Х.Цагаанбаатар VS С.Мияарагчаа

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар VS С.Мияарагчаа


Олимп, дэлхийн аварга төрүүлсэн Монголын цөөн төрлийн нэг жүдо бөхийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээнийг спорт сонирхогчид  тэсэн ядан хүлээж байна.  Учир нь энэ удаагийн тэмцээнд олон шилдэг жүдочийн цаашдын “хувь заяа”-г шийдэх сонирхолтой халз тулаанууд болох юм.  Тухайлбал,  60 кг-д Азийн аварга Д.Болдбаатар, “Дэлхийн цом”-ын аварга Д.Төмөрхүлэг ,          -100 кг –ын жинд Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Дэлхийн шилдэг тамирчдын нэгд тооцогдох болсон Б.Тэмүүлэн нарыг таарч барилдана хэмээн тооцоолох үзэгчид олон байгаа бол 66 кг-д дэлхийн шилдгүүд болох Х.Цагаан­баатар, С.Мияарагчаа нарын хооронд тив, дэлхийн аваргын финалын барилдаантай дүйцэхүйц сонирхолтой өрсөлдөөн гарах нь дамжиггүй юм.

Дэлхийн дэвжээнд хэн хэн нь илүүрхэж буй энэ хоёр бөх ч дотроо хэн нь монголдоо нэг номер болохоо шийдэх барилдааныг тэсэн ядан хүлээж, аль аль нь чамбай бэлтгэж байгаа сурагтай. Учир нь өнгөрсөн жилийн ДАШТ-д Х.Цагаанбаатар одтой байж, дэлхийн аварга болсон ч дотооддоо аварга болж чадаагүй, С.Мияарагчаа түүнийг улсдаа болсон цуврал тэмцээнд хэдэнтээ ялсан билээ. С.Мияарагчаагийн хувьд өнгөрсөн жил тив, дэлхийн тавцанд даацтай амжилт үзүүлж чадаагүй ч өнгөрөгч оны сүүлээр болсон  дэлхийн шилдгүүдийн тулаан болон энэ оны эхээр болсон Европын цувралд амжилттай оролцож, гурван мөнгөн медаль хүртсэн юм. Хэдийгээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд хоёр бөх дэлхийн шилдгүүдтэй ана мана өрсөлдөж, одтой бяртай байгаа ч тэмцээн бүрт хоорондоо зөрсөөр байгаа. Тиймээс гагцхүү энэ жилийн буюу ирэх дөрөвдүгээр сард болох УАШТ-ээр л тэдний халз тулааныг харах боломжтой юм.  Гэхдээ энэ тэмцлийг тамирчдын “цагаан “өрсөлдөөн гэж үзэхээс биш хар хор гэж үзэж болохгүйг та юу эс андахав.

Д.Баасандорж. Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж