Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Улаан Дорж

УИХ-д нэгэн үе бужигнуулж явсан таван “Дорж”-ийн нэг нь Ж.Бямбадорж юм. Аймгийн захиргаанд зохион байгуулагч хийж явсан тэрбээр УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон удаатай. Парламентад түүх болон үлдсэн энэ эрхэм УИХ-ын дэд даргын албыг хашиж үзсэн, Үндсэн хуулийн цэцийн даргаар хоёр ч удаа томилогдсон юм. Түүний ийнхүү том албанд томилогддог нэг шалтгаан нь шинэчлэгдсэн гэх намтай нь мөн уугуул Ховд нутагтай нь холбоотой. Гэхдээ одоо намын харъяалалгүй болсон ч Ж.Бямбадорж бол “улаан” гэдгийг бүгд мэдэх биз. Тэрбээр нам гээд хөөрцөглөөд гүйгээд байдаг тийм гэнэн нөхөр бас биш. Түүний шатар тоглодог анд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэг хэсэг “хууль зассан” хэрэгт холбогдсон. Харин Үндсэн хуулийн бие даасан байдлыг хамгаалахын төлөө зүтгэдэг Ж.Бямбадорж тухайн үед найз Ц.Нямдоржтойгоо “хууль зассан” гэдэг дээр нь муудалцсаар унагаж байсан юм. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нь муудалцсан хоёр “Дорж”-оо эвлэрүүлэх гээд тэр үед ард, урд нь гүйж явсан гэдэг. Ингээд бодохоор Үндсэн хууль, шударга ёсны төлөө найз байтугай намынхаа төлөө ч хатуу үг хэлж, тачигнатал загнаж мэдэхээр л нөхөр. Мөн гишүүдийн гэгдэх тэрбум төгрөгийг төсөвт тусгахыг нэлээд эсэргүүцсэн. Одоо ч үүнтэй эвлэрдэггүй. Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж Ховд нутгийнхаа төрийн түшээдийн буянаар Хүний эрхийн үндэсний комиссын даргын албанд саяхан то­ми­логдоод буй. Тэрбээр өөрөө Үндсэн хуулийн цэцийн даргын албаа өгье, үгүй бол хоёр албан тушаал хашиж чадахгүй гэдгээ хэлсэн. Олны хэлдгээр “улаан” Дорж шаз­руун, шударга зантай бөгөөд үгээ хэнээс ч айхгүй хэлдэг боловч хэзээ гэдгийг тунгааж чаддаг эрхэм.   

Ц.ЭНХЦЭЦЭГ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж