
Малчдын хувьд өнгөрсөн 80 гаруй хоног жинхэнэ хар өдрүүд байлаа. Малд өвчин хүрчих вий гэсэн айдас тэднийг эзэмдэж, өвчин туссан мал бүрийг нь устгана. Өсөхөөс нь аваад өдийг хүртэл хайрлаж адуулж ирсэн буянт сүргээ нүдэн дээрээ хядуулах нь тэвчихэд хэцүү зүйлийн нэг байсан нь тодорхой. Гэлээ гээд үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх энэ айхавтар өвчнөөс түргэн салах арга энэ болохоор яах ч арга байсангүй. Үгүй болсон малд нь нөхөн олговор хэмээх мөнгө өгч эхэлсэн. Гэхдээ хэдэн малчдын санаанд хүртэл өгөөгүй нь жаахан тиймхэн. Хэрвээ өвчин тусаагүй бол нэг эр үхрээ сая төгрөгөөр өлхөн өгчихдөг байсан тэдэнд зах зээлийн дундаж ханш чамлалттай байхаас аргагүй. Гэтэлд өчигдөрхөн нөхөн олговорын тайланг зогсоочихлоо. Учир нь малын үнэлгээнд Засгийн газар өөрчлөлт оруулах гэнэ. Битгий л багаар үнэлээсэй. Малчдын санаа зовинох асуудал дуусахгүй.
Сүхбаатар аймгийн өнгөрсөн наймдугаар сарын 28-нд анхны дуудлага ирснээс хойш өдгөө 17228 мал өвчилж, зуун хувь устгалд оржээ. Өвчнөөс салах гол найдвар болох вакцин зургаан удаагийн хуваарилалтаар ирж, өдгөө аймгийн нийт малын 90 гаруй хувь нь хамрагдаад байна. Үүний ачаар л өвчилсөн мал байхгүй гэдэг мэдээлэл ирж байгаа нь олзуурхууштай. Цаашдаа жил бүр малаа вакцинд хамруулж байя. Тэгэхгүй бол энэ жилийнх шиг ингэж хэцүүдэхгүй шүү дээ.
Мал нэмж өвчлөөгүй гэхээр хорио цээрийн дэглэмийг шууд цуцлахгүй гэдгийг өчигдөрхөн телевизээр Онцгой комиссынхон мэдэгдлээ Мэдээж өвчний голомт устаж байгаа болохоор нэгэн цагт хорио цээр цуцлагдах тул эцсийн ариутгалыг маш хариуцлагтай өндөр үр дүнтэй хийх хэрэгтэйг Улсын Онцгой комиссын ажилтан анхааруулж хэллээ.
Үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр энэ өвчинтэй эрвийх дэрвийхээрээ тэмцчихээд эцэст нь хариуцлага алдана гэдэг байж болшгүй зүйл. Үүнийг бүгд мэдэж байгаа. Хариуцлага алдахгүй гэдэгт ч найдаж байна.
Ямартай ч шүлхий дэгдсэнээр 600 гаруй сая төгрөгийн зардал гарч,20 орчим мянган малаа устгуулсан ч гамшгийн ард гарч чадлаа. Бахархах нь юу байхав. Үүргээ л биелүүллээ.
Харин одоо хорио цээрийн дэглэмийг сулруулах өдрийг хүлээх үлдэж байна.
Шүлхий өвчин дахиж битгий л дэгдэж, малчдад, цаашлаад монголын ард түмэнд гарз битгий учраасай.