-Та өнгөрсөн есдүгээр сард болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аваргын төлөө барилдаанд ялагдсан. Гэхдээ харамсалтайгаар. Хэдхэн секундын дотор дэлхийн аварга болох боломжоо алдчихлаа гэхэд хүнд байсан уу?
-Яахав дээ. Боломж байсан болохоор жаахан харамсалтай л байсан. Оросын В.Кудуков өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан тамирчин. Барилдаж үзээгүй ч гэсэн ерөнхийдөө мэддэг байсан л даа. Сая хоёрдугаар үедээ 1:0 ялж яваад цаг дуусахад хэдхэн секунд дутуу байхад Кудуковт нэг оноо алдчихсан. Сүүлийн оноогоор тэр хожих ёстой л доо. Гэхдээ тэмцээн дуусаад ирэхэд найз нөхөд маань "Өнгөрсөн жил дэлхийн аваргаас мөнгө авсан Кудуков энэ жил алт авчихлаа. Өмнө нь чи хүрэл авч байсан, одоо мөнгө болгочихлоо" гээд бэлгэшээлтэй үг хэлэхэд нь ерөнхийдөө тайвширсан. Гэхдээ би амжилтаа чамлаж болохгүй байх. Харин дараагийн удаа алдаагаа давтахгүй байхыг л хичээдэг.
-Өмнө нь, 2005 онд таныг дэлхийн аваргаас хүрэл медаль аваад ирэхэд зарим нэг хүмүүс жаахан таагүй үг хэлж байхыг би сонсож байсан. Тэр нь шүүмжлэл гэхээсээ атаархал гэхээр сэтгэгдэл төрүүлэх ч юм уу… Ямар ч тамирчинд амжилт хүсдэг хүнээс гадна алдааг нь хүлээж байдаг сэтгэлзүйн дайралтын өрсөлдөгч байдаг л юм шиг байна?
-Байлгүй яахав. Нуулгүй хэлэхэд, тийм зүйл яриад явж байсан хүмүүсийг би мэднэ л дээ. 2005 оны дэлхийн аваргаас хүрэл медаль зүүгээд ирэхэд "Олимпийн дараагийн жил болохоор сайн бөхчүүд тэр тэмцээнд ирээгүй. Наранбаатар тийм болохоор л аз нь таараад медаль авсан" гэж ярьж явсан хүмүүс байдаг. Тэгвэл өнөөдөр би тэр хүмүүст "тийм биш" гэдгээ нотолж чадсан байх гэж бодож байна. Магадгүй би "Энэ тэмцээн олимпийн өмнөх жилийнх шүү" гэж сануулах хэрэгтэй юм болов уу.
-Чөлөөт, жүдогийнхны хооронд болсон сагсан бөмбөгийн тэмцээн их дажгүй санагдсан. Та багаа хожиход хамгийн их үүрэг гүйцэтгэж байна лээ. Сагс тоглох дуртай юу?
-Дуртай байлгүй яахав. Манайхан бэлтгэлийн үеэр их сагс тоглодог. Тэр тэмцээн их сайхан тэмцээн болсон ш дээ. Манай Цагаанаа санааг нь гаргасан юм.
-Цагаанаа гэснээс Х.Цагаанбаатар гавьяат та хоёр хэр сайн найзууд вэ. Эсвэл зүгээр л спортын сайн танилууд уу?
-Гайгүй найзууд шүү. Би Цагаанаагаа бөхийнх нь хувьд үнэхээр үнэлдэг. Гол нь Цагаанаа их гоё уран барилддаг. Тийм болохоор надад барилдаан нь таалагддаг. Сая дэлхийн аваргад жаахан л юмнаас болоод медаль авч чадсангүй.
-Дэлхийн аваргын дараа тэмцээнийхээ талаар танд ярьсан л байх. Уг нь Цагаанаа хүрэл авчих боломж ойрхон байсан?
-Гоё хожих боломж байсан. Цэвэр савчихмаар л санагдаад байсан гэж байна лээ. Гэхдээ тэмцээн нэгээр дуусахгүй шүү дээ. Цагаанаад зөндөө боломж байгаа.
-Х.Цагаанбаатарыг О.Гүндэгмаа гавьяаттай суух гэж байгааг та анх сонсоод яаж хүлээж авсан бэ?
-/Инээв/. Хувь хүмүүсийн л амьдрал шүү дээ. Хоорондоо л сэтгэлтэй бол хэн нь хэн байх нь хамаагүй биз дээ. Хоёулаа алдартай тамирчид болохоор хүмүүсийн анхаарлыг татсан байх.
-Нээрээ Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа гавьяат та гурвын машин УБ…2008 гэсэн дугаартай. Бас утасны чинь дугаарууд?
-Тийм л дээ. Бээжингийн олимпийг бэлгэдэж л авсан юм.
-Ингэхэд та хэдэн настайгаасаа спортоор хичээллэж эхэлсэн юм бэ?
-Долдугаар ангиасаа. Миний багын найз Энхтөр гэж залуу байдаг юм. Тэр найз маань анх чөлөөт бөхийн секцэнд явахыг санал болгож байсан.
-Тэгэхээр багын мөрөөдөл чинь угаасаа л спорттой холбоотой байсан гэж ойлгож болох уу?
-Үгүй ээ. Би багадаа эмч болно гэж боддог байсан. Аав, ээж хоёр маань хоёулаа эмч болохоор надад тэдний мэргэжил л сайхан юм шиг санагддаг байсан.
-Гэхдээ одоо эмч болоогүйдээ баярладаг биз дээ?
-Хэ хэ. Мэдэхгүй тэгж боддог байснаа бодохоор шал өөр ертөнц төсөөлөгддөг. Ямар ч байсан миний амьдрал тэр чигээрээ өөр байх байсан.
-Монголын тамирчид амжилт гаргахад хэцүү гэдэг. Энэ юутай холбоотой юм бэ, таны бодлоор?
-Мэдээж орчин нөхцөл. Үнэнийг хэлэхэд манай тамирчдын амьдрал тодорхойгүй байдаг. Баталгаагүй гэх юм уу. Бүгд л амжилт гаргахын тулд хэн нэгэн спонсорын халаас руу өнгийж явах хэрэгтэй болдог. Өрөвдөлтэй. Гэтэл бусад оронд бол тэр тамирчинд амжилт гаргасан хойно нь биш өмнө нь хангалттай анхаарал тавьж эхэлдэг. Ялгаа асар их. Тэр тусмаа манайд их спортод жинхэнэ утгаар нь хандаж чаддаггүй.
-Шигшээ багийнхны цалин лав их бага юм байна лээ, та жишээ нь Монгол Улсын шигшээ багийн тамирчиныхаа хувьд хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?
-130 мянга. Дээр нь гавьяатын нэмэгдэл ирдэг. Залуучуудын шигшээ багийнхан л гэхэд 90 мянган төгрөгийн цалинтай ш дээ. Одоо төрийн албан хаагчийн цалин нэмэгдчихлээ. Тамирчдын цалинг хэдэн жилийн өмнөх байдлаар өнөөдөр олгох нь яаж ч бодсон утгагүй асуудал байх. Гэтэл манай тамирчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ч хүрэхгүй цалинтай хэвээрээ л байна. Ар гэртээ, амьдрал ахуйдаа санаа зовох, автобус, унааны мөнгөөр гачигдахгүй зүйлгүй байж хүн тайван бэлтгэл сургуулилтаа хийдэг.
-Та сая дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэнийхээ төлөө хэдэн төгрөгийн шагнал авах вэ?
-24 байсан 15 болсон байна лээ. Тэрнээс долоон сая нь тамирчинд ирэх байх.
-Энэ хангалттай үнэлгээ мөн үү?
-Би тийм гэж хэлж чадахгүй. Оросын бөхчүүдийн сарын цалин шүү дээ. Тамирчин хүний амжилт маш олон зүйлийн нийлбэр гэдгийг л хүмүүс ойлгодог байгаасаа гэж боддог юм. Нэг өдөр нойргүй хоноход л бүх зүйл буруу тийшээ эргэж болно. Чи тамирчин л болохоор шийдсэн бол эрх чөлөөтэй байдал, гэр бүлдээ зориулах цаг…Энэ бүхний ихэнх хувийг тамирчид зөвхөн амжилт гаргахын төлөө золиослохоос өөр аргагүй болдог. Үргэлж хариуцлага үүрэх, үргэлж ухамсартай амьдрах хэрэгтэй л дээ.
-Гэр бүл гэснээс Зулаа /эхнэр/ та хоёр анх яаж танилцсан юм бэ?
-2004 онд. Афины олимпийн бэлтгэлд гарчихсан байхдаа танилцсан. Шигшээгийнхэн Хөвсгөлд бэлтгэлд гарчихсан байх үед манай Зулаа тэнд зуныхаа амралтаар ажил хийж байсан юм.
-Сургуулиа төгсчихсөн үү?
-Төгссөн. Одоо Удирдлагын академид үргэлжлүүлж сурах төлөвлөгөөтэй байгаа. Би ч бэлтгэл сургуулилт гээд гэртээ үргэлж байж чаддаггүй. Энэ нь заримдаа хэцүү санагддаг байж магадгүй л юм. Гэхдээ тамирчин хүний эхнэр яг л тамирчин хүн шиг хатуужилтай болдог юм шиг санагддаг. Эхнэр маань намайг бүх талаар дэмждэг, хамгийн чухал хүн дээ.
-Хүү нь одоо хоёр ой хүрчихсэн билүү?
-Хоёр ой хүрэх гэж байгаа.
-Хэдэн хүүхэдтэй болно гэж боддог вэ?
-Дөрөв гэж бодож байгаа шүү. Хэ хэ.
-Өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан. Хэвээрээ юу?
-Хөтөлж байгаа. Одоо яг арван жил болж байна. 17 настайгаасаа л бичсэн. Эргээд харахаар сонин л байдаг юм. Миний өнгөрсөн амьдрал, алдаа, оноо тэр чигээрээ харагддаг. Намайг багад манайх Биокомбинатад байдаг байлаа. Аав, ээж хоёр маань төсвийн байгууллагад ажилладаг, амьдрал тийм хангалуун байсангүй. Би тэр хоёртоо үргэлж дараа болохгүйн тулд мойл түүж зардаг байлаа, бас жууцай түүж зарна. Зуныхаа амралтаар төмөр цуглуулж тушаадаг байлаа. Барилга дээр долдугаар ангид байхаасаа ажил олдвол хийчихдэг байлаа.
Надад автобусны мөнгөгүй болоод хот руу алхах үе зөндөө байсан. Бэлтгэлдээ явж байгаа нь тэр л дээ. Автобуснаас хөөгдөж бууна. Хөлөө мэдээгүй болтол даарна. Заримдаа өмссөн хувцсыг минь хараад үеийн хүүхдүүд шоолдог ч байсан байж магадгүй. Би л заримдаа ичдэг байсан. Гэхдээ ичлээ гээд, тийм байлаа гээд би хэзээ ч бэлтгэлээ тасалж байгаагүй. Даарсан ч, өмсөх хувцас муутай байсан ч , автобуснаас хөөгдөөд буусан ч бэлтгэлдээ гүйгээд л очдог байсан. Магадгүй энэ бүхэн, тэр үеийн амьдрал надад хатуужил суулгасан байх Одоо би амьдралыг арай л өөрөөр харж чадна.
-Тэр дэвтрийн хуудас бүрт үлдсэн өгүүлбэрүүдийг харахад Наранбаатар хэр өөрчлөгдсөн байна?
-Би нэг л зангаараа байхыг хүсдэг. Өөрчлөгдсөн зүйл гэвэл… Тэр дэвтэр дээр би "Ирэх жилийн яг өдийд энэ байгаагаасаа өөр болно. Өснө, дэвжинэ" гэж зорилго тавьж бичсэн байдаг юм. Эргээд харахад жилийн дараа яг тэр үеэсээ амжилтын хувьд, эсвэл хувь хүнийхээ үүднээс хөгжиж, дээшилж чадсан байгаа нь хамгийн сайхан санагддаг. Тэр л миний өөрчлөлт байх. Амжилт…Өчигдөр хийж чадаагүйгээ өнөөдөр хийж чадвал тэр миний амжилт болов уу.
-Намбаа юуны орд вэ?
-Загас.
-Загасны ордныхон бусад ордын шинж чанарыг их, бага хэмжээгээр агуулсан байдаг гэдэг байх аа?
-Тэгдэг.
-Гэхдээ, жаахан таагүй тодорхойлолт нь надад илүү тод санагдаад байна. Урсгал сөрөхөөсөө илүү урсгал дагаж хөвдөг, зан ааш нь зөрчилтэй гэдэг ч юм уу?
-Үгүй байх аа. Харин ч сайн хүмүүс байдаг ш дээ. Загасны ордод төрсөн ямар бөхчүүд байдгийг би нэг сонирхож үзсэн юм. Тэгсэн олимпийн хошой, дэлхийн таван удаагийн аварга А.Сайтиев, олимпийн аварга М.Алиев, Хакухо М.Даваажаргал гээд гурван мундаг бөхтэй би нэг өдөр төрсөн юм байна лээ. Гоё л санагдаж байсан. 2004 онд Болгарт явж байгаад нэг зурхайчтай таараад юм асуусан чинь "Чи их гоё өдөр төрсөн юм байна" гэж хэлсэн нь одоо ч сайхан санагдаад байдаг юм. Төрсөн өдрийн төөрөг гэж нэг юм байдаг байх аа. Хүний амьдралын түүх, хувь тавилан тэр өдрөөс л эхэлдэг шүү дээ.
Б.Бадамгарав. /2008.0 1 .24/