
Өнгөрсөн хавар Монголын 2000 орчим компани “Монгол 999 Үндэсний Нэгдэл” гэх нэгдлийг байгуулсан нь түүхэн дэх хамгийн том нэгдэл болсон юм. Таван толгойн орд газрыг гадаадынхантай хуваан эзэмшиж, монголчуудад эдийн засгийн үр ашиг нь бага байхаар хийгдсэн Засгийн Газрын төслийг тус нэгдэл зогсоож чадсан юм. Монголын ард түмэн хувьцаа хүртэх эрхтэй болсон нь чухамхүү үндэсний нэгдлийн дэвшүүлсэн хувилбар, гаргасан санаачлага билээ.
Өнгөрсөн долоо хоногт Монголын Засгийн Газрын урилгаар “Европын эдийн засгийн хөгжлийн зөвлөл”- ийн ерөнхийлөгч дагалдах хүмүүсийн хамт айлчилсан. Айлчлалын үеэр “Монгол 999 Үндэсний Нэгдэл”ХК ийн удирдлагуудыг тусгайлан авч уулзаж томоохон хөрөнгө оруулалтын санг хамтран байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэхүү хөрөнгө оруулалтын сангийн гол зорилго нь монголд өрнөх томоохон бүтэээн байгуулалтанд болоод жижигт тооцогдож буй орд газруудад хөрөнгө оруулах явдал юм.
“Монгол 999 Үндэсний Нэгдэл” ХК нь хөрөнгө оруулалтын сан бий болгоод зогсохгүй “Таван толгой”-н кокосжих нүүрсэнд түшиглэн кокс химийн үйлдвэр барих ажиллагааг эхлүүлээд байна. 1865 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй дэлхий дахинаа танил болсон PAUL WURTH компанитай хамтран кокс химийн үйлдвэр барих санамж бичигт гарын үсэг зурж харилцан ойлголцсоноо баталгаажууллаа. Үндэсний Нэгдэлтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн тус компанийн тухай мэдээлэл болгож цухас дурдъя. 1865 оноос барилгын төмөр хийц болоод бойлерийн тоног төхөөрөмж үйлдвэрлэж байгаад 1891 онд барилга байгууламжийн төмөр хийх, ялангуяа ган цутгах ажил эхлүүлэн бизнесээ өргөтгөжээ. Үйл ажиллагаа нь зуун дамжин амжилттай өргөжсөөр 1945 онд Англиас босоо зуух барих лиценз авч чадсан байна. Тус компани нь босоо зуух болон кокс химийн үйлдвэрээр дэлхийд тэргүүлэгч, хүлээн зөвшөөрөгдсөн компани юм. Тайвань,Солонгос, Герман, Итали,Энэтхэг, Бразил, Орос гээд нийт 44 улс орнуудад хамтран ажилладаг төлөөлөгчийн газруудтай. Нийт 6953 технологийн патент эзэмшдэг компани юм.
2009 оны статистикийн тоо баримтнаас үзвэл Монгол улс 13 сая тонн нүүрсийг ямар ч нэмүү өртөг шингээлгүй, түүхийгээр нь экспортлосон байна. Эх орны баялагыг түүхийгээр нь борлуулах нь ямар их хор хөнөөлтэй байдаг тухай хангалттай мэдээлэл бидэнд бий. Тиймээс “Монгол 999 Үндэсний Нэгдэл”ХК энэ орон зайг нөхөх үүднээс кокос химийн үйлдвэрийг Paul Wurth компанитай хамтран барих гэж байна. Кокос химийн үйлдвэр байгуулахын зэрэгцээ дагалдах олон үйлдвэр бий болох боломж нээгдэх юм. Үндэсний Нэгдэл төмөрлөгийн үйлдвэр барих төсөл ч бэлтгэж байгаа юм байна.
“Монгол 999 Үндэсний Нэгдэл” ХК “Европын эдийн засгийн хөгжлийн зөвлөл”- тэй хамтран хөрөнгө оруулалтын сан байгуулж, кокос хими, төмөрлөгийн болоод бусад дагалдах үйлдвэрүүдийг ашиглалтанд оруулж дэлхийд өрсөлдөх хэмжээний томоохон компани болох бүхий л боломжийг бүрдүүлж байна.