Унаагаа хүлээсэн зорчигч, уураа барсан микроныхон

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Унаагаа хүлээсэн зорчигч, уураа барсан микроныхон

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Автобус зорчигчдыг 20-30  минут хүлээлгэж, хурдан давхин хүн гэмтээх нь холгүй байна.

    Нийслэл хотын ард иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг том оврын автобусыг энэ сарын 15-наас буюу өнгөрөгч даваа гаригаас эхлэн нэгдүгээр эгнээнд зорчуулах болж, Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хооронд бага оврын автобусны хөдөлгөөнийг хязгаарласан.  Энэхүү хязгаарлалтыг хүний эрх зөрчсөн хэмээн Нарантуул захад  энэ өдөр микро автобусны жолооч  нар эсэргүүцэл илэрхийлж жагссан билээ.  Тэд “Биднийг байнга ад үзэн шүүмжилдэг,   Замын цагдаа нар сар бүр 5000-50000 төгрөгөөр торгодог, Замын хуудсыг сар бүр 54000 байхаар тогтоосныг тэмцэн байж 36000 болгосон, бидний амин зуулгыг  хууль бусаар салгаж байна, дээрх үйлдэл нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна” гэсэн уриа лоозон барин жагсч  эсэргүүцлээ илэрхийлж байв.

    Нийтийн тээврийн газрынхан түр зуур гал унтраах арга хэрэглэсэн гэв

    Жагсагчдын төлөөлөл тухайн өдөр 15 цагийн үед  нийслэлийн Нийтийн тээврийн газарт очиж уулзах үеэр НЗД-ын нэгдүгээр орлогч  Б.Баатарзориг тус байгууллагын ажилтай танилцаж байсан аж. Тиймээс жагсагчдын төлөөлөл болох 10 гаруй хүн Б.Баатарзориг дарга болон Нийтийн тээврийн удирдлагуудад  жолооч нарын эрхийг зөрчиж байгаагаа тайлбарлаж, хотын даргын шийдвэрийг цуцлахыг  хүссэн байна. Энэ үеэр Б.Баатарзориг дарга “Хотын даргын гаргасан шийдвэрийг зөрчих эрх бидэнд байгүй. Гэхдээ та бүхний эсэргүүцэж буй үндэслэлийг хүлээн авч, дахин хянаж үзнэ. Одоогоор хотын дарга гадаадад томилолтоор явсан тул хянах асуудал түр хойшлогдох бололтой. Тиймээс жагсаал цуглаан хийж хөдөлгөөнд саад учруулсан алхам хийлгүй тайван амгалан хэд хоног хуучин маршрутаараа хөдөлгөөнд оролцож бай. Гэхдээ энэ хугацаанд Замын цагдаатай холбоотой ямар нэгэн асуудал гаргахгүй байхыг хүсч байна” гэжээ. Харин Нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэг “Та бүхний эсэргүүцлийг хүлээн авч байна. Та бүхэн ч бас нийслэлийн нийтийн тээврийн нэг хэсэг. Тийм болохоор та бүхний эрх ашгийг хүндэтгэж  хотын даргыг гаргасан захирамжаа дахин нягталтал  хуучин маршрутаараа зорчигч тээвэрлэхийг зөвшөөрч байна. Хэрэв энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол би ажлаа өгөхөд бэлэн байна” хэмээн амалсан аж.

    Иймд 15 цагаас эхлэн Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хооронд бага оврын автобусны хөдөлгөөнийг дахин сэргээжээ. Гэвч 16 цагийн үед Зүүндөрвөн зам, Офицерүүдийн ордон, Жуковын музейн автозамуудад Нийтийн тээврийн газрын гэрээт замын цагдаа нар дээрх чиглэлд явж байсан микроавтобуснуудыг зогсоон  “Нийтийн тээврийн газраас саяхан гаргасан шийдвэрийг цуцалсан. Та хотын даргын гаргасан захирамжийг зөрчсөн байна” хэмээн цөөнгүй жолоочоос  бичиг баримтыг нь хураан авчээ.  Жолооч нар Нийтийн тээврийн газартай эргэн холбогдож чадалгүй тэгсгээд тарцгаасан. Өчигдөр Нарантуул зах ажилладаггүй тул элдэв асуудал гаргалгүй нам гүм өнгөрөөлөө. Харин өнөөдрөөс эхлэн  тэмцлийн өөр хэлбэрийг сонгоно. Биднийг Нийтийн тээврийн газарт очиж уулзахад гал унтраах гэсэн башир аргаар асуудлыг түрхэн зуур зохицуулсан нь гомдолтой байна гэж жолооч нарын төлөөлөл хэлж байна.

    Түр хугацаагаар зорчих асуудлаар ярилцаагүй гэв

    Нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэгтэй уулзаж микро автобусны үйлчилгээ эрхлэгчдын асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол ажилаа өгөхөд бэлэн гэж амласаныг тодруулахыг хүссэн боловч эзгүй байлаа.

    Харин нийслэлийн Нийтийн тээврийн газрын орлогч дарга Ч.Энхсайхантай уулзахад “Бид хотын даргын захирамжын дагуу үйл ажиллагаа явуулж байна. Микроавтобусын жолооч нарыг хориглосон замаар явуулахгүй байх чиг үүргийг баримтална. Хориглосон замаар микроавтобус зорчих асуудлаар харилцан зөвшилцөхөөр болсон. Түүнээс биш түр хугацаагаар зорчих асуудлаар ярилцаагүй” гэв. Энэ үеэр нийтийн  тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Дүйц” ХХК- ний тээвэр зохицуулагч П.Бямбасүрэн хэлэхдээ “Нийтийн тээвэрт том оврын автобус дангаараа үйлчилгээ үзүүлдэг болгох хэрэгтэй. Микро автобусны жолооч нар хөдөлгөөнд соёлгүй оролцдог,  бас өнгө үзэмжгүй янз бүрийн насжилт өндөртэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцуулдаг. Нийслэлээс том оврын тээврийн хэрэгсэлийн нөхөн олговор гэж маш бага мөнгө өгдгөөс гадна нийтийн тээврээр зорчигчдийн ихэнх нь хөнгөлөлттэй зорчдог иргэд байдаг. Гэтэл мөнгөтэй хүмүүс нь микро автобусаар үйлчлүүлдэгээс том оврын автобуснууд ашиггүй ажиллаж байна” гэлээ. Тэрээр хэлэхдээ манай том автобуснууд оройн 23.30 цаг хүртэл явж байгаа. Нэг чиглэлд 15-аас дээш тооны автобус үйлчилгээ үзүүлдэг. Жишээ нь дээрх чиглэлд зорчдог “Улиастай-Дэнжийн 1000” чиглэлд 17 автобус таван минутын зайтай явдаг. Иргэдийн хэлдэг шиг 20-30 минут хүлээлгэсэн асуудал байгүй. Мөн хотын даргын гаргасан шийдвэрээр нэгдүгээр эгнээгээгээр зорчдог болсон нь үр дүнгээ өгч байна” гэв.

    Шинэ чиглэлд удахгүй дасчихдаг гэв

    Замын цагдаагийн газар нийслэлийн Нийтийн тээврийн газартай хамтран ажиллаж, микроавтобусыг хөдөлгөөнд оролцохыг хориглож байгаа.  Учир нь нийслэл хотод өдөрт 100 гаруй зам тээврийн осол гардаг. Үүнээс нилээдгүй хувь нь микроавтобусны үйлчилгэээтэй холбоотой гардаг гэдгийг Замын цагдаагийнхан хэлж байв.  Замын цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн албаны н.Сүрэнжав хэлэхдээ  “Микро автобуснуудыг дээрх чиглэлд зорчихыг хориглосон ч  урагшаа чиглэлд Чулуун овоогоор Нарантуул зах, хойд чиглэлд Доржийн гудамжаар явахыг хориглоогүй. Хавар нэгдүгээр хорооллын замд буюу баруун чиглэлд үйл ажиллагаа явуулдаг микроавтобуснуудын зорчих чиглэлд өөрчлөлт оруулахад хүн явдаггүй зам өглөө гээд жагсаал цуглаан болж байсан. Удалгүй иргэд шинэ чиглэлийг мэддэг болж элдэв асуудал гарахгүй болсон. Энэ асуудал ч бас тэгсгээд намжих байх, шинэ чиглэлд удахгүй дасчихдаг. Тэгээд ч хотын өнгө үзэмжинд нөлөөлөхүйц явах чиглэл зарлаж хашгирах, хурд хэтрүүлж уралдаж давхих зэргээр зорчигчдын аюулгүй байдлын асуудал давхар яригддаг байсныг нэг тийш нь болгосон байна” гэлээ.

    Хурдан шуурхай байж чадахгүй байна гэв

    Сая хол давсан хүнтэй нийслэл хотынхонд үйлчилгээ үзүүлэхээр өдөр тутам төрийн өмчийн гурван компанийн 198 автобус, 34 тролейбус, хувийн хэвшлийн 23 компанийн 450,  нийт 682 их дунд багтаамжтай автобус  зорчдог байна. Үүнээс гадна 55 компанийн 1042 бага багтаамжтай микро автобус хотын иргэдэд үйлчилдэг бөгөөд дээрх  хориг тавигдсан чиглэлд 200 гаруй микроавтобус зорчдог байжээ. Хэдийгээр НЗД-ын гаргасан том оврын автобус өдрийн тодорхой хугацаанд нэгдүгээр эгнээгээр зорчих,  микроавтобусны хөдөлгөөнийг хориглосон шийдвэр нь хотын иргэдийн аюулгүй зорчих эрх, нийтийн тээврийн үйлчилгээг хурдан шуурхай чанартай хүргэхэд чиглэсэн нь ойлгомжтой.  Гэвч уг шийдвэрээр нэгдүгээр  эгнээнд зорчих нь хөдөлгөөний хурдад тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа ч нэг их ялгаатай хурдан шуурхай байж чадахгүй байна гэж жолооч, кондукторууд хэлж байна. Учир нь том оврын автобуснууд зөвхөн нэгдүгээр эгнээгээгээр зорчих үед урд нь тролейбус явж байгаа үед гүйцэж түрүүлэх боломжгүй, цуваанд яваа мэт удаан явж байна. Тэгж цуваагаар явж алдсан цагаа хөдөлгөөн гайгүй замд хурдан давхиж нөхөж байна гэж байв. Харин  иргэд хэлэхдээ автобус зорчигчдыг 20-30  минут хүлээлгэж, хурдан давхин хүн гэмтээх нь холгүй байна. Одоо хүйтэрч байхад автобус хүлээснээс микроавтобусандаа чихэлдээд дулаан бас хурдан явах нь бидэнд хэрэгтэй гэж байв.

    Тиймээс иргэдэд жинхэнэ утгаар нь  үйлчилэх нийтийн тээврийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй байна. Нийтийн тээврийнхэн хамгийн цэвэр тохилог, соёлтой үйлчилгээг үзүүлэх ёстой хүмүүс. Энэ асуудалд том оврын, бага оврын гэж гэж нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд бие биенийхээ эрх ашгийг хөндөхийн оронд  нийслэлийн авто замын нөхцөлд тохирсон тээврийн хэрэгсэл оруулж ирэх аргыг холбогдох албаныхан судалмаар санагдана.

    Н.ДЭЛГЭР

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж