Байлдааны онгоцнууд арилжааны дээд амжилт тогтоож байна

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Байлдааны онгоцнууд арилжааны дээд амжилт тогтоож байна

Сүүлийн таван жилд худалдсан том оврын зэр зэвсгийн дэлхийн наймааны гуравны нэгийг байлдааны онгоцнууд эзэлж байна.

Гол наймаачин нь АНУ, томоохон худалдан авагч нь Энэтхэг, Арабын нэгдсэн эмират ба Израиль болж байна гэж илтгэлд өгүүлжээ.

Стокгольмын энх тайвны асуудал судлах олон улсын институт (SIPRI) 2005-2009 онд АНУ-341 (өмнөх таван жилд нь 286); Орос-219 (331); Франц-75 (58) онгоц худалдсан байна гэжээ.

Эдгээр онгоцнууд нь зөвхөн хамгаалалтын зориулалтынх бус, бүс нутагтаа зохих хэмжээний аюул заналхийлэл авчирч байна гэж Шведийн Засгийн газраас зарим нэг санхүүжилт авдаг бие даасан институт онцолжээ.

Судалгааг хийсэн хугацаанд АНУ, Орос, Хятад, Франц, Швед, Энэтхэг ба Япон бие дааж,  Герман, Итали, Испани ба Их Британи нь  Eurofighter консерциумын хүрээнд нийтдээ ердөө л 11 орон байлдааны онгоц үйлдвэрлэж байжээ. Харин худалдан авагч орнууд нь хамаагүй олон 44  хүрсэн байв.

Энэтхэг нийтдээ 115, Арабын нэгдсэн эмират улс 108, Израиль 82 онгоц тус тус худалдан авсан нь нийлээд онгоцны бүх наймааны гуравны нэгийг эзэлж байна. Бусад томоохон худалдан авагчид нь “олон улсын ихээхэн хурцадмал байдалтай” бүсүүдэд жигд байна гэж илтгэлд өгүүлжээ.

Хэдийгээр “байлдааны онгоцнуудыг хамгаалалтын зориулалтын гэж байгаа ч эзэмшигч орнууддаа хөрш орнуудын нутгийн гүнд бараг мэдэлгүйгээр цохилт өгөх боломжтой байгаа юм” хэмээн SIPRI-гийн зэвсгийн наймааг судлах хөтөлбөрийн удирдагч Симон Веземан (Siemon Wezeman) тайлбарлав. Тэрбээр 2007 оны есдүгээр сард Сирид цохилт өгсөн Израилийн агаарын цохилт, 2008 оны наймдугаар сарын дайнд Гүржийн эсрэг оросууд онгоц хэрэглэсэн байлдааныг санууллаа. “Байлдааны онгоцнуудыг худалдан авах нь тодорхой бүс нутагт байдлыг бусниулах аюултай” гэж тэрбээр нэмэн хэллээ.

Илтгэлд  тэмдэглэснээр “баллистик пуужин ба далавчит пуужинг цөмийн болон өөр үй олноор хөнөөх зэвсгийг зөөх чадвартай гээд худалдааг нь хангалттай хянадаг мөртлөө цөмийн зэвсгээр цэнэглэж болох өндөр технологийн онгоцнууд, агаар-газар ангиллын пуужингийн наймаанд ямар нэгэн хяналт алга” гэдгийг онцолсон байна.

Экспортлогч орнуудын хувьд орчин үеийн тийрэлтэт онгоц 40 сая  ам.долларын үнэ хүрч байгаа учраас энэ нь маш ашигтай бизнес гэж SIPRI институтын шинжээчид дүгнэж байна. Тиймээс онгоц үйлдвэрлэгчид наймааны шинэ гэрээ хэлцэл байгуулах сонирхол ихтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж