-Даацын хана хэзээ нурсан юм бэ. Тухайн орцонд хэдэн айл амьдардаг юм бол?
-Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны III байрны I орцны нэг давхрын шатны хонгилын даацын хана нурсан тухай мэдээлэл ням гаригийн өглөө ирсэн. Манай ажлын хэсэг газар дээр нь очиж шалгахад, нэг давхрын даацын 64 хананы нэг эгнээ нурсан байсан. Тус орцонд 12 айл амьдардаг юм билээ.
-Олон жил болсон барилга уу. Одоо тэр 12 айлын оршин суугчдыг хаана байлгах вэ?
-Тус орцны 12 өрхийн 53 иргэнийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр иргэдийг нүүлгэсэн. Тэд ах дүү, найз нөхдийндөө амьдарч байгаа.
-Очих газаргүй иргэд байгаа гэж дуулсан. Тэднийг хаана байлгах вэ?
-Байранд амьдарч байсан 53 иргэнээс 10 нь өөр очих газар байхгүй гэж мэдэгдсэн. Тиймээс тус хороонд байрлах “АБ” зочид буудалд байлгахаар боллоо. Ямар ч байсан тус байранд хүн амьдрах боломж байхгүй. Нурах магадлал маш өндөр байна. Энэ байшин 1960 оны барилга. Өвөлдөө газар хөлдөхөөр хөрс нь овоочихдог. Зундаа суулт өгч, доод давхарын тоосго нь хөгцөрч муудсан байдаг юм билээ.
Х.Хангал