартфон PC-г орлож, интернэтэд холбогдох, интернэтээр аялах гол хөдөлгүүр нь смартфон болно гэдгийг баталсан олон судалгаа байдаг. Жишээлэхэд, Informa Telecoms & Media компанийн судалгаагаар ирэх таван жилийн хугацаанд смартфоноос интернэтэд холбогдох хандалт 700 хувиар өснө гэжээ. Мөн IT салбарын судалгааны фирм Gartner-ын мэдээлснээр 2012 онд смартфоны борлуулалт PC-г давах гэнэ. Google компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Эрик Шмидтийн мэдэгдсэнээр тус компанийн мобайл бизнес өнгөрсөн жилийн хугацаанд хоёр дахин өргөжсөн нь бас нэгэн тод жишээ юм.
Энгийн гар утас
Ганц функцт төхөөрөмжийг зах зээлээс шахан гаргаж буй смартфон энгийн гар утсыг ч мөн хүнд байдалд оруулж байгаа. Ердөө ганцхан жилийн өмнө дэлхийн топ таван гар утас үйлдвэрлэгчид нь бүгд энгийн гар утас дагнан үйлдвэрлэгчид байсан бол 2010 оны эхний улиралд BlackBerry-г үйлдвэрлэгч “RIM” болон iPhone үйлдвэрлэгч “Apple” компаниуд хүч түрэх болж, тав болон зургадугаар байрт бичигдэх болсон юм. Тус хоёр компанийн тухайд энгийн гар утас бус зөвхөн смартфон үйлдвэрлэдэг хэдий ч дэлхийн “акулууд”-ын тоонд толгой цохих болжээ.
Бугуйн цаг
Бараг л бүх хүн гар утас хэрэглэх болсноор бугуйндаа цаг зүүсэн хүн ховор харагдах болсон гэдэгтэй маргах хүн үгүй биз. 2001-2006 оны хооронд бугуйн цаганд мөнгө зарцуулах америкчуудын тоо 17 хувиар буурсан байна. Өдгөө бугуйн цагийг хүмүүс хэрэглээний хувьд бус гангараа маягаар хэрэглэдэг болжээ.
Алсын удирдлага
Зурагтны удирдлагыг смартфон орлоно гэж хэлэх арай эрт байгаа ч энэ төрлийн функцтэй смартфон хэдийнэ бодит болоод байна. Mitsubishi, Samsung болон Sony брэндийн зурагтад тохирох удирдлагын функц бүхий смартфон хэдийнэ зах зээлд худалдаалагдаж байгаа. Мэдээж нэмэлт программын тусламжтайгаар ажиллана, гэхдээ л тун догь эд шүү. Ялангуяа сүүлийн үед интернэтэд холбогдох зурагтны үйлдвэрлэл нэмэгдэж байгаа учир смартфон зурагтны удирдлагыг орлох цаг удахгүй ирэх бололтой.