С.Баяр албандаа ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

С.Баяр албандаа ирлээ

УИХ-ын гишүүн, МАХН-ын дарга С.Баяр албандаа ирлээ. Зөвхөн энэ л өнөөдрийн хувьд хэвлэлүүдэд хангалттай гол мэдээ болж байна. Өнгөрсөн бямба гаригийн орой БНСУ-аас Улаанбаатарт ирсэн түүний үнэхээр “ирсэн” эсэхэд итгэлтэй өгөх хариу бол түүнийг “амьдаар нь харах” явдал байсан юм.  Тэрбээр өчигдөр үдээс өмнө хуралдсан МАХН-ын бүлгийн хуралдаанд суусангүй. Гэхдээ л Төрийн ордонд С.Баяр ирнэ гэсэн хүлээлт сэртхийсэн бүхнийг анадаг сэтгүүлчдийг төдийгүй УИХ-ын гишүүд, Засгийн газрынхныг ч “бэлэн байдал”-д оруулав. Энэ бүхэн С.Баяр бол өнөө цагт ховордсон том лидер гэдгийг цаагуураа хэлээд байлаа.

Эхлээд С.Баяр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхээр намынхаа бүлэгт мэндийн үг дайлгажээ. “Миний биеийн байдал сайн. Эрүүл мэнд хэвийн байна. УИХ-ын гишүүний үүрэгт ажилдаа орно. МАХН-ын бага хурлыг хэзээ товлохыг Удирдах зөвлөлөөр шийднэ” гэсэн түүний үгсийг У.Хүрэлсүх дарга УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүдэд илтгэсэн байна. Ингэснээр ямар боловч УИХ-ын эрхэм гишүүн С.Баяр энэ хаврын чуулганаас эхлэн төрийн түшээгийн албаа үргэлжлүүлэх нь тодорхой боллоо.

С.Баярыг Ерөнхий сайдын үүрэгт ажлаасаа сайн дураараа буусны дараа түүнд Төрийн ордны гуравдугаар давхар дахь Соёмбо танхимыг албан тасалгаа болгон гаргаж өгсөн юм. Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн цогцолбор ашиглалтад орохоос өмнө төрийн ёслолын бүх үйл ажиллагаа болж, гадаадын төр, засгийн тэргүүнүүд, Элчин сайд нарыг хүлээж авч, бас төрийн одон медаль гардуулдаг байсан тэр Соёмбо танхим шүү дээ. Тэр өрөөг өнгөрсөн баасан гаригийн орой онгойлгож МАХН-ын Удирдах зөвлөлийнхөн түр хуралдаад гарсан. Тэгэхэд л С.Баяр ирэх дөхжээ гэсэн таамаглал Төрийн ордонд дуулдаж байсан юм.

, орой ч гэж хэлж болох 16.30 цагт тэрбээр өрөөндөө хүрч ирэв. Ялимгүй турж, буурал сор суусан үс нь үл мэдэг шингэрснээс өөр түүнд онцын өөрчлөлт алга. Дотуураа ноосон цамц өмссөн саарал өнгийн костюмтай С.Баяр дарга бие хамгаалагчидтайгаа сэвэлзтэл алхсаар өрөөндөө оров. Энэ нь “Би их улс төрдөө эргэж ирлээ” гэж зарласан хэрэг байв. Үүний өмнө мөнөөх сандралдаад байсан Засгийн газрынхантайгаа уулзжээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар нэлээд тэвдүү байсан, тэдний өрөөгөөр орсон бололтой. Тэгээд албан өрөөндөө ирж тэнд хүлээж байсан У.Хүрэлсүх даргатай уулзаж, намын ажлаараа хэдхэн үг сольжээ. Тэндээсээ шууд Төрийн ордноос гарч явсан юм.

С.Баяр дарга ирснээр их улс төр хөдөлгөөнд орох нөхцөл бүрдэв. Иргэний хөдөлгөөнүүд амлалт нэхсэн, МАХН дотроо бужигнаантай, нийслэлийн хамгийн том дүүрэг болох Сонгинохайрханы МАХН-ын хорооны гишүүд намынхаа эсрэг хөдөлсөн, иймэрхүү дүр төрхөөр Монголын улс төр С.Баяр даргыг угтлаа. Түүнийг халуухан өдрүүд угтаж байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж