
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Өмгөөллийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын хэлэлцлээ. Өмгөөллийн тухай хууль гэж нэрлэж байгаа боловч агуулгын хувьд өмгөөлүүлэгч талын эрх зүйн байдлыг бүрэн тусгаагүй, өмгөөлөгчдийн товчоо, тус товчооны гишүүн өмгөөлөгчдийн эрхийг хангах төдий нэг талыг барьсан өрөөсгөл хуулийн төсөл болжээ хэмээн байнгын хорооны гишүүд шүүмжлэв. Түүнчлэн хуулийн төсөлд өмгөөлөгчийн ажиллах насны хязгаарыг 65 хэмээн тусгасанд гишүүд эсрэг байр суурьтайгаа илэрхийлсэн бол Ц.Нямдорж сайд ‘’Төрийн албаны хуульд насны дээд хязгаарыг 65 гэж заасан. Өмгөөлөгчийн ажил бол их хөдөлмөр шаардсан няхуур ажил. Гэтэл төрийн албанаас насныхаа дээд хязгаарт гарсан нөхдүүд өмгөөлөгч хийж, мөнгө олох талбар болгоод байна. Хуулийн салбарт олон жил ажилласан, танил талтай гэсэн нэрийдлээр их хэмжээний мөнгө аваад, хүнээ өмгөөлж чаддаггүй. Энэ төрлийн гомдол надад их ирдэг учраас ингэж оруулсан юм” хэмээн тайлбарлав. Эцэст нь энэхүү хуулийн төслийг олонх гишүүн дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон юм.