Алив тэгээд, атомын цахилгаан станцаа бариач

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Алив тэгээд, атомын цахилгаан станцаа бариач

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголын эрчим хүчний салбар нэг л биш ээ. Тус салбарт яах аргагүй шинэчлэлт, өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болсон байна. Худал үгийн мянга давтахаар үнэн болдог шиг тус салбарт алдагдал гэдэг үг амны уншлага болоод удаж буй. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт болсон эрчим хүчнийхний дугуй ширээний уулзалтаар ч уг асуудлыг багагүй хөндөж. Өр, авлага ихтэй эрчим хүчний салбар энэхүү толгойны өвчнөөсөө салахын тулд 2010 он хүртэл шатлалтайгаар цахилгааныхаа үнийг нэмэхээ уг уулзалтын үеэр сонордуулав. Тодруулбал, ард иргэдээ ахиад л үнийн өсөлтөөр дарамтлахаар тооцоолсон бололтой.

     Төв суурин газрын хэт төвлөрөл нь эрчим хүчний салбарыг өрийн сүлжээнд оруулдаг гэнэ. Тухайлбал, төвийн бүсийн цахилгаан түгээх сүлжээ 650 мегаваттын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай ч өнөөдрийн байлаар 760 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх болсон нь алдагдалд оруулахад нөлөөлдөг аж. Тиймээс ч тавдугаар цахилгаан станцыг барьчихвал алдагдлаасаа сална хэмээн тус салбарынхан найдаж буй юм байх. Албаны хүний ярьснаар бол тавдугаар станцыг хаана барихыг Азийн хөгжлийн банктай хамтран судалж, ирэх оны гуравдугаар сард хариуг нь гаргах юм байна. Гэхдээ ТЭЦ V-ыг барьснаар тус салбар алдагдлаас гарна гэж тооцоход  үнэхээр хэцүүхэн найдвар. Үйлдвэрлэсэн цахилгааных нь өртөг өндөр хэвээр тусах болохоор алдагдал буурна гэж баярлахад арай л эртдэх тооцоо болов уу.  Учир нь өнөөдрийн байдлаар нэг киловатт цахилгааныг 85.18 төгрөгөөр үйлдвэрлэдэг ч 79.80 төгрөгөөр худалдаалж, өрөө авч чадахгүй байгаа нь тус салбарынхныг алдагдалд оруулж буй хамгийн том шалтгаан болохоор. Хэрэглэсэн цахилгааныхаа үнийг цаг тухайд нь төлөх нь хэрэглэгчдийн үүрэг ч хэрэгтэй хэрэггүй хэн нэгэн даргын шахаа болсон тоног төхөөрөмжийн зардал, удирдлагуудын урагшгүй ажиллагааных нь алдагдлыг ард түмний халааснаас гаргуулах нь хамгийн тэнэг арга байх.  Эрчим хүчнийхэнд иргэд тун тааламжгүй ханддаг.  Хэл ам ихтэй, хүнд суртлаараа зард гарсан энэ салбарыг яавал алдагдлаас нь салгаж чадах вэ гэх хамгийн найдвартай гарц бидэнд байхгүй гэж үү.

     Жил болгон алдагдал нэрийн дор ард түмэндээ дарамт учруулсаар байх юм уу, эсвэл. Энэ бүхнийг шийдэх цорын ганц арга бол ТЭЦ V биш, үүнээс хавьгүй илүү том, илүү алсын хараатай бодлого байх  ёстой мэт. Өөрөөр хэлбэл, өнөөдөр атомын цахилгаан станц барихад төр засаг анхаарлаа хандуулах хэрэгтэй болжээ. Эх сурвалжийн ярьснаар бол 1000 мгВт-ын атомын цахилгаан станц барихад л Улаанбаатарын утааны болон эрчим хүчний алдагдлын асуудлыг өлхөн шийдвэрлэх юм байна. Уг нь бол атомын цахилгаан станц барих анхны судалгааны ажил хийгээд л байгаа юм билээ. Цөмийн энергийн газраас зургаан сарын турш хийсэн газар хөдлөлтийн аюулын үнэлгээг тодорхойлох хээрийн станцын бичлэг болоод бусад судалгаанд үндэслэн Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг Малхийн тал хэмээх газрыг “атомын цахилгаан станц барих боломжтой нутаг” хэмээн тогтоод байгаа аж. Өөрөөр хэлбэл, Хэрлэнгийн доод гүүр орчмын 100 ам км талбайг сонгоод байгаа юм байна. Дэлхийн олон орны стратегийн гол чиглэл нь атомын эрчим хүч болж байгаа дандаа зовлон тоочих эрчим хүчнийхнийн ичих хэрэгтэй болжээ. Алдагдалд дарлуулсан энэ салбарыг аврахын тулд атомын цахилгаан станцаа барьчихаач дээ. Аль альдаа ашигтай хувилбар биш гэж үү, энэ.

    Ж.ЭРХЭС

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж