
Монгол, Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж, Засгийн газар, яамд, нийгмийн салбаруудын хүрээнд үр бүтээлтэй хамтран ажиллаж буйг УИХ-ын дарга уулзалтын үеэр тэмдэглээд цаашдаа боловсролын салбарт харилцаагаа улам өргөтгөх нь чухал ач холбогдолтой юм. Учир нь дээд боловсролын салбар өндөр хөгжсөн, сургалтын түвшин сайтай БНСУ-д оюутан залуусаа сургах, тус улсын орчин үеийн техник, технологиос суралцахыг монголчууд чухалчилдаг юм гэдгийг онцлов.
Эртний Солонгосын гурван улсын үед цэргийн нэгэн нэрт жанжны санаачилгаар байгуулагдсан Ханмин их сургууль нь үзэсгэлэнт байгалийн дунд оршдог, нийтдээ 90 мянган га талбайтай. Сургуулийнхаа дэргэд Солонгос-Монголын соёлын хотхон байгуулж хоёр орны түүхийн харилцаа, соёлын нийтлэг адил төстэй талуудыг сурталчлах, мөн монгол сурын харваа, морин спортын төв байгуулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ үндсэн дээр Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах, хоёр талын хөгжлийн байгууллагуудтай хамтран Солонгосын “Шинэ тосгон” хөдөлгөөнийг Монголд өрнүүлэх, түүнчлэн цөлжилттэй тэмцэх үүднээс Монголын говийн бүсэд мод тарих ажлыг хамтран хэрэгжүүлэх түншээ судалж сонгох зорилготой ирснээ ноён Чо Жон Сан хэллээ. Шинээр байгуулах Солонгос-Монголын соёлын хотхондоо Дархан-Уул, Хэнтий аймгийн оюутан залуусыг солилцооны шугамаар сургаж дадлагажуулах, цөлжилттэй тэмцэх ажлыг нэг удаагийн арга хэмжээ биш мод тарих, арчилж тордох асуудлыг байнгын болгож хамтад нь шийдэхийг эрмэлзэж буйгаа дурьдав.
УИХ-ын дарга солонгос зочдын энэхүү санал санаачлагыг талархан дэмжиж буйгаа илэрхийлээд энэ төслийг ажил хэрэг болгох нь хоёр орны харилцаа, тэр дундаа иргэд хоорондын харилцаа, итгэлцлийг өргөжүүлэх, соёлыг сурталчлахад ихээхэн нэмэр тустай үйлс болно гэдэгтт итгэж буйгаа хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.