
Ирэх 2011 онд Ховдын Булган-Үенч-Ховд чиглэлд 60 км, Хархорин-Цэцэрлэгийн 29,9 км, Хархорин-Хужиртын 16,4 км, Халзанбүргэдэй /Тариат/-Солонготын давааны 100 км, Өлгий-Цагааннуур чиглэлийн 40 км, Баянхонгор-Арвайхээрийн чиглэлд 27 км, Баянхонгор-Нарийнтээлийн 50 км, Өндөрхаан-Чойбалсангийн чиглэлийн 50 км, Мөрөн-Хатгалын 98.8 км, Цэцэрлэг-Их тамир-Тосонцэнгэл чиглэлийн 53 км хайрган замыг хатуу хучилттай болгохоор төлөвлөжээ. Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барихаар 2010 оны төсвийн хуулинд тусгагдсан Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 107 км, Алтай- Баянхонгор чиглэлийн 128 км, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 100 км, Мандалговь-Даланзадгад чиглэлийн 163 км, Даланзадгад-Тавантолгой-Оюутолгой чиглэлийн 251 км, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км, Хатгал-Ханх чиглэлийн 80 км, Манхан-Дарви чиглэлийн 100 км хатуу хучилттай авто замын ажлыг 2011 онд үргэлжлүүлэх юм байна. Дотоодын хөрөнгө оруулалтаар Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлд 30 км, Улиастай-Донойн хөндий чиглэлд 35 км, Сайншанд-Хамрын хийд чиглэлд 42 км болон Мөрөн-Тэрхийн цагааннуур, Улаангом-Хяргас нуур чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг шинээр эхлүүлэх зорилго тавиад байгаа аж. Энэхүү төлөвлөгөөнөөс харахад ирэх онд автозамын өргөтгөл, шинэчлэлт хийлгүй үлдэх аймаг орон нутаг нэг ч үгүй ажээ.
Улсын хэмжээний томоохон замуудыг шинэчлэн засварлахад орхигдуулж боломгүй нэгэн зүйл бол гүүрийн засвар байдаг. Тиймээс ирэх онд Баян-Өлгий аймгийн Бөхмөрөн голын 60 метр урт модон гүүр болон Туул голын Горхийн 211 метр, Увсын Тээлийн голын 75 метр, Улиастайн голын 97 метр төмөр бетон гүүрийн өргөтгөл шинэчлэлтийн ажлыг дуусгаж ашиглалтад оруулах юм байна. Түүнчлэн зураг төсөл нь бэлэн болсон хэд хэдэн гүүрийн ажлыг шинээр эхлүүлэхийн дээр хуучин баригдаж байгаад зогссон зарим гүүрийн зураг төслийг шинэчлэхээр тооцжээ.
Монгол Улсын дэд бүтцийг хөгжүүлэхэд гадаадын банк санхүүгийнхэн гар татдаггүй. Ирэх онд Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлэх “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Сайншанд-Замын Үүд чиглэлийн хатуу хучилттай зам, Дорноговь аймгийн Өргөн сум хүртэлх 18.25 км хатуу хучилттай авто замыг тавих юм байна. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам төсөл”-ийн Манхан-Ховдын чиглэлийн 85,3 км, Өлгий-Хашаатын давааны 60 км хатуу хучилттай замын ажил, Кувейтын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Уньт-Тариалан чиглэлийн 88 км хатуу хучилттай авто замын барилгын ажил үргэлжилнэ.
Мөн аймгийн төвүүдийн авто замыг шинэчлэх, засах ажлыг үргэлжлүүлэн хийх юм. Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл аймагт нисэх онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, зурвасын хүчитгэлийн ажлыг ирэх онд дуусгаж ашиглалтад өгөхөөр төсөвт тусгажээ. Мөн Орхон, Хөвсгөл, Булган, Өвөрхангай аймагт авто үйлчилгээний төв барихаар болсон байна. Ийнхүү автозамын сүлжээ жилээс жилд улам нэмэгдэж байна. Хэдийгээр эдгээр төсөл хөтөлбөрүүд нь өнөөдөр зөвхөн цаасан дээр төлөвлөгөө төдий байгаа ч хөрөнгө мөнгийг нь УИХ-аас батлаад өгчихвөл ирэх оны өдийд зам болон тавигдсан байх биз ээ.