Монголын соёлын өдрүүд Москвад нээгдэв

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Монголын соёлын өдрүүд Москвад нээгдэв

Монголын соёлын өдрүүд Москвад эхэллээ. Түүний албан ёсны нээлтийн ёслол Их театрын шинэ тайзнаа хийгдлээ.

“Хөх тэнгэрийн орон” гэж нэрлэгдсэн Монгол Оросын нийслэлд шилдэг  жүжигчид ба хамтлагаа ирүүлжээ. Энэ орны уламжлал, агуу түүх, соёлтой үзэгчид бололцооны хирээр танилцана гэж ОХУ-ын Соёлын сайд Александр Авдеев ярив.  Манай хоёр ард түмэн нягт холбоотой, Дэлхийн II  дайны үеэр Монголын дайчид фашизмыг ялахад идэвхтэй тусалсан гэж сайд онцолсон байв.

Монголын Боловсрол, шинжлэх ухаан ба соёлын сайд Ёндонгийн Отгонбаяр өөрийн ээлжид тэмдэглэхдээ арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Москвагийн “Иллюзион” кинотеатрт  Монголын киноны наадам нээгдэж байгаа ба гэрэл зургийн үзэсгэлэн, хүүхдийн зургийн үзэсгэлэн ажиллана гэлээ. Үүний зэрэгцээ 16-ны өдөр Москвад, 18-ны өдөр Санкт-Петербург хотноо Монголын үндэсний хөгжмөөр голон жааз  хөгжмийн урлагийг үзүүлдэг Arga Bileg гэдэг этно-жааз хамтлагийн тоглолт болно.

Их театрт энэ даваа гаригт болсон концерт нь Монголын өвөрмөц урлагт  зориулагдсан ба үзэгчид алдартай хөөмий, үндэсний хөгжим морин хуурын дууг сонсон уламжлалт бүжгийг нь харлаа. Монголын хөгжимчид "Как молоды мы были" гэсэн орос дууг тоглон сонирхуулсан байна.

Энэ сарын 19 хүртэл үргэлжлэх Монголын соёлын өдрүүдэд 90 гаруй жүжигчид оролцож байгаа ба уг арга хэмжээ нь хоёр орны Засгийн газар хооронд 2008 онд байгуулсан Соёл, шинжлэх ухаан, боловсролын салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байна гэж ИТАР-ТАСС агентлаг дамжуулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж